ТЕГ: Интернет ТРОЛЛУУДААС сэрэмжил
2018/06/05
Троллинг буюу интернэт тролл нь цахим сүлжээний харилцааны соёлын хэм хэмжээг зөрчиж бусдын харилцаа, танин мэдэхүй, мэдлэгийн солилцоо, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулах, ярианы сэдвээс хазайж уншигчдын сэтгэл хөдлөлийг ашиглан талцуулж, маргаан үүсгэж буй үйлдлийг хэлнэ.
Троллинг бүр өөрийн онцлог шинж чанартай, үйлдэх зорилго, шалтгаан нь ялгаатай байдаг бөгөөд хувь хүн, олон нийт, хэсэг бүлэг хүмүүс рүү чиглэдгээрээ онцлогтой. Троллингийг дурын хэн нэгэн ихэвчлэн “youtube”, блог, форум, и-мэйл, фэйсбүүк, твиттер, мэдээний сайт зэрэг олон нийтийн сүлжээгээр коммент бичих хэлбэрээр хийдэг байна.
Сүүлийн үед троллингийг улс төрийн хүрээнд ихээр хэрэглэж байна. Интернэт орчинд нийтлэл, хэлэлцүүлэгтэй холбоогүй зүйлийг бичих, санаатайгаар хэн нэгнийг өдөөн хатгах зэргээр улс төрийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Түүнчлэн улс орнуудын засгийн газар, бүлэглэл болон байгууллагууд өөрийн ашиг сонирхлын хүрээнд олон нийтийн санааг эргүүлэх, мэтгэлцүүлэх зорилгоор ашиглах болоод байна.
Харвардын Их Сургуульд хийсэн судалгаагаар БНХАУ–ын “wumao dang” буюу “50 центнам” гэх нэртэй коммент бичдэг хүмүүс Хятадын Коммунист намын үйл ажиллагааг дэмжиж жилд дунджаар 448 сая пост олон нийтийн сүлжээнд нийтэлдэг гэжээ. Тэд захиалгаар бүх нийтийн амралтын үеэр олон нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулагдахаас урьдчилан сэргийлэх үүднээс үндэсний уламжлал болон уур амьсгалыг зөөлрүүлэхэд чиглэсэн утга агуулга бүхий постуудыг нийтийн сүлжээнд бичдэг байна. Хятадын эрх баригчид “Глобал таймс” төрийн сэтгүүлд энэхүү үйл ажиллагааг болон цахим орчинд явуулж буй цензурийг өмгөөлж хамгаалсан байр сууриа илэрхийлсэн байдаг.
Монгол Улсад “троллинг” илэрч буй байдал:
Дээр дурдсан улс орнуудын жишээнээс харахад троллингийг аливаа эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн санаа бодлыг тайвшруулах, террорист бүлэглэлийн эсрэг суртал ухуулга хийх гэх мэт эерэг зорилгоор ашиглахаас гадна улс төрийн өрсөлдөгчийнхөө эсрэг худал мэдээлэл тараах, нийгэмд зориудаар эмх замбараагүй байдал үүсгэх зорилгоор мөн ашиглаж байна.
Манай улсын хувьд олон нийтийн сүлжээгээр дамжуулан олон нийтийн санаа бодолд нөлөөлөх, нийгмийн уур амьсгалыг удирдан залах нөхцөл бүрэлдсэн болох нь холбогдох судалгаанаас харагдаж байна.
Тухайлбал, 2017 оны байдлаар манай улсын цахим орчны хэрэглээ 2,6 саяд хүрсэн байхад “Натхауз Крейтив” сошиал медиа маркетинг агентлагийн гаргасан судалгааны дагуу фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2017 онд 1,7 сая байсан бол 2018 оны 2 дугаар сарын байдлаар 2,1 саяд хүрчээ. Монгол Улсад фэйсбүүк хэрэглэгчдийн 66 хувь нь 18-34 насныхан байна. Мөн 2018 оны 2 дугаар сарын байдлаар нийт фэйсбүүк хэрэглэгчдийн 52 хувийг эмэгтэй, 48 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.
Үүнээс харахад цахим орчноор түүн дотроо фэйсбүүкээр дамжуулан нийгмийн гол хөдөлгөгч хүч болох залуучуудад чиглэсэн аливаа нөлөөллийн ажлыг хийж болох боломж бүрдсэн болох нь харагдаж байгаа бөгөөд энэ ч сүүлийн үед гарсан хэд хэдэн тохиолдлоор батлагдаж байна.
Жишээлбэл, Фэйсбүүкийн “оффшор!!!” групп 294 000, “Утааны эсрэг ээж аавууд” групп 158 000 гишүүнтэй бол “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын албан ёсны групп” 7 хоногийн дотор 414 000 гишүүнтэй болжээ.
Эдгээр группэд нэгдэгсдийн дийлэнх нь 18-34 насныхан байгаа юм. Цахим хуудсанд зураг оруулах, пост бичихэд хэдэн зуугаас хэдэн мянга, хэдэн арван мянган лайк цуглардаг байна. “Дахин тэвчихгүй хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаал”-д оролцсон иргэдийн гарын үсгийн тоо 15590-д хүрсэн нь нийгэмд хөндөгдөж буй халуун сэдвээр олон нийтийн сүлжээгээр бүх нийгтийг хамарсан аливаа арга хэмжээнд уриалахад ихээхэн үр дүнтэй болохыг харуулж байна. Сошиал сүлжээ нь сайн санаа агуулж нийгэмд тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой хүчтэй хэрэгсэл хэдий ч өөр санаа агуулсан хүмүүс санаатай болон санамсаргүйгээр нийгмийн сэтгэл санааг зохиомлоор тогтворгүй болгож, энэ нь даамжирч эмх замбараагүй, нийгэмд аюултай байдалд хүргэх эрсдэлтэй юм.
Далд санаа зорилго агуулсан аливаа этгээдүүд нь ард иргэдийн эх орон, үр хүүхэд, гэр бүлээ гэсэн сэтгэл, амьжиргааны тогтворгүй байдал, ядуурал, ажилгүйдэл гэх мэт нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудад дөрөөлөн бухимдсан ард иргэдийг талцуулах, улмаар улс төрийн тогтворгүй байдал үүсгэн өөрсдийн хувийн ашиг сонирхолдоо нийцсэн нөхцөл байдал үүсгэхийг зорьдог.
Энэ нь цаашлаад нийгэмд хавтгайрсан үл итгэлцлийг бий болгож, үнэн худлын ялгаа арилж, бодит мэдлэг, мэдээлэлгүй, хаашаа нь ч жолоодож болох их массыг бий болгох эрсдэлтэй байна.
Иймд цаашид улам бүр нэмэгдэх цахим хэрэглээ, олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийгмийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх эрсдэл нэгэнт бодит зүйл болсныг харгалзан, ард иргэдийн зүгээс энэхүү аюулын хор хөнөөлөөс ангид, өртөхгүй байх тал дээр анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
ЭХ СУРВАЛЖ: ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР