Зөрчлийн тухай хуулийн цоорхой-Биеэ үнэлэлт
2018/05/14
Монгол улсад өнөөдөр хичнээн биеэ үнэлэгч байгааг мэдэх боломжгүй болсон. Шалтгаан нь ердөө л өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хууль. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хууль биеэ үнэлэлтийг өөгшүүлсэн гэж хэлж болохоор хуулийн хариуцлага хүлээдэг болсон.
2002 оны Эрүүгийн хуулиар биеэ үнэлэлтийг гэмт хэрэгт тооцож 7-30 хоног баривчилдаг байв. Харин өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулинд энэ заалт “устгагдсан”. Улмаар Зөрчлийн тухай хуульд ердөө л торгоод өнгөрөөх тухай заалт оруулсан байгаа юм. Хэрвээ биеэ үнэлэх юм бол ердөө л 50 000 төгрөгөөр торгуулна. Харин биеэ үнэлэлтийг зохион байгуулж, дэмжсэн этгээдийг 100 000 төгрөг, хуулийн этгээдийг 1 000 000 төгрөгөөр торгоод өнгөрдөг. Хэдэн ч удаа торгуулж болно. Давтан үйлдсэн гэдгээр “ял” хүндрэхгүй. Биеэ үнэлээд баригдах бүртээ л 50 000 төгрөгөөр л торгуулна.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлд Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийг зөрчих зааж өгсөн байдаг.
6.18.4 Биеэ үнээн бусадтай бэлгийн харьцаан орсон, эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавн нэгжтэй (нэг нэгж нь 1000 төгрөг) тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
6.18.7 Өөрийн эзэмшлийн байр, газарт биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд зуучилсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.
Чухам дээрх хоёр заалтаас болж өнөөдөр биеэ үнэлэлт ил хэлбэрээр далд хэлбэр рүү шилжиж байна. Биеэ үнэлэлт далд хэлбэр рүү шилжсэнээр нийгэмд учирч байгаа хор хохирол нэмэгдэж, энэ хэмжээгээр БЗХӨ, гэр бүл салалт, гэмт хэргийн золиос болох зэрэг олон сөрөг тал үүсч байна. Улмаар биеэ үнэлэгч нарын арга нь хүртэл нарийсч байр түрээслэн цагаар үйлчилгээ үзүүлэх, саун массажид нэмэлт үйлчилгээ үзүүлэх, зочид буудалд амьдрах болсон байна.
Нийгэмд учирч буй хор хохирол, болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор цагдаа нар ажилладаг. Ажиллахдаа 7-14 хоног мөрдөж багаараа ажиллан биеэ үнэлэлтийг байнга илрүүлдэг. Өөрөөр хэлбэл асар их ажил болж илэрүүж байхад, биеэ үнэлэгчид хурдан торгуулчихаад явмаар байна гэж “даналздаг”. Тэдний хувьд нэг удаагийн үйлчилгээний мөнгөөр торгуулиад өнгөрөх нь амар байдаг бөгөөд ажил хийх сонирхол огт байдаггүй. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хууль батлагдсанаар цагдаагийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж, биеэ үнэлэлтийг өөгшүүлж байгаа юм.
Өмнө нь эрүүгийн хуулиар хариуцлага тооцдог байхад буюу 7-30 байхад биеэ үнэлэгч нарын тоог цагдаа нар багцаагаар гаргаж, эрсдэлээс сэргийлэх боломжтой байсан. Харин зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр биеэ үнэлэгчээр үйлчлүүлээд БЗХӨ авсан болон эд зүйлээ хулгайд алдсан хүмүүсийн тоо өссөн байдаг.
