УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ.  Тэрээр "УИХ-аар Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Үндэсний эвслээс тус хуулийн төслийг хэлэлцэх нь зөв гэж үзэж байгаа. Гэхдээ хуулийг хэрэгжүүлснээр Францын талтай уран олборлох чиглэлд хамтран ажиллахад анхаарах хэд хэдэн асуудал бий.  Одоогоос 15 жилийн өмнө Оюутолгойн гэрээг үзэглэж байсан. Энэ гэрээтэй холбоотой улс төрийн асуудал одоог хүртэл үргэлжилж байна. Олон улсын гэрээ хэлэлцээрт Монгол Улсын язгуур эрхийг хамгаалах нь маш чухал. Харилцан эдийн засгийн хамтын ажиллагаа байх нь дамжиггүй юм.

Мөн 126 гишүүн анхны төсвөө хэлэлцэж байна. Шинэ парламент иргэдийнхээ итгэлийг авахын тулд ажиллах ёстой. Үүний эхлэл нь улсын төсөв. Төсөвт уламжлал болсон байдлаар хандах юм бол улс орон элгээрээ хэвтэнэ. Өнгөрсөн жил улсын төсвийн зарлага 20 их наяд байсан бол ирэх жил 30 их наяд болжээ. Гэтэл орлогод баталгаа байхгүй. Түүхий нүүрсний зах зээлээс орлогоо тооцсон байна.

Нүүрсний үнэ унаж байгаа. Гэтэл манай улс төсвөө маш өөдрөгөөр төсөөлж байна. Орлого зарлагын зөрүү гарахаар инфляц өдөөгддөг. Хэмнэх боломжтой маш олон зардлыг хэмнэсэнгүй. Түүнчлэн боловсон хүчний бодлого төлөвлөмөөр байна" гэсэн юм.