СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД УЛС ТӨРД ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ДУУЛИАНЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийт болон Ш.Энхжаргал нарыг хууль бус газар олгосон хэрэгт холбогдуулан хуулийн байгууллагаас шалгаж өнгөрсөн онд цагдан хорьсон. Тэгвэл сэжигтэн Х.Нэхийтийг өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд гомдол гаргаснаар цагдан хорих ангиас суллагдсан байдаг. Мөн шүүхээс хилээр гарахыг хориглосон байгаа. 

Тодруулбал, Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдах албан тушаалтан З.Мөнхцэцэг нь албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан хясан боогдуулж хахууль авсан гэж буруутгагдаж байгаа юм.

Эл хэргийг эргэн сөхвөл, Монгол Улсын газрын тухай хуульд “Тухайн шатны Засаг дарга нь газар эзэмшүүлэх, дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн аж. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль зөрчин Монгол Улсын газар нутгийг БНХАУ-ын компаниудад хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байдаг. Энэ хэрэгт нийт 11 хүнийг яллагдагчаар татагдсан талаар хуулийн байгууллагаас мэдээлж байв.

Ш.Эрдэнэжаргал нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байх үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Газрын тухай хууль тогтоомж зөрчиж,

  • Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “…энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”
  • 33.1.2-д заасан “…энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно…”,        Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам заасныг тус тус зөрчиж дуудлага худалдаа, төсөл шалгаруулахгүйгээр
  • 2020 оны наймдугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаартай захирамжаар  “Фүжи бит” /РД:6175724/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй нэгж талбарын  4601009717 газарт 13.6 га газар эзэмшүүлэх,
  • “Ийзи транспорт” /РД:6175724/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601009718 дугаартай 14.5 га газрыг эзэмшүүлэх,
  • 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн А/249 дугаартай “Силвер титан интэрнэйшнл” /РД:6416128/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010080 дугаартай 13 га газар эзэмшүүлэх
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр А/295 дугаартай "Бат Орших баян /РД:6372023/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010155 дугаартай 18 га газрыг эзэмшүүлэх эрх олгосон.

Харин Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нь:

  • 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн А/364 дугаартай захирамжаар “Сан Арвитай” ХХК-д 20 га газрыг 15 жилийн хугацаатай гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх
  • 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр А/295 дугаартай захирамжаар “Лилия гарден” /РД:6416128/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010471 дугаартай 10 га газрыг эзэмшүүлэх,
  • 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр А/30 дугаартай “Соронзон говь” /РД: 3624846/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010237 дугаартай 20 га газрыг эзэмшүүлэх
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2021 оны аравдугаар сарын 6-ны өдрийн А/315 тоот захирамжаар “Аз хур трэйвэл” ХХК-д  4601010483 нэгж талбарын дугаар бүхий, гаалийн хяналтын талбайн зориулалтаар 10 га газрыг 15 жилийн хугацаатай Ханбогд сум, Номгон баг, Цагаан хаданд газар эзэмшүүлсэн.

Сүүлийн жилүүдэд Сү.Батболдыг тансаг зэрэглэлийн хаустай гэх мэдээлэл олонтаа гарч байв. Тэгвэл өдгөө гадны хэвлэлүүдэд хүртэл Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ хэмээн нийтлэгдэх боллоо.

Монгол Улсын ерөнхий сайд асан С.Батболд авлигын замаар АНУ-ын Нью-Йорк хотод тансаг зэрэглэлийн хоёр орон сууц худалдаж авсан гэж АНУ-ын эрх баригчид мэдэгдсэнийг "BBC" агентлаг нийтэлжээ. Манхэттены төвд байрлах 14 сая ам.долларын үнэтэй үл хөдлөх хөрөнгийг прокурорууд хурааж авахаар ажиллаж байна.С.Батболдын гэр бүлийн мэдэлд байдаг компани уул уурхайн томоохон гэрээ байгуулсны дараа тус орон сууцыг худалдаж авсан гэж тэд үзэж байна. Мөн "BBC" агентлагт мэдээлэхдээ "Уул уурхай бол Монголын аж үйлдвэрийн гол салбар. С.Батболд уг хэргийг үгүйсгэж байна. 60 настай тэрбээр одоо ч парламентад суусан хэвээр байна" гэжээ.

Мөн  энэ тухай “Ройтерс” агентлаг Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдыг уул уурхайгаас хулгайлсан мөнгөөрөө Нью-Йорк хотод хоёр байр худалдан авсан болохыг АНУ-ын албаныхан мэдэгдлээ. Тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үеэрээ эл мэдээллийг олж илрүүлсэн болохоо АНУ-ын прокурорууд өнгөрсөн мягмар гарагт мэдэгджээ.

