2019-2020 оны хичээлийн шинэ жилийг угтаж БСШУС-ын сайд болон дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга өнөөдөр мэдээлэл хийж байна. Энэ үеэр сурагчдын амралтын хуваарийг төлөвлөсөн талаараа танилцууллаа.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Хичээлийн жилийн бүтэц батлагдсан 2019-2020 оны хичээлийн жилд сурагчид хэдийд амрах тухай бүтцийг батлан гаргалаа. Бага анги 32 долоо хоног хичээллэх бол ахлах, дунд анги 33 долоо хоног хичээллэнэ. Амралтын үе нь нийслэл, орон нутагт харилцан адилгүй байх юм. Тухайлбал, нийслэлийн сурагчид өвлийн цагт урт амрах бол орон нутгийн сурагчдыг хавар мал төллөх цагаар урт хугацаагаар амруулахаар төлөвлөсөн. Тавдугаар сарын сүүлээр сурагчдын зуны амралт эхэлнэ" гэлээ.

48 сургууль, 93 цэцэрлэг барьж байна

Монгол Улсын Засгийн газраас гурван ээлжийг хоёр ээлжид шилжүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд их хэмжээний хөрөнгө оруулалтыг уг ажилд зарцуулж байгаа. 2019 оны байдлаар 21420 хүүхдийн суудал бүхий 48 сургууль ашиглалтад орно. 13 мянган хүүхдийн суудалтай 93 цэцэрлэг ашиглалтад орно. Сүүлийн 10 жил магадгүй түүнээс өмнө ч ийм их сургууль, цэцэрлэг нэг жилд ашиглалтад орж байгаагүй. Салбарын хэмжээнд нийт 603 төсөл хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл, 603 сургууль, цэцэрлэг, соёл, спортын байгууллагын барилга баригдаж байна гэсэн үг. Ийм их ачааллыг авч бид ажиллаж байна. Одоогоор салбарын хөрөнгө оруулалтын хувь 70 орчим хувийн гйүцэтгэлтэй байна. Энэ онд салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 90 орчим хувьд хүрэх байх.

Эцэг, эхчүүдтэй гэрээ байгуулна

Энэ хичээлийн жилээс эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ. Хүүхдүүддээ хандах эцэг, эхчүүдийн хандлага янз бүр байна. Түүнээс болж хүүхэд хамгааллын асуудал орхигдож байна. Тиймээс эцэг эхчүүдтэй гэрээ байгуулахаар болсон. ЕБС-д суралцагчийн эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээний үлгэрчилсэн загвар баталсан. Энэ гэрээнд тусгаснаар эцэг, эх асран хамгаалагчийн эрх үүрэг гэж байгаа.

Хүүхэд бүрт сурах бичиг өгнө

Өнгөрсөн жил бага ангийн хүүхдийн сурах бичгийг төрөөс хангаад, дунд, ахлах ангийн амьжиргааны түвшин доогуур амьдралтай хүүхдийн сурах бичгийг хангаад, үлдсэн нь өөрсдөө номоо авдаг байсан. Энэ жил сурах бичгийн мөнгө төсөвт байхгүй байсан ч бид хэд хөөцөлдөж байгаад Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт босгоод сурах бичгийг хэвлэж байна. Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт авах гэрээ урт хугацаанд үргэлжилсэн тул сурах бичгийн хэвлэлт оройтсон. Энэ жил бүх хүүхдүүдэд сурах бичиг очно. Өөрөөр хэлбэл, сургуулиудад хүүхдийн тоогоор сурах бичиг өгнө. Сургууль хүүхдэд номоо түрээслүүлнэ. Сурах бичиг худалдаалах шаардлагагүй болсон.