Монголчууд аливаа зүйлд итгэмтгий зантай хүмүүс. Тэдний энэ байдлыг овжин ашиглаж нэгнийхээ хийж бүтээж буй ажил болоод шинийг эхлүүлэх гэсэн урам зоригийг сошиалаар “гүтгэж” мохоох асуудал ихээр гарах болсон. Түүнд нь олон мянган иргэд итгэж “Чулуу нүүлгэдэг” харамсалтай дүр зураг бол сошиал ертөнцийн үнэн төрх.

Үүний тод жишээ бол Хэнтий аймагт байгуулагдсан үндэсний "Чингис органик хүнс" ХХКомпанийн талаар тараагдсан гүтгэлэг мэдээлэл юм. Энэхүү мэдээллийн талаар тус компанийн захирал Ж.Ариунзултай ярилцлаа.

Тэрбээр Хэнтий аймагт орчин үеийн жишиг, стандартын дагуу, хууль журамд нийцсэн махны үйлдвэр байгуулжээ. Залуу хүний эрч хүчээр эх орондоо хийж бүтээх, гадаадаас валют татах гэсэн чин хүсэл эрмэлзлэлээр баригдсан үйлдвэр аж. Тэр ч бүү хэл Хэнтий аймагт ажлын  байр бий болгох, эдийн засагт хувь нэмэр оруулах зорилго өвөртлөн уг үйлдвэрээ босгосон байна. Гэтэл өөрсдийн эрх ашгийг өрөөлийн эрх ашгаас дээгүүр тавьдаг хэдэн хүн бизнесийн цэвэр өрсөлдөөнөөр биш "гүтгэлэг" тарааж компанийн нэр хүндэд халдаж байгаад харамсаж суугаагаа тэрбээр хэлсэн юм.

-Сүүлийн үед сошиалаар Хэнтий аймагт байгуулагдсан махны үйлдвэрийг xятад эзэнтэй, монголчуудын эрх ашгийг уландаа гишгэж байна гэх агуулгатай мэдээлэл түгэх боллоо. Энэ талаар танаас тодруулга авах гэсэн юм. Та өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Ж.Ариунзул гэдэг. "Чингис органик хүнс" компанийн захиралаар ажилладаг. Би 2017 оны дөрөвдүгээр сард хувийн компаниас үйлдвэрлэлийн зориулалттай газрыг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, байшинтай нь хамт худалдаж авсан. Сошиалаар цацагдаад байгаа шиг газрын албаны хүмүүсийг арын хаалгадаж, авлига өгч газар авсан асуудал огт байхгүй. Энэ газартаа орчин үеийн стандартад нийцсэн үйлдвэр барьж хүнсний эрүүл ахуйн чанарыг хангасан бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдэд шууд хүргэх зорилго өвөртлөн ажиллаж байгаа.

Бидний гол зорилго бол махаа малчдын гар дээрээс Улаанбаатарт махны захын бөөний үнэ ханшаар худалдан авах, мөн нэмүү өртөг багатайгаар иргэддээ борлуулах ,цаашлаад Хэнтий аймгийн иргэдийг ажлын байраар хангах зорилготой ажлаа эхлүүлсэн юм.

Гэвч зарим нэг хүчин зүйлийн улмаас үйлдвэр маань ашиглалтад оролгүй хоёр жил хүлээлтийн байдалтай байж байна. Гэтэл бидний болон нэр бүхий албан тушаалтануудын нэр хүндийг санаатайгаар гутаасан, үйлдвэрийг маань хятадынх гэж танилцуулан олон нийтийг манай эсрэг турхирсан мэдээлэл фэйсбүүк хуудсаар удаа дараа гарч, олон удаа шэйрлэгдэж хүмүүс буруу ойлголт авсны улмаас манай компани хохироход хүрээд байна. Нэгнийхээ хийж бүтээж байгаа зүйлийг дэмжихгүй юм гэхэд зориудаар худал мэдээлэл түгээж, гүтгэж байгаад харамсаж байна. Энэ үйлдэл эртнээс болж эхэлсэн ч би тэр болгонд нь хариулт өгч хууль хяналтын байгууллагад хандаж байгаагүй. Надад худал хуурмаг зүйлийн хойноос хөөцөлдөж явах цаг зав байхгүй. Мөн нэг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл надтай холбогдож үнэн эсэх талаар тодруулаагүй байтал яг хэвлэлийн мэдээ шиг олонд түгээж байна.

-Танай махны үйлдвэрт xятад ажилтан ажилладаг уу?

-Ганц ч xятад ажилтан ажилладаггүй. Яагаад хятадтай холбож мэдээлэл тараасныг мэдэхгүй. Магадгүй хятад эзэнтэй, хятадууд ажилладаг гэвэл бусад хүмүүс гүтгэлэгийг нь дэмжинэ гэж бодсон юм болов уу гэж таамаглаж байна.

-Хэнтий аймагт махны үйлдвэр хэд байдаг вэ. Нэгнийхээ нэр хүндэд халдаж бизнесээ өргөжүүлэх хэмжээний олон үйлдвэр байдаг юм уу?

