ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал Төв аймгийн шүүхэд өглөө 10:00 цагаас эхэлсэн. Гэвч Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулна хэмээн 14:00 цаг хүртэл хойшилсон юм. 

Завсарлагааны үеэр Өмгөөлөгч Г.Батбаяр "Энэ бол маш нууцлалтай хэрэг. Би 9 хүний нэгийг өмгөөлж байгаа. Ерөнхийдөө хэрэгсэхгүй болгоно гэсэн байр суурьтай оролцож байна.Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх этгээд нь хоригдол Ц.Амгаланбаатар шүү дээ. Тиймээс үүнийг мэдсээр байж мөрдөн байцаагчид мэтээр иргэдэд ойлгуулж болохгүй. Гэтэл одоо онц хүнд гэмт хэргийг илрүүлсэн хуулийнхнийг буруутгаж болохгүй" гэлээ.


Тэднийг С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс яллаад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр буруутган ийнхүү шүүж байгаа юм.

Өнөөдрийн шүүх хуралд шүүгчээр Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Т.Батжаргал, шүүгдэгчээр Б.Хурц, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр, өмгөөлөгчөөр Г.Цолмонгэрэл, П.Туул нарын 17 хүн, хохирогчоор Б.Булган, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар оролцож байна.