Ахуйн үйлчилгээний бизнес эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн боллоо
2013/03/19
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас ахуйн үйлчилгээний бизнес эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр ахуйн үйлчилгээний бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудал, өнөөгийн байдал, цаашдын зорилт болон жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдэд хүргэх төрийн үйлчилгээ, баримталж буй бодлогын талаар Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн удирдах албаны мэргэжилтнүүд болон дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн оролцож илтгэл тавилаа. Бизнес эрхлэгчдийн хүсэлтийг харгалзан санал асуулгын дүнд дараах шийдвэрүүдийг гаргаж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар 2013 онд хэрэгжүүлэхээр болсон байна.
Захын гэр хороололд ахуйн үйлчилгээний цогцолбор төв, бичил бизнес эрхлэгчдийг дэмжин бойжуулах инкубатор төвүүдийг барих боломжит газруудыг тодорхойлон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах, хөрөнгө оруулалтыг дэмжих, ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхол бүхий бичил бизнес эрхлэгчдийг бүхий л талаар дэмжих, /Ажлын байрны түрээсболон санхүүгийн /ахуйн үйлчилгээг хөгжүүлэх, өргөжүүлэх чиглэлээр бичиж боловсруулсан төслийг жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлд түлхүү хамруулж, дэмжлэг үзүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, ажлын байрны тохижилт, стандартыг боловсронгуй болгоход анхаарч, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах, үйлчилгээний ажилтнуудын харилцааны болон үйлчилгээний соёлыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах, ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийг нэгдсэн мэдээллийн санд оруулж, бүртгэлжүүлэх, аж ахуй эрхлэх, ахуйн үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтуудыг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах, мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулахаар болжээ.