-Тодорхой тоог нь мэдэхгүй байна. Хэд хэдэн бойны газар бол бий. Дахиад хэлье. Манай үйлдвэр үйл ажиллагаагаа эхлээгүй 2 жил хүлээлтийн байдалтай байгаа. Сошиалаар цацсан зураг шиг шалан дээрээ мах тарааж хаясан, машинаар хүн хөөж дайрсан энэ бүгд манайд хамааралгүй зураг бичлэг байна лээ. Энэ хүртэл би чимээгүй байж ирсэн. Харин одоо хууль хяналтын байгууллагад хандаж хэн гэдэг хүн, ямар санаатайгаар ийм муухай гүтгэлэг зохиож, ямар ямар байгууллага дэмжиж олон нийтэд хүргэж байгааг нь тодруулж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Цагдаад өргөдөл гомдлоо өгсөн байгаа.

-Сошиалд гарсан мэдээлэлд танай махны үйлдвэрийг Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүдтэй холбоотой мөн xятад эзэнтэй тэр нь монгол ажилтнаа хутгалсан гэх зүйл бичигдсэн байсан. Энэ талаар? 

-Манай үйлдвэр Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүн, н.Хэрлэнчулуун дарга, н.Ганбямба гэх зэрэг хүмүүстэй ямар ч хамааралгүй.Тэдэнтэй хувийн харилцаатай болох нь бүү хэл нүүр тулж уулзаж байгаагүй. Зурагтаар л хардаг, мэддэг болсон төрийн өндөр албан тушаалтанууд шүү дээ. Ийм байхад надтай хамаатай болгож бүр ямар ч ор үндэслэлгүй зүйлийг бичсэн. Фэйсбүүкээр яваад байгаа мэдээлэлд нэг ч үнэн үг байхгүй. Огт ор үндэслэлгүй худлаа зүйл бичсэн байна. Манай байгууллагын болоод дээрх нэр бүхий хүмүүсийн нэр хүндэд халдаж үндэслэлгүйгээр гүтгэсэн хүмүүсийг цагдаагийн байгууллага олж илрүүлэх байх гэдэгт итгэж байна.

Хутга шөвөгний асуудлын тухайд манайд нэг ч xятад ажилтан байхгүй бөгөөд хэн нэгнийг бэртээж гэмтээсэн, иргэний эрхэд халдсан хэрэг гараагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Цагдаагийнхан хүртэл ирж шалгасан шүү дээ.

-Цагдаагийн байгууллагад хандсан гэсэн гэлээ. Сошиалд тараасан гүтгэлэг мэдээлэл, хүн хутгалсан гэх худал мэдээлэл хоёрын алийнх нь талаар вэ?

-Аль алинааар нь хандсан. Хутга шөвөгний асуудал болон сошиалаар гараад байгаа бусад асуудлыг ч хамтатгасан. Манай байгууллагын болон бусад нэр бүхий хүмүүсийн нэр төрд халдаж бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн хохирлыг барагдуулж, хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүссэн байгаа.

Худал мэдээллийг сошиалд түгээсэн хүмүүс хуулийн дагуу хариуцлагаа хүлээх байх. Харин тэдний ёс бус энэ үйлдлийн үнэн худлыг ялгалгүйгээр шэйр хийж цааш нь түгээсэн хүмүүс ч хуулийн дагуу хариуцлага хүлээх байх гэж бодож байна. Хэсэгхэн хүмүүсийн болчимгүй үйлдлээс үүдэн худал мэдээлэл тарааж хуулийн хариуцлага хүлээж хохирох хүмүүс хайран л байна. Нэг байгууллагыг харуулж гутаахын тулд ийм олон хүнийг золиослож болохгүй шүү дээ.

Эндээс үүдээд хэлэхэд ямар ч баримтгүйгээр хэн нэгнийг гүтгэж, нэр төрд халдвал хуулийн өмнө хариуцлага хүлээх болно гэдгээ мэддэг байх ёстой болов уу.  Мөн бизнес эрхлэгчид шударга өрсөлдөөн хиймээр байна. Тэрнээс биш ар хударгаар ийм хар бараан, ор үндэслэлгүй зүйлээр нэр төрд халдаж өрсөлдмөөргүй байна.

-Та мэдээлэл түгээсэн фэйсбүүк хуудсыг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанд өгсөн гэсэн. Тэд ямар хариу өгсөн бэ?

-Цагдаагийн ерөнхий газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын холбогдох албаныхан шалгаад хариу өгнө гэсэн байгаа.

-"Чингис органик хүнс" үйлдвэрийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд нийт хэдэн хүнийг ажлын байраар хангах вэ?

-Манайх эхний ээлжинд 50-60 ажилтан авах төлөвлөгөөтэй байгааМөн дунджаас дээгүүр цалинтай ажлын байр бий болгоно гэсэн зорилт тавьсан. Махаа малчдаас зах зээлийн үнээр худалдаж авна гэх зэрэг аль болох малчид, ажилчдаа дэмжиж ажиллах төлөвлөгөө боловсруулсан. Энэ маань зарим хүмүүст таалагдаагүй учраас ийм гүтгэлэг тараасан байх.

Стандартад нийцсэн, эрүүл ахуйн байдлыг хангасан үйлдвэр байгуулсан болохоор зөв өрсөлдөхөөс айж иймэрхүү явуургүй аргаар оролдож байгаа хүмүүст шударгаар өрсөлдье, зөв ажиллая гэж хэлмээр байна.