Манай улсад нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн шинэчлэн батлаад хэрэгжүүлж эхлээд хэдэн жил боллоо. Уг нь гадны хуулийг монголын хөрсөнд буусан хууль болгон өөрчилж чадаагүй гэх шүүмжлэлд их өртдөг. Үүний хамгийн гол асуудал нь "Нэмэгдсэн өртгийн албан татвар"-ын "Буцаан олголт" гэдэг үгийг гээчихсэн гэдэг. Үүнийг  “Капиталист намын тунхаг” номын зохиогч, судлаач Р.Ууганбаатар олонтаа хэлсэн. Тэрбээр эл хуулийг татварын буцаан олгох гол зорилгоо гээсэн болохоор харгис, дарангуйлалын хууль болсон хэмээдэг юм. Мөн саяхан шинэчлэгдээд удаахгүй байгаа хуульд ч мөн л алдаа дутагдал болсныг "Хуульд 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой тохиолдолд татварынх нь 90 хувийг буцаан олгоно гэж заасан байна. 50 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж нэг хувийн татвар төлж болно гэсэн байгаа. Гэтэл Хүн амын орлогын албан татварын 22.4.1-д гудамжинд тамхи зарж, гутал тосолж байгаа хүмүүсээс 2-120 мянган төгрөгийн татвар хураана гэсэн байна.

Энэ чинь орлогогүй хэсэг. Энэ хүмүүс чинь амьдрах бололцоогүй болчихоод л гудамжинд тамхи зараад, гутал тослоод байгаа биз дээ. Уг нь Хүн амын орлогын албан татварын хуульдаа тэтгэврийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, нэг удаагийн тэтгэлэг зэргээс нь татвар авахгүй гээд заасан. Гэлээ гээд НӨАТ-ын 10 хувийг энэ хүмүүс маань төлөөд л явж байна шүү дээ. Бололцоогүй хэсгээс татвар авахгүй гэсэн зарчим ХАОАТ-т орж ирсэн хэрнээ НӨАТ-аараа уг зарчмаа устгаад хаячихаж байна. Хүүхэд угжныхаа сүүг авахдаа ч татвар төлж байна" гэсэн юм. 

Тэгвэл сүүлийн үед зарим дэлгүүрүүд худалдаалж байгаа бараа, бүтээгдэхүүнийхээ 10 хувийг хасаад борлуулдаг болсон байна. Үүнийг харин бид дэмжих хэрэгтэй болов уу. НӨАТ төлөөд буцаан олголтоо авч чадахгүй байгаа нөхцөл олон байна. Тухайлбал, Иргэн ломбардад үнэт эдлэл, гар утас, алт, монетон эдлэлээ барьцаанд тавьж зээл авдаг. Үүнийг буцаан авахад "И-баримт" олгодог. Тэгвэл бид энэхүү баримтаар 10 хувиа буцаан авахгүй бөгөөд зөвхөн тухайн сарынхаа сугалаанд л оролцох эрхтэй. Энэ тухай НӨАТ-ын тухай хуульд, ийн бас заажээ.

Тодруулбал, НӨАТ төлөгч биш, суутган төлөгч биш байлаа ч иргэн, аж ахуйн нэгж төлбөрийн баримтаа заавал авч байх ёстой. НӨАТ-ын буцаан олголтоо авч чадахгүй ч сугалаанд оролцох эрх нь баталгаажсан төлбөрийн баримтан дээр сугалааны кодоор нээгдэх юм. Тэгэхээр үйлчилгээ бүрээс баримт авах ёстой гэдгийг иргэддээ сануулъя. Үсчин, таксинд суухдаа баримт шаардах эрхтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, татварын нэгдсэн системд холбогдсон НӨАТ суутган төлөгч биш аж ахуй нэгж, борлуулагчаас худалдан авалт хийсэн бол төлбөрийн баримтаараа зөвхөн сугалааны урамшуулалд хамрагдах боломжтой юм. Түүнчлэн эмнэлгийн байгууллагуудад үйлчлүүдэхэд олгож байгаа и- баримт мөн л зөвхөн сугалаанд оролцох эрхтэй гэдгийг иргэн бүр мэдэхгүй байна. 

Ардчилсан улсад татварыг зөвхөн ашгаас авдаг юм байна. Гэтэл манай улсад эсрэгээрээ ашигтай байна уу, эс ашигтай ажилласан нь үл хамааран бүгд л "орлогын татвар төлнө". НӨАТ нь төр, ард түмэн хоёр хамтарч, татвараас зугтаад байгаа компаниудын борлуулалтыг барьж авч буй хэлбэр юм. Худалдаж авсан бүх бараа бүтээгдэхүүний үнэ дээрээ 10 хувийг илүү төлж өгөхийг төр нь иргэдээсээ хүсч байгаа юм. Жилийн эцэст энэ илүү төлсөн татвараа төрөөс бүгдийг нь буцааж ав гэж байгаа байдал л манай үйлчилж байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харин орлогоос татвар авна гэдэг нь хамгийн том буруу зүйл ажээ. Капиталыг төр өмчилж байгаа үед иргэдээс татвар авах эрхгүй. Улсын бүх капиталыг төр иргэддээ өгчихсөн бол татвар авна гэх систем үйлчилдэг юм байна. Орлогоос татвар авна гэдэг нь хуульчилсан дарангуйлал,  хүчирхийлэл, хүний эрхийг зөрчсөн гэдгийг судлаач онцолсон.

-Бололцоог нь харгалзаж татвар тогтоох,

-Тэгш татвар тогтоох,

-Татвар тогтоохыг ард түмэн шийдэх ,

-Татвар тогтоох үндэслэлээ ард түмэн тогтоох ёстой гэсэн энэхүү дөрвөн үндсэн зарчим байдаг. Гэтэл манайд энэ дэлхийн жишиг болсон татварын зарчим үйлчлэхгүй байна. НӨАТ-ыг 100 хувь ард түмэн төлж байгаа бөгөөд зөвхөн 2 хувийг бидэнд буцаан олгож байгаа. Угтаа бол 100 хувь буцаан олгох ёстой байдаг ажээ.