Бусдын гээсэн гар утсыг эзэнд нь эргүүлэн өгөхгүй бол зөрчлийн хуулиар ял онооно
2018/08/06
Сүүлийн арван жилийн статистикаас үзэхэд хулгайн хэрэг тогтмол өсөж буй. Өнгөрсөн онд улсын хэмжээнд энэ төрлийн хэрэг 12 222 гарч, 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол иргэд, байгууллагад учирчээ.
Энэ нь 2016 оныхоос 34 хувиар өссөн үзүүлэлт юм. Тиймээс хулгайн гэмт хэрэг, тэр дундаа халаасны хулгайчийн үйлдлийг таслан зогсоохоор нийслэлийн Цагдаагийн газрынхан гар утас борлуулдаг төвүүдийн удирдлагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хулгайд алдсан бараа худалдан авч, дамлан зарж буй хүнд лангуугаа түрээслэхгүй байх хэлцэлд хүрсэн юм.
Халаасны хулгайч нар иргэдийн гар утас, хэтэвчийг нь “авдаг”. Ингээд хулгайлсан гар утсаа хямд үнээр ченжүүдэд худалддагийг хүн бүр мэддэг болсон. Харин өнөөх ченж нь тухайн барааг авсан үнээсээ ахиугаар бусдад борлуулдаг сүлжээ Монголд бий болсныг цагдаагийн байгууллагаас мэдэгдэж байв.
Тиймээс гар дээрээс утас борлуулдаг хүмүүсээс “буруу гарын” эд зүйл худалдаж авахгүй байхыг анхааруулав. Учир нь алдагдсан эд зүйлс авсан хүнийг 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй Эрүүгийн хуулийн 17.1-д “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.
Энэхүү хэрэгтэйгээр хамгийн ойрын жишээг уншигч та бүхэнд хүргэж байна. Үл таних хүний утсыг олоод бусдад дамжуулан борлуулснаар шүүхээс ял авч, амьдралдаа бараан толбо бүү үүсгээсэй гэсэн үүднээс энэхүү сэрэмжлүүлэгийг хүргэж байгаа болно.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “НРЖ” баарны ариун цэврийн өрөөнд иргэн С.Алунгуа I phone 7 plus маркийн гар утсаа гээжээ.
Гээсэн гар утсыг нь иргэн Д.Х гэгч олж, хохирогч С.Алунгуад 1.251.000 төгрөгийн хохирол учруулжээ. Харин түүний төрсөн эгч Д.Х нь дүүгээ хүний гээсэн эд зүйл олсон гэдгийг мэдсээр байж санаатай нуун далдалж, өөрчлөн сая 251 мянган төгрөгийн хохирол учруулан мөнгө угаах гэмт хэрэг үйлдснийг шүүхээр эцэслэн шийдвэрлэжээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч эгч Д.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох, дүү Д.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Зочин · 2018/08/06
bnga l yl ogno gej bh ym yltangaar duureh oron ym bna l daa