Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “2025–2026 K-Pop Mega Concert World Tour in Mongolia” шоу тоглолт 9000 хүний суудалтай Steppe Arena ордонд энэ сард амжилттай болж өндөрлөлөө.

Тус тоглолтод Солонгосын алдарт уран бүтээлч одод болох Jang Hyuk, Ailee, Bebe, VVUP, W!TCHX, NEW L, SEO EVE нар оролцож, уран бүтээлээ толилуулсан юм.

Мөн Солонгосын нэрт жүжигчин Жон Жүн Ху (Jung Joon Ho) болон түүний төгсөгчдийн холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилга гарган, орлого багатай өрх, хөдөө орон нутгийн хүүхэд, залуучуудад зориулан нийт 125 сая төгрөгийн үнэ бүхий 1500 ширхэг тасалбар худалдан авч, хандивласан байна.

Энэхүү хандивын хүрээнд Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Багахангай, Налайх дүүрэг болон Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Архангай аймгийн хүүхэд, залуучууд оролцож, тоглолтыг үнэгүй үзэх боломжийг олгожээ. Түүнчлэн Эрүүл мэндийн яам болон Хан-Уул, Чингэлтэй дүүргийн эмнэлгийн эмч, сувилагч, асрагч нарыг урьж, хамруулсан нь онцлог байв.

Энэхүү шоу нь зөвхөн Монголд төдийгүй Япон, Бахрейн болон Европын зарим орнуудаар үргэлжлэх бүрэн хэмжээний дэлхийн аялан тоглолтын нэг хэсэг юм.