Мал аж ахуйг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарах цаг болжээ
2018/06/08
Монгол мал төрийн хамгаалалтад байх ёстой. Гэвч энэ салбар аль хэдийнэ ард орхигджээ. Осолтгүй ХХААХҮЯ ажлаа хийж, малчид амьжиргааны эх үүсвэрээ алдахгүйн тулд мал сүргээ өсгөж байгаа болохоос төрөөс тодорхойлсон бодлого, чиглэл үнэндээ л байхгүй.
Өөрөөр хэлбэл, салбарын яам нь хамгийн бага төсөвтэй, улстөрийн сонирхлоос гадна орхигдож, ёстой л бор зүрхээрээ энэ салбарыг өөд нь татаж, урагшилж байгаа гэхэд маргах хүн гарахгүй биз ээ.
Уг нь 2016 онд Монгол Улсын малын тоо 70 орчим сая болж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам баяртайгаар зарлаж байсан. Харин өнөөдөр 50 сая руу орохдоо тулсан нь малын өвчлөл, ган зуд, чанаргүй тоон өсөлт, бэлчээрийн хомсдолтой холбоотой гэдгийг эрдэмтэн судлаачид анхааруулж байгаа.
Хатуухан хэлэхэд малчид тооны хойноос хөөцөлдөөд, үүлдэр угсаа, эрүүл мэндийг нь орхигдуулаад байна. Үнэнийг хэлэхэд монгол мал чанарын доройтолд орчихшо гэж хэлж буй хэрэг. Ингэж хэлэхийн учир нь халдварт өвчний гаралт ч жил ирэх тусам нэмэгдэж байгаа талаар малын эмч нар анхааруулах болов.
Шүлхий, боом, галзуу өвчин байсхийгээд л бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоодог боллоо. Өнгөрсөн жил л гэхэд 21 аймаг, нийслэлийн хэмжээнд боом, галзуу, цусан халдварт, листериоз, иж балнад, шөвөг яр, сохор догол зэрэг нийт 17 төрлийн мал амьтны халдварт өвчин бүртгэгдэв. Давхардсан тоогоор 406 суманд 729 удаа гарсан тухай Мал эмнэлэг үржлийн газрын тайланд бичжээ. Мөн улсын хэмжээнд таван сая гаруй мал өвчилж, сая орчим толгой нь хорогджээ.
Галзуу өвчин бүртгээгдээгүй аймаг алга. Бүх аймагт 225 удаа гарсан гэж тайланд бичсэн харагдана. Шүлхий өвчний голомт ч олон газар бүртгэгдэж, хонины цэцэг өвчин долоон газарт гарлаа гэсэн мэдээ ч байгаа.
Урьд нь огт гарч байгаагүй өвчин ч сүүлийн үед бүртгэгдэх болов
Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Онгон, Сүхбаатар, Хэнтийн Баян-овоо, Дорнодын Матад, Баянтүмэн сумын нутгаар шүлхийн голомт арилсангүй. Энэ жил ч малын халдварт өвчин гаарч, өчигдрийн байдпаар Архангайн Өгийнуурт шүлхийн тохиолдол бүртгэгдсэн гэдгийг ОБЕГ-аас мэдэгдсэн.
Түүнчлэн урьд нь огт гарч байгаагүй өвчин ч сүүлийн үед бүртгэгдэх болов. Тухайлбал, үхрийн хорт салст халуурал зарим суманд илэрсэн нь шинэ тохиолдол аж.
Уг нь салбарын яамнаас малын халдварт өвчнийг бууруулахад багагүй ажил хийсэн ч хэтэрхий олон мал, түүнд хэр таараагүй бага төсвөөс болоод дорвитой үр дүнд хүрч чадахгүй байгаа тухай учир мэдэх хүмүүс ярьж байсан юм.
Угтаа бол малын өвчлөл буурахгүй байгаа олон шалтгаан бий. Шүлхий өвчний талаар эх сурвалжууд дараах мэдээллийг өгч байсан юм. Тэд “Малын гоц халдварт шүлхий өвчин өмнөх жилүүдийнээс илүү их тархсан. Шүлхийтэй тэмцэх үндсэн хоёр аргыг орхигдуулаад байгаа юм. Энэ нь хорио цээрийн дэглэмийг стандартын дагуу хэрэгжүүлж чадаагүй байгаа нь гол асуудал болоод байгаа юм. Өнгөрсөн онд зуншлага муу байсан. Дундговьд л гэхэд 13 аймгийн 900 гаруй мянган мал оторлосон. Энэ үеэр хорио цээрийг бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй. Хоёрдугаарт, өвсөөр шүлхий дамжсаныг мэргэжлийн байгууллага тогтоосон тул улсын нөөцөөс өвс тараадгийг зогсоосон. Цаашид вакцинжуулалтыг дөрвөн жил дараалан хийвэл дахин шүлхий дэгдэхгүй“ хэмээсэн юм.
