МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирэхгүй хилийн чанадад намынхныгаа дуудаж уулздаг болов. Улстөрийн нөхцөл байдал ээдрээтэй болж, Ч.Сайханбилэгийн Засгийн газар ганхаж байгаа энэ үед МАХН-ынханд ярилцах, зөвшилцөх зүйл бишгүй л байдаг биз ээ.

Намбарын хүүгийн эх орондоо ирэхгүй байгаа шалтгаан ч тодорхой болж байна. Өчигдөр хэвлэлүүдээр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Баярбилэгийн ярилцлага цацагдав.  Тэрээр "Өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Намбарын Энхбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх үед Б.Хуяг, Н.Энхтуяа нар нь Монгол Улсад байхгүй байсан тул холбогдох хэргийг тусгаарлан авч үлдэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байдаг. Хэрэг шалгагдаж байх хугацаанд Н.Энхбаярт холбогдох өөр үйлдлүүд шинээр илэрч гарч ирсэн. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн. Энэ түдгэлзүүлсэн хэргийг долдугаар сарын 04-ний өдрөөс сэргээн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлэн хийж шалгаж эхэлсэн.Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Н.Энхбаярыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргүүдэд холбогдуулан шалгаж байна" гэжээ.

Ийм нөхцөл байдал үүссэн учраас Н.Энхбаяр эх оронруугаа зүглэхгүй  байгаа бололтой юм.  Ямартай ч сар гаруйн өмнө МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн  Д.Тэрбишдагва БНСУ-д очиж түүнтэй уулзаад ирсэн. Тэр үеэр Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан, Ч.Сайханбилэгт алдаагаа засах үүргийг хугацаа зааж өгсөн, хэрвээ хүлээж авахгүй бол Шударга ёс эвсэлийнхэн дуугүй хараад суух уу гээд улстөрийн тактикийнхаа талаар мэдээж ярилцсан байгаа. Шударга ёс эвслийнхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Дубайн гэрээг засч сайжруулах талаар хуруугаа ч хөдөлгөхгүй, шаардлагад ч хариу өгөхгүй байна хэмээн дахин бичиг илгээж  огцруулах сануулгыг өгчихөөд байгаа. Энэ үйл явдал өрнөсний дараахан МАХН-ын дарга Н.Энхбаяр гэргийтэйгээ Улаан-Үдэд очиж амрахдаа намынхныгаа дуудцгаасан байсан. Тэр үеэр Д.Тэрбишдагватай  нэлээд олон цаг уулзаж зөвлөлдсөн гэж ойрын эх сурвалж мэдээлж буй. Хэрвээ Дубайн гэрээг сайжруулах талаар ямарч алхам хийхгүй бол УИХ-ын гишүүн Г.Уянгын Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурцгааж, сонгуулиас өмнө засгаас гарцгаах уу гэж ярилцсан байж ч мэднэ. Мөн өөртэй нь холбоотой хэрэг дахин шалгагдаж эхэлсэн болохоор намынхаа дэд даргатай зөвшилцөх, улстөрийн тохироо энэ тэр хийх асуудал ч урган гарсан байхыг үгүйсгэхгүй. 

Гэтэл Улаан-Үдэд сар хүрэхгүйн өмнө зөвлөлдсөн  Н.Энхбаяр дахиад  саяхан Германд очиж Д.Тэрбишдагватй  уулзжээ. EAБХАБ-ын Парламентын Ассамблейн 24-р ээлжит хуралдаан Хельсинки хотноо 2015.07.05-07.09-нд болж байгаа. Энэ хуралдаанд УИХ-ын гишүүн Л.Болд, М.Батчимэг, Д.Тэрбишдагва тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа аж.  Ийм арга хэмжээ болж байгаатай давхцуулан Н.Энхбаяр Германд намынхаа дэд даргатай биечлэн очиж уулзах болсон нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувь заяа ээдрээтэй болж ирсэнтэй холбоотой байж мэднэ. Нөхцөл байдал өөрчлөгдөж, УИХ дахь АН-ын бүлэг Гүйцэтгэх зөвлөлийнхөө шийдвэрийг хэлэлцээд МАН-ынхныг засгаас хөөхөөр шийдчихлээ. Ийм үед АН-ынхан Шударга ёс эвсэл, ИЗНН, бие даагч нарыг тойгдохоос өөр аргагүй.

МАН-аас зургаан сайдын суудлыг буцааж аваад МАХН-д 2, ИЗНН-д 1, АН үлдсэн дөрвийг хувааж авахаар нууц тохирооонууд эртнээс хийгдсэн байж ч магадгүй.  Хэрвээ МАН засгаас гарчихвал Шадар сайдын суудал Шударга ёс эвсэлд оногдож таараа. Тийм болохоор Н.Энхбаяр Шадар сайдын суудалд санаархаж байхыг үгүйсгэх аргагүй л юм. Түүнийг энэ албан тушаалд  очихоос  болгоомжлон 7-р сарын 4-нөөс хэргийг дахин сэргээж шалгаж эхэлсэн хэмээн "айлган" төлөвлөгөөг нь өөрчлөхөд хүргэсэн байх талтай. 

Зарим нэгэн эх сурвалж Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр аль хэдйинээ сонгуулийнхаа бэлтгэлд орсон. Германд нууц уулзалт хийж, намынхаа сонгуулийн санхүүжилтийг босгож яваа. Зүүн Германы коммунист намын залгамжлагч Германы зүүний намын харьяа Роза Люксенбургийн сантай уулзаж, сонгуулийн туслалцаа  ярилцсан байх магадлалтай гэсэн таамаг ч хөвөрч байна. 

 

 

Доорх зургуудыг Д.Тэрбишдагва цахим хуудсандаа оруулсан байна

 


Германы Дэд канцлер Siegmar Gabriel, Бундестагийн гишүүн асан Heino Wiese нарын хамт

Баяр наадмын үеэр Монголд зочилох Бундестагийн Герман-Монголын парламентын гишүүдийн хамт. 2015.07.09-ний Монгол Улсад айлчлах хөтөлбөрийн талаар ярилцав.

 

Бундестагийн гишүүн, Германы Хамтын ажиллагаа, Хөгжлийн сайд Gerd Mueller-ын хамт