Морин уралдаан зохион байгуулахыг цуцалсан ч шийдвэр эс даган унаач хүүхдүүдийг бэртээсээр ...
2014/02/04
Сар шинийн өмнө засгийн газраар Үндэсний баяр наадам зохион байгуулах хорооноос оруулж ирсэн асуудлыг хэлэлцэж өвлийн уралдаануудыг явуулахгүй байх шийдвэрийг албан ёсоор гаргасан билээ.
Өвлийн улиралд морьдоос гадна хурдан морь унаач хүүхдүүдэд хамгийн их эрсдэлтэй. Тухайлбал, унаач хүүхдүүд гар хөлөө хөлдөөж, хайруулах наад захын асуудал. Мөн мориноосоо унаж бэртэж гэмтэх, амь насаа алдах тохиолдол ч нэлээд гардаг. Иймд засгийн газар уг шийдвэрийг гаргасан.
Гэтэл ийн тавьсан хоригийг үл тоож хаврын улиралд зохиогддог хурдан морины уралдаанууд эхлэжээ. Өнгөрсөн битүүний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд их сунгаа болж, энэ үеэр 10 настай унаач хүүхэд морьтойгоо дайруулж, хүнд бэртэл авсан байна. Нэгэн уяач өөрийн морийг таслаж авах гэж байгаад унаач хүүг морьтой нь хамт дайрч гэмтээсэн гэдгийг эх сурвалжууд хэллээ. Хүүгийн биеийн байдал тун хүнд байгаа бөгөөд эмч нарын хэлж буйгаар тархинд нь цус харвасан байх магадлалтай гэнэ.
Төр засгаас унаач хүүхдүүдийн амь насыг хамгаалах гэж өвлийн улиралын уралдааны цуцалсан байхад нэг хэсэг өөрсдийгөө баясгах гэж өвлийн ид хүйтнээр хурдан морины уралдаан зохион байгуулж байх юм.
Ер нь өвөл ч гэлтгүй урин дулааны улиралд зохион байгуулдаг хурдан морины уралдаануудад үргэлж л хүүхэд унаж бэртэн амь нас, эрүүл мэндээрээ хохирдог харамсалтай хэргүүдийг араас дагуулдаг.
Мэдээж энэ уралдааныг зохион байгуулсан комисс гэж байж л таараа мөн тухайн нутаг дэвсгэрт уралдаан явуулахыг зөвшөөрсөн аймгийн засаг дарга гэж хүн байгаа нь ойлгомжтой. Эдгээр хүмүүс ямар ч хариуцлага үүрэхгүй өнгөрдөг. Монгол улсын Засгийн газар, Үндэсний баяр наадам зохион байгуулах хорооны шийдвэрийг үл тоосон засаг дарга нараа арай зүгээр толгойг нь илээд суухгүй байлгүй дээ.
Дээрх уралдаанаар зогсохгүй энэ сарын 10 –нд “Өндөр бооцоот” уралдаан гэгч Цагаан хөтөлд болох зар нь тараагдаж эхэллээ. Мөн “Дүнжингарав” -ын хурд өвлийн морин уралдааны сунгаа болохоор товлогдсон байна. Энэ мэт үйлдлийг таслан зогсоож чадахгүй байгаа ММСУХ ажлаа хийж чадахгүй байгаа гэдгийг илтгэж байгаа нь тод жишээ.
Хэрвээ дээрх хоёр худан морины уралдаан явагдах юм бол дахиад хэдэн хүүхдийн гар, хуруу хайрагдаж, хэд нь гэмтэж бэртэж энэлэн шаналан эмнэлгийн орыг сахиж өвчиндөө шаналан уйлах бол. Мөнгөтэй хүмүүс юу ч зохион байгуулж ямар ч уралдаан явуулж болно. Энэ нь тэдний дурын асуудал. Хамгийн гол нь хүүхдийн амь насаар битгий тоглооч ээ!
Өнгөрсөн он буюу 2013 онд нийт 958 унаач хүүхэд мориноос унаж, 16 хүүхэд хөнгөн гэмтэж, 34 хүүхэд хүнд гэмтэж, зургаан хүүхэд амь насаа алдсан гэсэн сэтгэл эмзэглүүлсэн албан ёсны тоо баримт тэмдэглэгдэн үлдсэн байна. Энэ тоо цааш бүү үргэлжлээсэй.
Хатуу үгээр хэлэхэд үнэхээр хурдан морины уралдаан зохион байгуулах шаардлагатай бол хурдан морь уяач хүмүүс өөрсдийнхөө хүүхдүүдийг унаач хүүхэд болгож бай. Ингэж байж л тэд болон бусад хүмүүс хүүхдүүдийг ямар хэцүү болж үлддэгийг мэдэрнэ. Хөөрхий хүүхдүүдийг "унадаг дугуй, хичээлийн хэрэгслийн бэлдэж өгнө гэсэн" хэмээн олон унаач хүүхдүүд хэлдэг.
Х.Даваа
Зочин · 2014/02/05
uyach nar tegd bair ezleegeui bol ter ***gnaliin ogdoggui shvv