Ерөнхий сайд ахиад л Үндсэн хууль зөрчсөн бололтой
2014/06/23
Иргэн М.Төрбатаас Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 158 дугаар захирамжаараа Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Л.Одсэрийг томилсон нь Үндсэн хуулийн тулгуур зарчим, үзэл санаа, зарим заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулж, дүгнэлт гаргуулахаар мэдээлэл хүргүүлжээ.
Үндсэн хуулийн цэцээс иргэн М.Төрбатын мэдээллийг хянан хэлэлцээд, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үндэслэлтэй байна гэж үзсэн байна.
Тодруулбал Л.Одсэрийг томилсон энэхүү шийдвэр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.5.2-д заасан Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх”, Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэхийн “ ...хүн бүр хууль...тэгш байна”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хүнийг...үзэл бодол...ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэжээ.
Тухайлбал 2012 онд Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас М.Бадамсүрэнг аймгийн Засаг даргад томилуулахаар хоёр удаа нэр дэвшүүлсэн ч Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засаг даргад нэр дэвшигч нь ”төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” гэсэн хуулийн шаардлагыг үндэслэн томилохоос тухай бүр татгалзсан байдаг. Тухайн үед Засаг даргад нэр дэвшигч нь хуулийн шаардлагыг бүрэн хангасан байх ёстой гэдэг зарчмыг Ерөнхий сайд хатуу баримталж байжээ.
Гэтэл Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилогдсон Л.Одсэр нь төрийн албанд нэг ч жил ажиллаагүй, шаардлагыг хангаагүй этгээд болох нь Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын ХЭГ-аас Ерөнхий сайдад хүргүүлсэн Л.Одсэрийн тухай танилцуулгаар нотлогддог байна. Л.Одсэр нь “Чойр хайрхан” ХХК-ны ерөнхий захирал, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байснаас бус төрийн албанд ганц ч жил ажиллаж байгаагүй гэнэ. Харин Л.Одсэр 1990-1994 онуудад Цэргийн нэгдсэн дээд сургуульд суралцсан жилүүдийг төрийн албанд ажилласанд тооцно гэж тайлбарласаныг Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 415 тоот тодорхойлолтоор үгүйсгэгджээ. Энэ тодорхойлолтонд цэргийн сургуульд суралцсан жилүүдийг нийт ажилласан жилд тооцохоос биш төрийн албанд ажилласан гэж тооцохгүй гэсэн тайлбар гаргасан байна.
Ийнхүү Засаг даргын үүрэг гүйцэтгэж байгаа этгээд төрийн өмчийн дээд сургуульд суралцсан жилүүдээ төрийн албанд ажилласанд тооцох ёстой гэж хуулийг буруугаар тайлбарлаж, түүнийг нь Ерөнхий сайд шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл болгож байгааг хуульчид, төрийн албаны зөвлөлийнхөн жирийн иргэд хүртэл ёс зүйгүй этгээдүүд монголын төр, хууль ёсыг гутаан доромжилж, өөрийнхөөрөө тайлбарлаж байгаад дургүйцэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Ардын Намын гишүүн М.Бадамсүрэнг Засаг даргаар томилохоос татгалзсан шийдвэрийг гаргахдаа түүний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалын байдлыг сайтар судлан хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргаж байсан бол Ардчилсан намын гишүүн Л.Одсэрийг аймгийн Засаг даргаар томилохдоо намын харьяалал, улс төрийн үзэл бодлоо хуулиас дээгүүр тавьж, Монгол Улсын иргэдэд ялгамжтай хандан, Үндсэн хуулийн тулгуур зарчмыг уландаа гишгэсэн бүдүүлэг үйлдэл гаргасан нь ийнхүү нотлогдож байна.
Д.Дариа