С.Амарсайхан: 100 айл орчмын ил задгай худалдааг зогсоосон
2018/06/05
Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан болон 100 айлын барилгын материалын зах, худалдааны төвийн асуудлыг судлах ажлын хэсэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Дүүргийн газрын албаны төлөөлөгчид 100 айл дахь барилгын материалын зах болон төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа.
Тэрбээр “100 айл орчмын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг барилын үйлдвэрүүд удаан хугацаанд зөрчсөөр ирсэн. Энэ асуудлыг шийдэхээр бид олон талт ажил өрнүүлж байна. Юуны түрүүнд ил зайдгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоосон
Мөн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдсан хор хөнөөлтэй үйлдвэрлэл эрхэлж буй байгууллагын үйл ажиллагааг зогсоох болно” хэмээв.
Энэ үеэр 100 айл орчимд худалдаа эрхлэгчид иргэд албаны хүмүүстэй уулзаж, санал бодлоо хэлэв. Иргэдийн хувьд нийслэлээс хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж байсан. Гэхдээ нүүлгэн шилжүүлж, тохижуулах ажлаа хурдан шуурхай хийхийг иргэд нийслэлийн удирдлага болон холбогдох албаныхнаас хүссэн юм.
Зарим иргэн “100 айл орчмын худалдаа эрхлэгчдийг биш Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Энэ хавийн түгжрэлийг үүсэгдэг гол буруутан нь бид биш төрийн байгууллага” хэмээн бухимдангуй өгүүлж байв.Уг ажлын хэсгийнхэн 100 айлын төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийн өнөөгийн байдлыг судлах явцдаа иргэдтэй уулзаж, мэдээлэл өгч байсан юм.
Тэд 100 айлын орчимд тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд 2018-2020 онд гурван үе шаттай ажил хийхээр төлөвлөж эхний хийг нь амжилттай хэрэгжүүлсэн байна.
Тухайлбал, хотын баруун болон хойд чиглэлд барилгын материалын худалдааны шинэ зах нээх ажлыг судлах ажлыг амжилттай гүйцэтгэсэн байна. Ийнхүү Налайх дүүргийн Барилгын материалын үйлдвэр комбинатад 100 айлд байрлах барилгын үйлдвэрүүдийг нүүлгэхээр болоод байгаа аж. 100 айлын төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийн ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга “100 айлын барилгын захыг ирэх есдүгээр сарын 1-нд бүрэн нүүлгэн шилжүүлнэ.
Үүний дараа энэ орчимд байрлах шаардлага хангахгүй хуучны барилгуудыг буулгаж, ерөнхий төлвлөгөөний дагуу барилгажуулах, шинэ худалдаа үйлчилгээний төв бий болгох зэрэг ажлыг дэс дараатай хийнэ. Нийслэлээс зохион байгуулж буй энэ ажилд иргэд идэвхтэй оролцож, үйл ажиллагааг нь дэмжин хамтран ажиллах нь юу юунаас чухал байгаа юм” гэв