Монголын хөгжил хэдэн арванаар түргэсэхийн зар түгээсэн гэгээн жилүүд

     Чех, Монголын геологичид Эрдэнэтийн овооны орчимд гэр, майхнаа босгож, онгон зэрлэг тал нутгаас эрдэнэ хайж эхэлсэн нь 1964 он. Дөрвөн жилийн дараа гэхэд тэд 1500 метр өргөн, 3.5 км урттай, уулынхаа энгээр тасралтгүй үргэлжилсэн, 4.2 сая тонн зэс, 170 гаруй мянган тонн молибден, хоёр тонн алт, мөнгөний нөөцтэй асар баялаг орд илрүүллээ гэсэн мэдээг олон улсад түгээж байлаа. Хайгуул амжилттай болсонд Чехийн геологчид бөөн баяр болж, “Дэлхийд томд тооцогдох орд” хэмээн тодорхойлж, социалист орны мэргэжил нэгтнүүд уг ордыг нүдээр үзэх гэж манай улсыг зорьж байсан тэр жилүүд Монголын хөгжил хэдэн арванаар түргэсэхийн зар түгээсэн гэгээн үе байжээ.
     1970-1972 онд ЗХУ-ын геологичид нарийвчилсан хайгуул хийж, 4.6 сая тонн зэсийн нөөцтэй хэмээн тогтоогоод Монголын анхны том үйлдвэрийг байгуулах шийдвэр гаргасан билээ. Ингээд 15 мянган хүнтэй хот, үйлдвэр байгуулах их ажил эхэлжээ. Үйлдвэртэй хамт Галуут нуураас Эрдэнэт хот хүртэлх 407 км цахилгаан дамжуулах шугам, Дархан-Эрдэнэтийн 180 км, авто зам, Салхит-Эрдэнэтийн 168 км төмөр зам, хивсний үйлдвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, I, II, III бичил хорооллын орон сууцны байруудыг ЗХУ-ын хөрөнгө, мэргэжилтэй боловсон хүчний туслалцаатайгаар барьсан юм. Мөн уурхайчдын гэр бүлийнхнийг ажилтай байлгахын тулд хүнсний томоохон үйлдвэр, худалдаа үйлчилгээний төв, соёлын ордон, шинэ хотын оршин суугчдыг хүнсний ногоо, сүүгээр хангах Улаантолгойн сангийн аж ахуй, мах, үр тариагаар хангах Бургалтайн сангийн аж ахуйг байгуулахаа ч мартаагүй. Ийм бүтээн байгуулалт хийхийн тулд Эрдэнэтийн овооноос гадна Хөтөлийн шохой тэргүүтэй таван орд нээж, ашиглалтад оруулсан гэдэг. Бүхнийг нарийн тооцож, цогцоор нь шийднэ гэж үүнийг хэлэхээс өөр юуг хэлэх вэ. Улсын нийгэм, эдийн засгийг авч явах манлайлах үйлдвэрийг хэрхэн төлөвлөж, ямар цараатай хөдөлдгийг тэгэхэд л монголчууд харсан билээ. “Эрдэнэт үйлдвэр”, түүнийг дагасан Эрдэнэт хотыг босгох их бүтээн байгуулалтын цуурай улс даяар дуурсаж, Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн 32 мянган барилгачин ээлжээр ажиллан, эзгүй талд орчин үеийн хот сүндэрлүүлэх хөл хөдөлгөөн хоногийн 24 цагт хором ч тасардаггүй байсан тухай ахмадууд бахархан дурсдаг. Энэ өрнүүн бүтээн байгуулалт Монголын хөгжлийг бүх талаар урагш нь татсан, үнэхээр гайхамшиг байлаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийг өнгөрсөн зууны манлай бүтээн байгуулалт хэмээдэг нь ийм учиртай. XXI зуун гараад 20 шахам жил өнгөрч, техник технологи, дэлхий ертөнц асар хурдтай өөрчлөгдөж буй энэ үед ч Монголд өнгөрсөн зууны их бүтээн байгуулалтыг давсан зүйл хараахан хийгээгүй л байна.
     Үйлдвэрийг таван жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн боловч тухайн үеийн ЗХУ-ын барилгачид, Монголын өнцөг булан бүрээс цугларсан залуус дөрвөн жил хагаст амжуулсан нь үнэхээр бахархам амжилт байлаа. Анхны бүтээгдэхүүнээ 1978 онд галт тэрэгэнд ачуулж, үйлдвэрийг хүлээж авах ёслолын ажиллагаанд Ю.Цэдэнбал дарга оролцон, сайд Ч.Хурцад түлхүүрийг нь гардуулснаар дэлхийд эхний аравт багтаж, тивдээ тэргүүлдэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн он тоолол эхэлсэн түүхтэй.

