Олон улсын дижитал сургалтын арга зүйг нэвтрүүлэх төсөл хэрэгжинэ
2018/07/26
Боловсролын салбарын судлаач, эрдэмтдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг асуудал нь боловсролын үйлчилгээний тэгш бус байдал юм. Ялангуяа боловсролын байгууллага хаана байршиж байгаагаас хамааран сургалтын чанар ч ялгаатай байгаа юм. Энэ нь багш нарын мэргэшиж хөгжих боломж, сургалтын хэрэглэгдэхүүний баяжилт, хичээлээс гадуур сурч хөгжих бодит боломж зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байна.
Иймээс салбар яамны зүгээс энэ асуудалд онцгойлон анхаарч, сургалтын чанар, үр дүнгийн зөрүүг багасгах талаар судалгаа эрэл хайгуулыг хийж байгаа бөгөөд сургалтад мэдээллийн технологийг түлхүү ашиглаж, тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих зорилгод Сингапур Улсын Allin Technologies Pte Ltd компанитай хамтран “Дижитал сургалт” төслийг хэрэгжүүлэхээр тохиролцож, төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Төслийн эхний санхүүжилт нь 2 сая америк доллар байх бөгөөд төслийг Улаанбаатар хотын гэр хороолол, хөдөөгийн сум, баг дахь ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг дээр хэрэгжүүлнэ.Төслийн үр шимийг 300 сургууль, цэцэрлэг, 5000 багш, 100 000 хүүхэд хүртэнэ.
Төслийн хөрөнгө оруулалтыг багш нарын мэргэжил дээшлүүлэлт, дижитал анги танхим байгуулах, сургалтын агуулгыг Харвардын Их сургууль зэрэг дэлхийн шилдэг боловсролын байгууллагуудын боловсруулсан бага насны хүүхдэд зориулсан шилдэг хөтөлбөрийн туршлагаар баяжуулах, сургалтын хэрэглэгдэхүүн, ном сурах бичгийг орчин үеийн жишигт нийцүүлэх зэрэг үйл ажиллагаанд зарцуулах юм.
Төслийн үр дүнд Харвардын Их сургуулийн профессор Сноу тэргүүтэй судлаач, эрдэмтдийн баг хяналт-шинжилгээ үнэлгээ хийнэ
Төсөл хэрэгжсэнээр Тогтвортой хөгжлийн зорилт-2030 баримт бичигт тусгагдсан “мэдлэгт суурилсан боловсролын тогтолцоо бүрдүүлэх” зорилтыг хангахад чухал үр дүнтэй арга хэмжээ болно гэж дүгнэж байна.