Манай улсын хэмжээнд сүүлийн таван жилийн байдлаар бэлгийн замын халдварт өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа. Үүн дотор тэмбүүгийн өвчлөл өсч байна. 2001 онд тэмбүү өвчний тархалт 10 мянган хүн амд 7,2 хувьтай байсан бол 2013 онд 22,2 хувьтай болж өссөн үзүүлэлт гарсан. Улсын хэмжээнд 2013 оны байдлаар нийт халдварт өвчний 40 хувийг бэлгийн замын халдварт өвчин эзэлж байгаа. Голдуу 16–45 насны хүмүүс буюу бэлгийн идэвхтэй амьдралтай иргэдийн дунд тархалт өндөр байна.
Биеэ үнэлэлт далд хэлбэрт орж байгаа нэг жишээг хүргэе.
Таны харж байгаа энэ байр БЗД-т байрладаг. Тогтмол орлоготой байхыг хүссэн иргэн байраа түрээслүүлсэн. Гэвч түрээслэгч нь нэг хүн биш нилээн хэдэн биеэ үнэлэгч. Тэд өглөө 9-10 цагт энэ гэрт ирж үйлчлүүлэгчид үйлчилнэ. Ажил тарах цагаар гэртээ харина. Өдөрт цөөнгүй хүнд үйлчилдэг байна.
Биеэ үнэлэгч н.Н: “Номин”, “Говь”-д ажиллаж байсан ч цалин бага болохоор гараад биеэ үнэлэх болсон
Би нэг хүүхэдтэй. Биеэ үнэлэхгүйгээр ажил хийе гэхээр цалин нь бага. Хүүхдээ тэжээнэ, олон дүүтэй бас хоёр зээлтэй. Байрны зээл 15 жилээр аваад, сард 500 000 төгрөг төлдөг гэхээр надад их хэмжээний мөнгө хэрэгтэй. Яг энэ байрыг гурвуулаа нийлж түрээсэлдэг. Сард түрээсэнд 800 000 төгрөг төлдөг. Бид гурав энд хонодоггүй, өдрөөр л үйлчилдэг. Биеэ үнэлэхгүй байя гэхээ ажил олдоггүй. Олдож байгаа нь аягүй бага. Би Номин, Говь ХК-д өмнө нь ажиллаж байсан. Байнгын үйлчлүүлэгч байдаггүй. Зараар л ирдэг. Бид нар тогтмол шинжилгээнд хамрагдаг. Бэлгэвчгүй бэлгийн харьцаанд ордоггүй. Энэ байранд биеэ үнэлж байгааг байрны эзэн мэдэхгүй. Хэрвээ мэдэх юм бол хөөх байх.
Энэ бол биеэ үнэлэлт далд хэлбэрт орж, хуулийн хариуцлагыг зөөллөсөнтэй холбоотойгоор гарч байгаа нийгмийн сөрөг үзэгдэл. Өнөөдөр биеэ үнэлэлттэй цагдаа нар л тэмцэж байгаа болохоос нийгмээрээ тэмцэхгүй байгаа. Хэрвээ нийгмийн энэ сөрөг үзэгдэлтэй тэмцэхгүй бол биеэ үнэлэгчээр үйлчлүүлж байгаа иргэн машин, хөөрөг, мөнгө эд зүйлсээ алдсаар байх болно.
Манай урд болон хойд хоёр хөрш зөвшөөрөгдсөн газар л биеэ үнэлэхийг зөвшөөрдөг. Харин зөвшөөрөгдөөгүй газар биеэ үнэлэлтийг гэмт хэрэг гэж үзэн хариуцлага тооцдог. Зөвшөөрөгдсөн газар буюу ягааны гудамжин дахь биеэ үнэлэгч нарыг бүртгэлжүүлж, тогтмол эмчийн үзлэгт хамруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлдэг. Харин манай улсад хуулийн ийм тогтолцоо байхгүй. Харин ч биеэ үнэлэлтийг дэмжсээр байгаад хууль санаачлах эрх бүхий хүмүүс, нийгмээрээ энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол таны нөхөр, ах, дүү ойр дотны хэн нэгэн чинь өвчинтэй нэгэн болж үр удмаа залгуулах боломжгүй, амьдралдаа хар толбо суулгах эрсдэл байгааг анхаарна уу.