Хүнд үеийг нуруундаа үүрсэн “саалийн үнээ” дэлхийн жишиг үйлдвэр болсон

    Үүнээс хойших 40 жилийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” улс болон орон нутгийн төсөвт 5.4 их наяд төгрөг төлж, 2.2 их наядын цэвэр ашиг олсон гэсэн тоо байна. Улс орны амьдралд ямар ач холбогдолтой үйлдвэртэй болсноо монголчууд хамгийн тод томруун, гүн гүнзгий мэдэрсэн үе нь зах зээлийн нийгэмд шилжсэн эхний жилүүд. Түшиж тулдаг ганц улс маань биднийг гэхтэй манатай болж, гадаад ертөнцтэй хэрхэн харилцахаа мэдэхгүй шахам монголчууд унтаагаараа ус руу шидүүлсэн мэт шокийн байдалтай байхад “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн л гадаадын зах зээлтэй хамгийн анх холбогдож, зэсээ экспортолж байв. 1993 онд тэднийх зах зээлийн мэргэжилтэн бэлтгэхийн тулд АНУ-д гурав, Японд долоо, Англид 30 хүн сургасан бөгөөд тэд үйлдвэрээ жилийн дотор зах зээлд шилжүүлж чадсан гэдэг. Энэ үед “Эрдэнэт үйлдвэр”-ээс гаргасан бүтээгдэхүүн дотоодын нийт бүтээгдэхүүний 40-50, экспортын барааны 70, улсын төсвийн 50 хувийг дангаараа бүрдүүлж байв.
     Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн бүтэц өөрчлөгдсөн ч “Эрдэнэт үйлдвэр” том орон зай эзэлж, манлайлсан хэвээр. Эрдэнэтийг нийслэлийн удаа орох том хот болгон өргөжүүлсэн тус үйлдвэр өдгөө Орхон аймгийн төсвийн 90 орчим, улсын төсвийн 10 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг. Зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогдоод зогсохгүй өрсөлдөх чадвараараа тивдээ нэг, дэлхийд долдугаарт эрэмбэлэгддэг “Эрдэнэт” дэлхийн жишиг үйлдвэр болсон.

Үндэсний мэргэжилтнээ түшиж улс орон хөгжил рүү, ирээдүй рүү алхана

     “Эрдэнэт үйлдвэр”-ийн гавьяаг зөвхөн эдийн засаг, мөнгө хөрөнгө талаас нь ярих нь хангалтгүй. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд уг үйлдвэрийг түшиглээд Монголд технологи инженерийн бүхэл бүтэн салбар үүссэн. ЗХУ-ын мэргэжилтнүүд, Монголын үндэсний сэхээтний маш том арми бүрдсэн учраас энд эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрчимтэй хийж, өнөөдөр бүтээмж, инновацийн нэгэн төв болж буй юм.
     Энэ үйлдвэрээс гарч буй хамгийн том баялаг бол үндэсний боловсон хүчин. Монгол Улс инженерүүдээ дайчлаад зэс хайлуулах үйлдвэр барья гэхэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн инженер техникийн ажилтан, технологичид бэлэн зогсож байна. Бахархмаар, баярламаар биш гэж үү. Үндэсний мэргэжилтнээ түшиж, бий болсон эрдэм шинжилгээний потенциалыг нь ашиглаж байж л улс орон хөгжил рүү, ирээдүй рүү алхана. Хэдхэн жилийн өмнө хүн гуйж, хүнээр заалгаж байсан монголчууд одоо хүний царай харахааргүй болсон. Үндэсний мэргэжилтнүүд үндэсний үйлдвэртэйгээ хамт өсөж, хөгжсөөр ирсэн.

Менежментийн тухайд товчхон

     “Эрдэнэт үйлдвэр”-ийг анх байгуулахдаа жилд 16 сая тонн хүдэр боловсруулна гэж тооцсон. Тэр үед хүдэр дэх зэсийн агуулга 1-0.8 хувьтай байсан. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн жилийн хүдэр олборлолтын хэмжээ 31-32 сая тонн болсон ч хүдэр дэх зэсийн агуулга 0.48 хувь болж буурсан. Тиймээс экспортын бүтээгдэхүүнийг 125 мянган тонн цэвэр зэсээс буулгахгүйн тулд илүү үйлдвэрлэл явуулж, илүү зардал гаргаж байна. Зах зээлд шилжсэн 28 жилд “Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэнд гурван удаагийн хямрал тохиосон. 1998-1999 болон 2008-2009 оны хямралын үед дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурсан ч бидний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлаас хэтэрч унаагүй. Харамсалтай нь, 2011 оноос хойш үргэлжилсэн эдийн засгийн хямрал үнэхээр хүнд байлаа. 2011 онд зэсийн үнэ жилийн дунджаар 8821 ам.доллар байсан. Зарим үед 9000-10 000 ам.доллар ч хүрч байв. Түүнээс хойш зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр зургаан жил тасралтгүй унахдаа манай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртгөөс доош орсон. Дэлхийн зах зээл дээр тонн зэсийн үнэ 2015 онд 4863 ам.доллар болсон байв. Гэтэл энэ үед манай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртөг, зардал 5000 ам.доллараас илүү байлаа. Алдагдалд орохоор нөхцөл үүссэн. Энэ үед үйлдвэрийн менежментийн баг “Хямралын эсрэг авах арга хэмжээ, хэмнэлтийн бодлого” хэрэгжүүлж, бүтээгдэхүүний өртгийг 2015 онд 4820, 2016 онд 4000 ам.долларт хүргэж урт хугацаанд үргэлжилсэн хямралыг Эрдэнэтийн уурхайчид амжилттай давсан юм. Улсын төсөвт өгдөг мөнгө, ажилчдад олгодог цалин, нийгэмд түгээдэг халамжаа энэ үед хэвээр хадгалсан нь манай үйлдвэрийн гавьяа.

