Гавьяат тамирчин С.Батцэцэг, С.Цэрэнчимэд нар алтан медаль хүртлээ

30 дахь удаагийн Иван Ярыгиний нэрэмжит Гранпригийн гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин С.Цэрэнчимэд алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.

Ийнхүү С.Цэрэнчимэд “Бага дэлхийн аварга”-аас манайхны 13 дахь алтан медалийн эх орондоо авчирлаа.

Тэрбээр тус тэмцээнээс медалийн иж бүрэн цуглуулгатай болж байгаа бөгөөд 2014 онд мөнгө, 2016 онд хүрэл медаль хүртэж байв.

С.Цэрэнчимэд Красноярскт шөвгийн наймд ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын Бека Литерсийг 9:3-аар, хагас шигшээд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга Норвегийн Грейс Булланыг цэвэр, шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн Оросын аварга Ольга Хорошавцеваг 10:5-аар ялсан юм.





Мөн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг алтан медаль хүртэж, тус тэмцээний хошой аварга болов.
 
Өнгөрсөн жил ДАШТ-д жин өгсч, 68 кг-д зодоглох болсон С.Батцэцэг хоёр дахь тэмцээндээ ийнхүү түрүүлэв. Тэрбээр 2015 онд тус тэмцээнд аваргалжбайсан бөгөөд дөрвөн жилийн дахин өнгөллөө. С.Батцэцэг Красноярскт Японы Рио Ватариг 8:3-аар, нутгийн дүү нар болох ОУХМ Э.Дэлгэрмааг 3:0-ээр, спортын мастер Э.Даваанасанг цэвэр ялсан юм.

Энэ жинд Монголын гурван бүсгүй алт, мөнгө, хүрэл медаль хүртэцгээв. “Алдар” спорт хорооны тамирчин Энх-Амарын Даваанасан Гранпригээс анхны мөнгөн медалиа хүртсэн.