Капитал банк  татан буугдсанаар ХААН банк руу хадгаламж эзэмшигч овог нэр, нөхөн төлбөрийн олгох асуудлыг шилжүүлсэн билээ. Тодруулбал, Кампитал банканд 20 сая хүртэл төгрөгийн хадгаламж эзэмшиж байсан иргэдийн нөхөн төлбөрийг өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн олгох болсныг Хадгаламжийн даатгалын корпорац мэдэгдэв. Тус корпорац Капитал банкинд харилцах, хадгаламж эзэмшигч иргэдийн овог нэр, нөхөн төлбөрийн мөнгөн дүн бүхий баталгаажсан жагсаалтыг санхүүжилтийн хамт ХААН банкинд шилжүүлжээ. Нөхөн төлбөрийг ХААН банкны Улаанбаатар хотод байрлах 19, 16 аймгийн 32 тооцооны төвөөр олгоно. Нөхөн төлбөрийг шимтгэл, хураамжгүй олгох бөгөөд иргэд доор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж, тооцооны төвүүдэд биечлэн хандах юм.

 

-Харилцах, хадгаламж эзэмшигч иргэдийн хувьд иргэний үнэмлэх, эсхүл хүчинтэй хугацаатай гадаад паспорт (Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэд улсын бүртгэлийн тамгатай лавлагаа авчрах).

-Гадаадад байгаа, эсхүл биечлэн ирэх боломжгүй харилцах, хадгаламж эзэмшигч бол бичгээр гаргасан итгэмжлэлтэй итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нөхөн төлбөрөө авч болно.

-Гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх.

-Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, мөн хуулийн этгээдийг төлөөлөгч иргэний хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх шаардлагатай. Дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах албан тушаалтанд эрх олгосон эрх бүхий этгээдийн итгэмжлэл, эсхүл тушаал, шийдвэр хэрэгтэй.

 

Мөн Капитал банкинд тэтгэвэр эсхүл хүүхдийн мөнгөний үлдэгдэлтэй иргэд мөн маргаашнаас ХААН банкнаас мөнгөө авах боломжтой. Нөхөн төлбөрийг банк дампуурснаас хойш гурван жилийн хугацаанд нэхэмжлэх хуулийн боломжтой тул иргэдийг хүлээцтэй хандаж, хэт ачаалал үүсгэхгүй байхыг мөн зөвлөсөн байна.

 

Капитал банкинд 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн хувьд 20 сая төгрөгийн нөхөн төлбөрийг ХААН банкаар дамжуулан шууд хүлээн авна. Үлдсэн мөнгөн дүнг Капитал банкны эрх хүлээн авагчид хандан нэхэмжлэл гаргана.