(“Эрдэнэт үйлдвэр”-ийн эдийн засгийн хэлтсийн орлогч дарга Д.Галбаатарын
“Эрдэнэт үйлдвэр”-ийн эдийн засгийн өнөөгийн байдал болон Монгол Улсын эдийн засагт гүйцэтгэх үүрэг” илтгэлээс)

     Үйлдвэрийн менежментийн баг хэмнэж болох зардлыг танах, үйлдвэрээ үр ашигтай ажиллуулахын тулд олон ажил хийсэн. Үүний нэг нь дулааны цахилгаан станцаа 48мВт-ын хүчин чадалтай турбингенератороор өргөтгөсөн явдал. Үүнээс өмнө “Эрдэнэт үйлдвэр” төвийн эрчим хүчний системээс цахилгаан худалдан авч, жилд 225 тэрбум төгрөгийн төлбөр төлдөг байсан бол энэ өргөтгөлийг хийснээр 18.1 тэрбум төгрөг хэмнэх нөхцөл бүрдсэн юм. “Эрдэнэт үйлдвэр” Монголын топ аж ахуйн нэгжийг 16 жил тэргүүлсэн нь тэдний ажлын үр дүнг олон нийт хүлээн зөвшөөрсний нэг илэрхийлэл болов уу. Топ аж ахуйн нэгжүүдийг компанийн ашиг орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажилчдын тоо зэрэг үзүүлэлтийг харгалзан шалгаруулдаг билээ.

“Эрдэнэт үйлдвэр” Монголын хөгжлийг түүчээлж, гэрэлтсээр байх болно

     “Эрдэнэт үйлдвэр” өнөөдөр байгаа талбайнхаа хэмжээнд ажиллахад дахиад 40 гаруй жил ажиллах нөөц, боломж ирээдүй бий гэдэг. Энэ хугацаа дахин цаашлах ч боломжтой гэж геологичид үздэг. Учир нь Эрдэнэтийн районд нийт зургаан илрэл байдгийн нэгийг л олборлож буй. Цаана нь Оюуттолгой, Зөөхийн гол, Цагаан чулуут зэрэг хэтийн төлөв сайтай гэж тодорхойлогдоод, хайгуул судалгааны ажил хийгээгүй илэрц бий. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр” ойрын 100 жилдээ л лав Монголын манлайлах үйлдвэр, хөгжлийн түүчээ, эдийн засгийг чирэгч хэвээр байх буй за.
     Эрдэнэтийн овооны нөөц 100 жилийн дараа дууслаа гэхэд Монголын хоёр дахь том хот Эрдэнэт яадаг билээ гэж санаа зовох хэрэггүй. Учир нь тэнд машин, байгууламжийн томоохон үйлдвэр үлдэх ирээдүйг салбарынхан олж хараад байгаа. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Засварын механикийн завод технологийн тоног төхөөрөмжид их, дунд, урсгал засвар хийх, элэгдсэн эд ангийг сэргээн засварлах, тоног төхөөрөмжийг резин болон корундаар хуяглах, металл хийц болон стандартын бус тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, цахилгаан тоног төхөөрөмж засварлах, өргөн тээвэрлэх машин механизмд оношлогоо засвар хийх, ган, ширэм, өнгөт металл хайлж эд анги цутгах үндсэн үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ ямар ч үйлдвэрийн өргөтгөл, уул уурхайн тоног төхөөрөмжийг хийгээд явах боловсон хүчний болон тоног төхөөрөмжийн нөөц, чадвартай болсон. Иймээс Эрдэнэт хот Монголын металл боловсруулах үйлдвэрийн үндсэн түшиц газар байсаар, “Эрдэнэт үйлдвэр” Монголын хөгжлийг түүчээлж, мянган жил ч гэрэлтсээр байх болно.

 “Өнөөдөр” сонины сэтгүүлч
Х.УЯНГА