ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ УЛС ТӨРД ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ДУУЛИАНЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Нүүрсний хулгайн хамгийн гол гэрч гэгдсэн "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт ял оноолоо. Улс төрчид сонгуулийн дуу ойртох тусам дуулиант хэргүүдээ хурдхан л шийдэхийн түүс болж буй бололтой. Эрх мэдэлтнүүдийн нэр холбогдсон хэргүүд ар араасаа хөврөх өдрүүд айсуй. 

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм бурууг тогтоох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал 16 өдөр үргэлжилж өнгөрсөн долоо хоногт дараах ялыг оноов. Тэд шүүх хурлын үеэр үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадаагүй юм. 

Т.Аюурсайхан үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбайрлаж чадаагүй. Иймд тэрбээр шүүхээс гурван жилийн ял сонслоо

40 их наядын өртөгтэй нүүрсний гэх хулгай асуудалд холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг прокурорын саналын дагуу УИХ-ын гишүүнээс нь чөлөөлсөн. Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал, өөрийн найз Б.Ганхуягтай хамтарсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, түүнийгээ тайлбарлаж, чадаагүй гэх үндэслэлээр шүүхээс ял оноов.

Тодруулбал, шүүхээс шүүгдэгч Т.Аюурсайханыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэмт хэргийг үйлдсэн, Т.Аюурсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял, оноов.

Б.Ганхуягийг мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзлээ

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы найз гэгддэг Б.Ганхуягийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа хахууль авсан,  мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж, гүйцэтгэгчээр оролцсон, хууль бусаар хөрөнгөжсөн зэрэг үндэслэлээр шүүхээс ял оноов.

Тодруулбал, шүүгдэгч Б.Ганхуягийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж гүйцэтгэгчээр хамтран оролцсон, мөн үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэмт хэргийг үйлдсэн гэж үзэв. Шүүгдэгч Б.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 5 жил 9 сарын хугацаагаар хорих ял оноов.

Дээрх хэрэгт нэр бүхий 11 хүн холбогдсон. Тэгвэл бусад хүмүүсийн хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар Танилц: Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд ямар ял оноов  уншаарай.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг давж заалдахаар болжээ 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарт холбогдох хэргийг Давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон өмгөөлөгч нарын 36 гомдол, прокурорын нэг эсэргүүцлийг 2024 оны нэгдүгээр сарын 9-нд хүлээн авчээ. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байгааг шүүх байгууллагаас мэдээллээ.

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал өнгөрсөн 2023 оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон юм.

Харин прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан, шүүхээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч,  73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэр гаргасан. Түүнийг авлига авсан үндэслэлээр дээрх ялыг оноосон байдаг. Ингэхдээ таван жил хорих ял дээр нэг жилийг нэмж, нийт хорих хугацааг зургаан жил болгож байгааг албаныхан мэдээлсэн.

Ё.Баатарбилэг гишүүний хувьд "Шүүхийн анхан шатны шийдвэрийг зөвшөөрөхгүй, давж заалдана" гэдгээ мэдэгдсэн юм. 

Т.Бадамжунайд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ

Т.Бадамжунай нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т “төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т “хахууль өгөх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “мөнгө угаах” гэмт хэрэгт,

Э.Жаргалсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “мөнгө угаах” гэмт хэрэгт, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “хэргийг буруу тусгаарласан”, 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Тус захирамжид гаргасан прокурорын эсэргүүцлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн:

Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарын үйлдлийг нэгтгэн шийдвэрлэх талаар заасан хэсэг болон шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаануудаас заримыг нөхөн гүйцэтгэх шаардлагатай гэж үзэн хэвээр үлдээв.

Харин давж заалдах шатны шүүх Т.Бадамжунайд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахуул авах” гэмт хэргийн шинж байгааг шалгах шаардлагатай гэж нэмэлт заалт оруулсан болно.

 

 

 

Холбоотой мэдээ: 

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-1

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-2

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-3

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-4

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-5

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-6