Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тендерийн үйл ажиллагааг хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн боловч “ХААБ” ТӨХХК нь шүүхийн шийдвэрийг үл биелүүлж дахин тендер зарлаж, шаардлага хангаагүй “Айтүүлс” ХК-ийг дахин шалгаруулсан байна. Шүүхээс давсан эрх мэдэл, том толгой гаргасан энэ үйлдлийг өнөөдөр АТГ-аас шалгаж байгаа юм.

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зарласан ХААБ/201901001 дугаартай “Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нэвтрүүлэх цахим тендер” зарлагджээ.

Гэтэл  “ХААБ” ТӨХХК нь хуулийг ноцтой зөрчиж огт шаардлага хангахгүй, олон зөрчил бүхий “Айтүүлс” ХК-ийг шалгаруулсан болох нь баримтуудаар тодорхой болсон байна. Тодруулбал, “Айтүүлс” ХК-ийн тендерт ирүүлсэн материал нь бүхэлдээ шаардлага хангахгүй байхад материалыг дахин бүхэлд нь гаргуулан авч, дараах шаардлага хангахгүй ноцтой зөрчлүүдийг үл тоон тус компанийг шалгаруулсан байна. Үүнд:

  1. Татварын албанд өргүй тухай тодорхойлолт шаардлагыг хангаагүй аж. Тодруулбал Татварын тодорхойлолтын хүчинтэй хугацаа 2019.03.22-нд дууссан байгаа нь ТӨХ- ТОӨЗ 4.2-ыг хангахгүй байгаа гэнэ.
  2. Тендерт оролцогчийг төлөөлж гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн итгэмжлэлийг ирүүлээгүй байгаа юм.
  3. Өмнө нь блокчэйн технологи ашиглан арилжааны систем боловсруулж байсан гэрээ байхгүй.
  4. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл буюу Microsoft Power BI бүтээгдэхүүнийг нийлүүлэх Empasoft ХХК-ний Microsoft-оос олгосон зөвшөөрлийн хугацаа 2018.03.31-нд дуусгавар болсон.
  5. Чиглэлээрээ дэлхийд тэргүүлэгч, лог бүртгэл, гадны бүх төрлийн халдлага, урсгал хянах боломжтой WAF буюу Security төхөөрөмж  /iTools компани нь WAF төхөөрөмж дээр ажиллаж байсан туршлагатайг илэрхийлсэн мэдээлэл ирүүлээгүй бөгөөд зөвхөн Imperva WAF төхөөрөмжийн танилцуулгыг бэлтгэн ирүүлжээ.
  6. Сүлжээний дэд бүтэц мэдээллийг хамгаалах төхөөрөмжийн нэвтрэлт 10GBps-аас, IPS нь 2GBps-ээс багагүй үзүүлэлт бүхий firewall төхөөрөмжийг ирүүлээгүй.
  7. Тасралтгүй ажиллагаа, үйлчилгээгээрээ танигдсан raid 5, 10 төрлөөр зохион байгуулсан SSD дисктэй, өндөр хурдтай ажиллах боломжийг шуурхай санах ойд бүрдүүлсэн 128GB-аас багагүй санах ой бүхий сервертэй байх ёстой ч iTools компани нь Dell server дээр ажиллаж байсан туршлагатайг илэрхийлсэн мэдээлэл ирүүлээгүй бөгөөд зөвхөн Dell R640 серверийн танилцуулгыг бэлтгэн ирүүлжээ.
  8. Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын 8.3. Тендерт оролцогч цахим системийн шаардлагад нийцүүлэн тендерийн баримт бичгийг бэлтгэн ирүүлэх бөгөөд тендерт оролцогчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарах аливаа хариуцлагыг худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага болон захиалагч хариуцахгүй гэж заасан байдан. Гэтэл iTools-ийн нийт 331 хуудас бүхий 5ш .pdf файл ирүүлсэн. Бүх файлын харагдац маш муу. Ялангуяа эдгээрээс 2-4, 6-7, 15, 17-20, 32, 37-42, 67-83, 86-94, 101-102, 109-114, 125, 128-132, 136-141, 145, 149, 153, 156, 160, 164, 168, 176, 184, 188, 192, 196, 200-203, 207-208, 210, 220-235, 238-256, 277-286, 288-289, 291-293, 314-315, 321, 323-331-р хуудас гэсэн 135 хуудасны өгөгдөл уншигдахгүй байгаа учраас эдгээр хуудаснуудтай холбоотой үнэлгээг бүрэн хийх боломжгүй. Тендерт оролцогчийн буруутай ажиллагаанаас болсон аливаа хариуцлагыг журмын дагуу захиалагч хүлээхгүй учраас .pdf файлыг дахин шинэчлэн тодруулан авах шаардлагагүй байхад үүнийг зөрчсөн байгаа юм.
  9. Бүх техникийн тодорхойлолт шаардлагыг “Техникийн саналыг шалгах асуулга”-ын хүснэгтийг ашиглан ирүүлээгүй. Мөн бүх техникийн тодорхойлолт шаардлагыг хангаж буй эсэхийг илэрхийлэхдээ “Нийцсэн” гэж нэг үгээр илэрхийлж ирүүлсэн. Энэ нь техникийн шаардлагыг хангаж буй эсэхийг батлахад хангалтгүй.
  10. Үүнээс гадна техникийн 43 шаардлагыг хангаагүй байгаа аж.

Мөн Үнэлгээний хороонд орж ажилласан хараат бус гишүүн Маньбазар овогтой Оргил нь тендерийн үнэлгээ хийх явцад бусад гишүүд нь хуулийг ноцтой зөрчиж байсан тул хууль бус үнэлгээнд оролцох боломжгүй гэж хурлыг орхин гарч, Сангийн яаманд хууль бус үйлдлийн талаар гомдол хүртэл гаргасан ч үнэлгээний хорооны бусад гишүүд нь хууль, журмыг үл хайхран “Айтүүлс” ХК-ийг шалгаруулсан гэх мэдээлэл байгаа аж.

Тиймээс тендерт оролцогчид Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тендерийн үйл ажиллагааг хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн боловч “ХААБ” ТӨХХК нь шүүхийн шийдвэрийг үл биелүүлж дахин тендер зарлаж, нөгөөх “Айтүүлс” ХК-ийг дахин шалгаруулсан нь Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, мөн илтэд шүүхийн шийдвэрийг үл биелүүлж шаардлага хангахгүй компанийг хууль бусаар шалгаруулсан гэх хардлага төрүүлээд байгаа аж. Тиймээс энэ хэргийг шалгуулахаар АТГ-т тендерт оролцогчид хандаад байгаа бөгөөд хэргийг шалгаж эхлээд байгаа гэх мэдээлэл байна. 

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.