ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ УЛС ТӨРД ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ДУУЛИАНЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Улс төрчдийн холбогдсон хэрэг тийм ч амархан шийдэгдэж өгдөггүй жамтай. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт З.Энхболд нарт холбогдох шүүх хурал долоо хоногоор хойшиллоо. УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 05-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэйн шүүх танхимд болсон ч дахин хойшилсон. Үүний өмнө өнгөрсөн нэгдүгээр сард болохоор товлогдоод байсан ч гэрчүүд хуралд ирээгүй гэх шалтгаанаар хойшлоод байсан юм.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг. Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон шүүх хурал З.Энхболд өвчтэй учраас гуравдугаар сарын 7-ны өдрийн 13.30 цаг хүртэл долоо хоногоор хойшилсон нь энэ юм.

Мөн  Хөгжлийн банкны хэргээр ял авсан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхээр болсон талаар мэдээлсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирсэн шүүгдэгч болон өмгөөлөгч нарын 36 гомдол, прокурорын нэг гомдлыг 2024 оны гуравдугаар сарын 7-нд Улаанбаатар чуулгын байранд хэлэлцэхээр болжээ.

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал өнгөрсөн 2023 оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болгосон.

Харин прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн юм. Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан, шүүхээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч, 73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.

Түүнийг авлига авсан үндэслэлээр дээрх ялыг оноожээ. Ингэхдээ таван жил хорих ял дээр нэг жилийг нэмж, нийт хорих хугацааг зургаан жил болгож байгааг албаныхан мэдээлсэн.

Ё.Баатарбилэг "Шүүхийн анхан шатны шийдвэрийг зөвшөөрөхгүй, давж заалдана" гэдгээ мэдэгдсэн билээ. Шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноосон ч хоригдоогүй байгаа юм. Учир нь, УИХ-аас түүний гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй, мөн Давж заалдах эрхтэй гэж үзсэнээр өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүн гэдэг статустай байгаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өмнө нь энэ асуудалд "Эрүүгийн хууль болон УИХ-ын тухай хуулиар үүнийг зохицуулсан. Энэ нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоол буюу давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж заасан байгаа. Ё.Баатарбилэг гишүүний асуудалд анхан шатны шүүхийн шийдвэр гарчихсан. Өөрөө давж заалдах шатны шүүхэд хандсан байгаа гэж бодож байна. Түүний дараа бүрэн эрхийн асуудал яригдана. Хуралд оролцох нь ёс зүйн хувьд тохиромжгүй гэж үзсэн болов уу” гэдэг тайлбарыг хийж байлаа. 

Түүнчлэн одоогоор хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй буй УИХ-ын гишүүн "Н" нь бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргийг прокурорт шилжүүлжээ. 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны хоёрдугаар сарын 19-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээллийг шалгасан аж. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийн дунд дээрхУлс төрд нөлөө бүхий этгээд болох Улсын Их Хурлын гишүүн “Н” нь бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргийг прокурорт шилжүүлжээ. 

"Н"хэн бэ? УИХ-ын гишүүн Н.Наранбаатар хэмээн хэвлэлүүд хэдийнээ олон нийтэд зарлажээ. Тэрбээр Өмнөговь аймгаас сонгогдож, анх удаа гишүүн болсон шинэхэн улстөрч юм.  Түүнийг нүүрсний гэх хэрэгт албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж буй нь энэ ажээ.

 

 

Холбоотой мэдээ: 

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-1

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-2

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-3

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-4

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-5

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-6

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-7