Стандартыг “хянагч”-дад эрхийг нь өгөөсэй
2018/06/04
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн яг өмнө унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлагын стандартыг баталсан.
Тодруулбал, Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг чиглэл өгснөөр өнгөрөгч пүрэв гарагт Стандартын үндэсний зөвлөл хуралдаж, “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS56264:2018 стандартыг баталсан байна.
Энэхүү стандартыг хурдан морины уралдаанч хүүхдийн эрүүл мэндийн асуудал, гэмтэл, бэртлийн судалгаа, шинэчлэхээр зорьж буй стандартын шинжлэх ухаан техникийн төвшинг олон улс, бүс нутгийн болон гадаад орны ижил нэрийн дэвшилтэт стандартын түвшинтэй харьцуулсан судалгаа, эл стандартыг хэрэглэгчдийн сонирхол, нийгмийн шаардлагад тохирч буй эсэх зэрэг олон судалгааг орон даяар явуулж дүнг нэгтгэсний эцэст боловсруулсан гэж байгаа. Үндсэндээ уралдаанч хүүхдийн хамгаалалтын малгай, хантааз, гутал, бээлий зэрэг хувцаст тавигдах мөрдпөг тодорхой болсны дээр шаардпага илүү нарийссан аж.
Тэгэхээр урин дулаан цагт болдог морин уралдаануудад уралдаанч хүүхэд бэртэж, гэмтэхгүй гэх баталгаа хэр байгаа бол. Энэ бол анхны стандарт бус.
Өмнө нь тодорхой стандарт байсан. Түүнд мэдээж хурдан морь унаач хүүхдийн уралдаан болон бэлтгэл сургуулилтын үед өмсөх малгай, нүдний шил, цээживч, өвдгөвч, тохойвч, гутал, эмээл, хазаар, ташуурт тавих шаардлагыг тогтоож, 2011 оны зургаадугаар сарын 23-ны тогтоолоор баталж, 2012 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан байдаг. Түүнээс хойш мөрдөж ажиллахыг жил бүр морин спорт уяачдын холбооноос уяачдад анхааруулсаар ирсэн.
Гэсэн ч мөрдөж, хэрэгжүүлсэн нь хэр байсан бол гэдэг нь уралдаан болгонд бэртэж, гэмтсэн хүүхдүүдийн тооноос эрхгүй харагдана. Хамгийн сүүлд л гэхэд энэ оны гуравдугаар сард болсон "Дүнжингарав-2018" уралдааны үеэр үеэр 11 хүүхэд бэртэж гэмтсэн. Үүнээс өмнө "Дүнжингарав-2017" уралдаанаар 50 гаруй хүүхэд мориноосоо унаж бэртснээс нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ нь стандартыг аль эртнээс баталсан ч хэрэгжүүлэх шатанд алга болчихоод байгааг харуулаад байгаа юм.
Өнгөрсөн тавдугаар сард Баян-Өлгий аймагт болсон "Монгол уяач-3000" зөвлөлгөөний үеэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжпийн газрын улсын байцаагч “ихэнх уралдаанд хүүхдүүд хамгаалалтын хувцасгүй, зарим нь роликийн зориулалттай өвдгөвч, тохойвч зэрэг шаардлага хангахгүй хувцастай оролцдог. Цаашид уяачид стандартад нийцсэн хувцастай болгох асуудалд онцгой анхаараач” хэмээж байсан. Энэ бол өнөөх унаач хүүхдүүдийн хувцасны стандартад хяналт тавих ёстой хүмүүсийн нэг л дээ.
Харамсалтай нь энэ стандартыг хэр хангаж байгааг шалгах, хэрэгжүүлэхэд хүндрэл үүсдэг талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд хэлдэг. Учир нь тус газарт ихэнхдээ эмэгтэйчүүд ажилладаг. Гэтэл уяачдын хувьд аливаа уралдааны өмнө /тэр тусмаа улсын баяр наадмын өмнө/ гал болон гарахаараа эмэгтэйчүүдийг ойртуулах дургүй, хөөх нь энүүхэнд хэмээн хяналт тавихаар очсон зарим мэргэжилтэн нь хэлж байсан. Тэд “Хөдөө хээр стандарт шаардлага яриад очихоор бүдүүн, бүдүүн ташуур барьчихсан эрчүүд хэл амаар доромжилж, нохойгоо сул тавих нь их байдаг. Тэгэхээр үнэндээ сунгааны үеэс яг уралдааны үе хүртэл стандарт шаардлагын талаар ярихаар очно гэдэг тун хэцүү” хэмээж байсан.
Тэгэхээр хэчнээн нарийн чанд стандарт байлаа гээд хэрэгжүүлэх шатандаа очоод хэнбугай ч үл тоох хэмжээний цаасан дээр хараар бичсэн бичиглэл болж үлдэх юм биш байгаа гэдэг эмзэглэл эрхгүй төрж байна. Аливаа морин уралдааны дараа яг л ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр олон нийт тэдэн хүүхэд унаж, бэртсэн, зэрлэгүүдийн наадмаа боль, зогсоо гэх мэтээр цахим орчинд хурууныхаа бядыг уралдуулан байж бичихээс хэтэрдэггүй. Тиймээс нэгэнтээ баталсан стандартыг хэрэгжүүлье гэж байгаа бол хяналт тавьж байгаа байцаагчид болон мэргэжилтнүүдэд эрхийг нь нээлттэй олгож баймаар.
Өглөөний сонин
Б.Төгөлдөр