Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн М.Б-д холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Хохирогчийн нөхөр П.Сувданхуяг "Монголын шүүх шударга шийдвэр гаргалаа. Шүүгч нартаа баярлалаа. Өмгөөлөгч нартаа мөн баярлалаа. Шүүх шударга шүүхийг харлаа. Хэдийгээр эхнэр, хүүхэд маань босоод ирэхгүй ч гэлээ ялыг бүх насаар нь үүрүүлэхээр боллоо" гэлээ. 

Гэмт хэрэгтэн М.Батчулууныг хэрэг хүлээх чадвартай хэмээн үзэж түүнд дараах ялыг өглөө. Тодруулбал, биеэ хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэмээн үзэж бүх насаар нь хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Улмаар М.Батчулуунд бага насны хүүхэд алахыг завдсан хэрэгт 8-н жилийн, жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхэд алсан хэрэгт бүх насаар хорих ял оноолоо. Мөн шүүгдэгчээс 167 сая төгрөг хохирогчдын гэр бүлийнхэнд олгох шийдвэр гаргалаа.

Хуулийн заалт:

  • Эрүүгийн хуулийн 10.1.3-т заасан биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхдийг онц харгис, хэрцгийгээр алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
  • Эрүүгийн хуулийн 10.1.3-т заасан бие хамгаалж чадахгүйг мэдсээр байж жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхэд алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.