Ц.Цогзолмаа: Нас барсан хүүгийн ар гэрээс Засгийн газар уучлалт хүсч байна
2018/06/20
Улс орон даяар өрнөсөн Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр өндөрлөж буй болон сургуулийн орчны аюулгүй байдлын талаар УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас тодрууллаа.
-ЭЕШ-ын үйл ажиллагаа, зохион байгуулалт хэрхэн өрнөв? Хэдэн хүүхэд хамрагдсан бэ?
-Энэ жил хамгийн их төгсөгчтэй байлаа. Нийт 43824 хүүхэд төгсч, 49 шалгалтын төвд 1320 танхимд хуваагдан шалгалт өгсөн. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа шалгуулагчдыг хохироохгүй үүднээс Улсын бүртгэлийн газартай серверээ холбосон. Шалгалт өгөх гэж байгаа хүүхдийн регистрийн дугаарыг хийхээр шалгуулагчийн бүх мэдээлэл гарч ирж байгаа учраас бүртгэл дээр ямар нэгэн гомдол гараагүй. Мөн хууль хяналт, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар олон хүүхэд хохирсон гэсэн гомдол гараагүй. Энэ жил анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өгөх анги танхимыг бэлдэж өгсөн. Ингэснээр 16 хүүхэд шалгалт өглөө. Мөн хорих ангид ял эдэлж байгаа долоо хүүхдийг шалгалтад оруулсан. Онооны нэгдсэн дүн 7 дугаар сарын 1-нд гаргаж, 2-4-нд батламжийг гардуулж өгнө.
-Зам тээврийн осол гарснаас болж шалгалтаасаа хоцорсон хүүхдүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?
-Хоёр хүүхэд ослоос болж хоцорсон. Гэвч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар ч хоцорсон хүүхдүүдээс нөхөж авах боломж байхгүй. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд ямарваа нэг асуудал үүсэхээс сэргийлж нэг цагийн өмнө шалгалт авах байрандаа ирэхийг олон удаа сануулсан. Эцэг эхчүүд ч хариуцлага алдаж байна. 12 жил сурсан хүүхэд нь амьдралынхаа бас нэг чухал үйл явдалд оролцох гэж байхад хариуцлагатай байх байсан болов уу.
-Нийт хэдэн хүүхэд шалгалтаасаа хоцорсон бэ? Өмнөх жилүүдэд хоцролт хэр байсан бол?
-Өмнө нь 1200 гаруй хүүхэд хоцорч байсан гэсэн тоо байна. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд нийт 500 гаруй хүүхэд шалгалтаас хоцорсон.
-Өнгөрсөн жил шалгалтын материал задарсан асуудал гарч ихээхэн гомдолд дарагдсан. Энэ жилийн тухайд ямар гомдол, асуудал байв?
-10 гомдлын 7 нь шалгалтаас хоцорсон, нэг хүүхэд шалгалтын өрөөнд тоног төхөөрөмж шуугисан, нэг хүүхэд харандаа тараасан байхад балаар бөглөсөн, барилгын ажил явагдаж байгаагаас маш их шуугиантай байсан гэсэн гомдол байсан. Эдгээрээс өөрөөр хүүхдүүд олноороо хоцорсон, асуудал үүссэн зүйл байхгүй амжилттай болж өнгөрлөө. Мөн энэ жил анх удаа төвийн бүсээс Орхон, баруун бүсээс Ховд аймгийн сонгож цахим хэлбэрийн ЭЕШ явуулж үзлээ. Ямар ч алдаа мадаг, асуудал гарсангүй. Цаашдаа үүнийг амжилттай нэвтрүүлбэл цаг зав, хугацаа хэмнэсэн том дэвшил болно.
-79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбайд тоглож байсан хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Сургуулийн аюулгүй орчныг хангах талаар яамнаас ямар ажил хэрэгжүүлэх вэ?
-БСШУСЯ-наас Ажлын хэсэг гарч 79 дүгээр сургууль дээр болсон асуудал дээр очиж, ажилласан. Хэдийгээр хичээл тарсан ч хүүхдүүдэд өөр тоглох орчин байхгүй учир сургуулийн хөл бөмбөгийн талбайд тогложээ. Хөл бөмбөг тоглодог төхөөрөмжийн нэг талын баганы төмөр унасныг ажил хүлээлцсэн манаач, сургуулийн удирдлагууд анзаараагүй байсан. Үүнийг анзаарч засах нь сургуулийн удирдлагуудын үүрэг. 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд захиргааны хариуцлага авна, жижүүрт арга хэмжээ авна. Хүүхдийн амь гэдэг үнэтэй зүйл. Гэтэл сургуулийн захирал “амиа алдсан хүүхдийн ар гэр хүнд” гэдэг мэдээлэл хийж байгаа нь ёсзүйгүй асуудал. Монголын боловсролын систем бүх хүүхдэд ямар нэг ялгаварлалгүй ижил тэгш хандана. Амь насаа алдсан хүүгийн ар гэрээс Монгол Улсын Засгийн газар уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлж байна.
-Хариуцлага тооцохоос гадна аюулгүй орчныг бүрдүүлэх нь дахиад ийм осол гарахаас сэргийлж чадна гэж харж байгаа л даа?
-Гамшиг, гэнэтийн осол гарсан үед л араас нь ажиллаад л байна. Тиймээс яамнаас хуучирсан, мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан объектуудын жагсаалтыг гаргана. Асуудал үүсэхээс өмнө ажиллаж, орон нутгийн удирдлага, эцэг эхийн хараа хяналтыг хамтарч сайжруулах, хариуцлагажуулах шаардлагатай байна. Наймдугаар сард Эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч, идэвхжүүлэх ажил зохион байгуулна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг
zochin · 2018/06/21
uuchlalaa guigaad salbar hariutsaj bgaa said ogtsorood teriigee dagaad surguuliin zahiral arga hemjee avhuulah yostoi baimaar ene uuruusuu holduulaad busadaar tug tahih geed baihiin
багш · 2018/06/20
хүүхдүүдийн бэлтгэл хийдэг хөл бөмөгийн талбайн аюулгүй ажиллагааг сургуулийн захирал биен тамирын багш хоёр энэ хоёрын хариуцлагагүйгээс хөл бөмбөг тоглодог хүү амиа алджээ
Зочин · 2018/06/20
79 сургуулийн захиралд захиргааны биш эрүүгийн хэрэг үүсгэх хэрэгтэй. хүний амь нас яригдаж байхад жижхэн хариуцлага гэх мэтээр хаагаад өнгөрж болохгүй. хүүхэд сурж боловсрол цагаа зөв өнгөрүүлэх газрыг хариуцаж ажилладаг хүн бол сургуулийн захирал шүү дээ.
79 · 2018/06/20
79 Захирал нь уучилал гуйх хэрэгтэй