Монголчуудын 30 хувь нь ямар ч шүтлэггүй
2018/06/06
“Монголын бурхан шашны өнөөгийн байдал” илтгэл хэлэлцүүлэг боллоо. Илтгэлийг Монгол Улсын ШУА- ийн Философийн хүрээлэнгийн шашин судлалын салбарын эрхлэгч доктор С.Цэрдэндамбатай хамтарч “Шашны төлөв байдал” гэсэн суурь судалгааны хүрээнд бэлтгэсэн байна. 2015-2017 онд хийсэн суурь судалгаанаас харахад Монголд одоогоор уламжлалт шашин буюу будда, тэнгэр уламжлалт шашин буюу бөө мөргөл, уламжлалт бус шашин-Христийн шашны олон урсгал, Христийн шашнаас гаралтай бусад шашин зонхилж байна.
Улсын хэмжээнд шашин шүтлэгийн хувь хэмжээг гаргахын тулд ШУА-ийн Философийн хүрээлэн МУИС-тай хамтран 1994 оноос эхлэн арав арван жилийн зайтайгаар “шашин шүтлэгийн төлөв байдал” гэсэн судалгааг хийж байгаа бөгөөд хамгийн сүүлд ШУА- ийн Философийн хүрээлэнгээс 2015-2017 онд судалгааг хийж одоогоор үр дүн гарах шатандаа явж байгаа юм.
1994 оны судалгаанаас харахад шүтлэгийн янз бүрийн хэлбэрүүд илэрч эхэлсэн ба нийт хүн амын 70-80 хувь нь ямар нэгэн шашин шүтдэг гэсэн байр суурь илэрхийлжээ. Үүнээс хойш хийсэн судалгаануудаас харахад 30 хувь нь шашин шүтдэггүй гэсэн байна. Судалгаанаас Буддын шашин шүтэх хүмүүсийн тоо хэмжээ тодорхой хэмжээгээр буурч бусад шашныг шүтэж байгаа хүмүүсийн тоо өсч байгаа байдал ажиглагджээ. Гэхдээ энэ судалгаа хүн бүрээс авсан судалгаа бус түүврийн аргаар хийсэн тойм мэдээлэл юм.
Б.ПҮРЭВДУЛАМ
unen.mn