Дээр нь малын халдварт өвчин буурахгүй байгаа шалтгаан нь малчдад бий. Учир нь малчид малынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулахаас илүүтэй тоо толгойг нь олшруулахад санаа тавьдаг. Мянгат малчдын тоо байнга өсөж байгаа талаар салбарын яамны мэргэжилтэн хэлж байсан. Зарим аймагт 10 мянган малтай айл ч байна. Мал өсөх нь улсын эдийн засаг сайжрах сайн талтай ч сөрөг нөлөө бас бий. Бэлчээрийн даац хэтрэх, малаас хүнд халдварладаг халдварт өвчний гаралт нэмэгдэх гээд асуудал гарч ирсээр.
Нэг хэсэг мал эмнэлэг хувьд шилжиж, малын эмч бэлтгэхээ больсноос өвчлөл газар авсан гэж ярих хүн байдаг ч тийм биш аж. Малчдын өөрсдийнх нь санал санаачилгагүйгээс болж, халдварт өвчний тархалт хавтгайрсан нь энэ. Нөгөөтэйгүүр малчид халдварт өвчний голомттой хашаа хороо, бууц, буйраа ариутгадаггүй гэдгийг хөдөөгийн малзүйчид хэлдэг юм билээ. Малчдын ийм хариуцлагагүй байдал өвчлөл гарах хангалттай шалтгаан болох бус уу.
Эмч гэрт нь очиж гуйж гувшиж байж вакцин хийнэ. Зарим малчин бэлчээрт гарсан малаа хураахаас түвэгшээж, өөрсдөө дараа нь хийчихнэ хэмээн тарилга, туулга авчихаад хэрэглэлгүй хугацааг нь дуусгаад хаядаг талаар ч малзүйчид ярьж байсан. Малын тарилга, туулгын үнэ тийм ч өндөр биш. Зарим вакцин, туулга нь төсөл, хөтөлбөрийн шугамаар хөнгөлөгдцөг юм билээ. Гэтэл хэдхэн төгрөг төлөөд л тарилга, туулгад хамруулчихаж яагаад болдоггүй юм бол.
Монголын мал эрүүл байсан бол хөрш зэргэлдээ хоёр гүрнээс эхлээд олон улс мах экспортлох хүсэлтэйгээ илэрхийлдэг тухай салбарын мэргэжилтнүүд ярьдаг. Гэвч малын элдэв төрлийн халдварт өвчин экспортод чөдөр болчихоод байгаа. Малчдын хэнэггүй зангаас болж малын эрүүл мэнд, чанар доройтолд орчихоод байхад бид 70 саяд хүрлээ хэмээн хөөрцөглөж сууна. Тиймээс л малчдын үүрэг, хариуцлагыг өндөржүүлмээр байна. Мал өөрсдийнх нь мэдэлд, бас төрөөс олон талаар харж үздэг гээд тэдний хувьд хөсөр хаягдчихаагүй.
Уг нь энэ салбарыг бид орхигдуулах үндэс үгүй. Өнөөдөр монголчууд арай л өлсгөлөнд нэрвэгдчихээгүй байгаа нь МАА-н салбарын гавьяа. Гэтэл одоо монгол мал улстөрийн хэрүүл, улстөрчдийн хормойн явдлаас дор үзэгдэж, намын эрх ашгаас доогуурт тавигдаж байна.
Тиймээс сая саяараа өвчнөөр хиарч, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн МАА-н салбарыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарах цаг болжээ.
Өглөөний сонин
Р.Саруул
Зочин · 2018/06/08
ТЭНДЭР АВДАГ ЭРҮҮГИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ НЭГ ШАЛГААД ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ.ӨВЧИН ТАРААГААД БАЙНА УУ ГЭДГИЙГ НЬ
зочин · 2018/06/08
Монгол оронд мал аж ахуйн үйлдвэрлэл ерөнхийдөө уналтын байдалд орлоо энэ салбарыг том зураг тогтолцоогоор нь харж хөгжлийг нь төлөвлөх шаардлага зүй ёсоор тавигдаж байна аа. Засгийн газар ХХААХҮЯ-нд энэ асуудлыг хариуцсан дарга нар нь мэргэжлийн хүн байх ёстой салбарыг мэргэжлийн хүн бус хүн удирдаж сүйрэлд оруулж байгаа хамгийн тод жишээ бол энэ юм даа. Тэрчлэн мал аж ахуйн механикжуулалт, малчдын хөдөлмөр хөнгөвчлөх, тэднийг мэдлэгжүүлэх мэдээллээр хангах талаар ямарч зүйл хийхгүй байгаа нь бас нэрмээс болж байна шүү. Доор хаяж л малаа угаах, ноос хяргах, ямаа самнах, сүү саах, хөрзөн ховхлох, тэжээл түгээх г.м. ажлуудыг нь бодлоготойгоор механикжуулах шаардлагатай байна даа....