Бруклин дэх улсын прокурорууд хэлэхдээ, Ерөнхий сайд асан Сүхбаатар Батболд болон түүний гэр бүлийнхэн 2012, 2015 онд Манхэттэн хотын төвд байрлах хоёр орон сууцыг нийт 14 сая доллараар худалдаж авсан гэж мэдэгджээ. Тэдний хэлсэнчлэн энэхүү мөнгө нь 2011 онд Хонг Конг-д бүртгэлтэй Catrison Limited компанитай байгуулсан 68 сая ам.долларын уул уурхайн гэрээнээс орж ирсэн гэж үзэж байгаа бөгөөд Ази тивд томоохонд тооцогддог Монголын Эрдэнэтийн зэсийн баяжмалыг тус компани худалдан авах гэрээ байгуулж байсан юм.

Catrison limited компанийн хувьд уул уурхайн туршлага бага боловч тус хэлэлцээрийг хийхэд Сү.Батболд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан удирдсан болохыг прокурорууд мэдэгджээ. Бруклин дахь холбооны прокурорын газрын нөлөө бүхий прокурор Бреон Пийс “Батболд хууль бус авлигын схемээсээ олсон мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө худалдан авсан нь АНУ-ын холбооны хуулийг зөрчсөн үйлдэл” хэмээн мэдэгджээ.

 

Хөгжлийн банкны гэх тодотголтой олон хавтаст хэрэгт холбогдох шүүх хурал дуусч, Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг  гуравдугаар сарын 22ны өдөр олон нийтэд танилцуулав.

Шүүх хурлаас УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт холбогдох хэргийг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болголоо. Анхан шатны шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноосон байсан. Тэгвэл хэргийг дахин шалгаж үзэж, шүүхээр хэлэлцэх шаардлагатай гэж Давж заалдах шатны шүүхийн шүүгчид үзжээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг анхан шатны шүүх хурлын үеэр өгсөн мэдүүлэгтээ "Хөгжлийн банкны асуудлыг огт мэдэхгүй. Хохирол барагдуулна гээд байр, машин хураан авсан "гахай явган нохой нүцгэн" гэдэг шиг л явж байна. 2022 оны 4-р сарын 2-нд АТГ-т дуудсан. Надаас өмнө нь нэг ч мэдүүлэг авалгүйгээр шууд яллагдагчаар татсан. Тэгээд АТГ-д арав гаруй удаа биечлэн очиж бичгээр болон аман мэдүүлэг өгч, шаардлагыг биелүүлэн оролцож байв. Дархан хэргэм зэргээр бус жирийн иргэн хүнийхээ хувьд хэрэгт хандаж байв. Сүрхий дарамтад оруулдаг юм байна лээ" хэмээн ярьсан байдаг.

Дашрамд дуулгахад,  УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 6 жилийн хорих ял оноосон ч тэрбээр парламентын гишүүнийн бүрэн эрхтэй тул өнөөдрийг хүртэл хорих байгууллагад ял эдлээгүй, сул чөлөөтэй байсан юм. Харин Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг холбогдох байнгын хорооны хурлаар хэлэлцэж шийдэх юм.

Би гэм буруугүй учраас давж заалдана, цаг нь болохоор баримтаа дэлгэнэ гэдгээ мэдэгдэв

Өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байдаг.

Түүнийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан  "Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотой мэдээлэл өгье. Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Гэхдээ би гэм буруугүй учраас давж заалдана. Хүн өөрийгөө мэддэг шүү дээ. Би гэм буруугүй гэдгээ хэлье. Давж заалдах болно. Шүүхийн процесс дуусаагүй, шийдвэр эцэслэн гараагүй байна. Цаг нь болохоор баримттай нотолгоотой мэдээлэх болно. Юмны үнэн мөн нь олдоно. Тиймээс та бүхэн битгий зохиол бичиж, гүтгээрэй. Үүнийг улс төрийн захиалгатай гэж хардаж байна" хэмээн Төрийн ордонд тайлбар мэдээлэл хийх үеэрээ мэдэгдсэн байдаг.

Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг гуравдугаар сарын 22-нд танилцуулсан.

Шүүх бүрэлдэхүүний зүгээс уг хэрэгт холбогдох 27 хүний хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон бол Ё.Баатарбилэг нарт холбогдох хэргийг дахин хэлэлцэх зайлшгүй шаардлагатай байгаа тул хэргийг бүхэлд нь хүчингүй болгожээ. 

Уг хэргийн талаар эргэн сануулвал, 2023 оны зургаадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон юм.  Харин прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. Эдгээр 80 оролцогчийн нэг нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг. Тэрбээр  Хөгжлийн банкны хэргээр анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхээ 4 жилээр хасуулж, 6 жил хорих ял сонссон юм.  

 

 

Холбоотой мэдээ: 

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-1

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-2

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-3

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-4

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-5

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-6

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-7

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-8