УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.  Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд ажлын хэсгийнхнээс асуулт асууж хариулт авав. 

Мөн хуулийг эцэслэн баталсантай холбоотойгоор Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж мэдээлэл хийсэн юм.   Мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:

- Дорноговь аймгийн Улаанбадрах сум болон Зүүнбаян баг Зөөвч-Овоо үндсэн ордод их ойрхон байдаг.  Айл өрхүүдэд нөхөн олговрыг яаж олгох вэ. Энэ мөнгө тусдаа юу эсвэл орон нутагт жил бүр олгох сая ам.доллараасаа олгож гэж байна уу.

“Мон-Атом” компанийн захирал Д.Далайжаргал:

-2006 оноос нийгмийн хариуцлагын хүрээнд нийтдээ есөн тэрбум төгрөгийг орон нутагт зарцуулсан. Хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Энэ гэрээг хоёр, хоёр жилээр байгуулдаг. Гэрээгээр тэрбум төгрөгийг орон нутагт зарцуулдаг. Улаанбадрах суманд 700 сая, Зүүнбаян баг жил бүр 300 сая төгрөгийг жил бүр зарцуулж байгаа.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Зарчмын хувьд Цөмийн энергийн хуулийг дэмжиж байгаа. Мөн энэ хуультай хамтатган төрийн болон хувийн хэвшлийн томоохон төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд хэний санаачилсан хуулийн төсөл вэ гэдэг шалтгаанаар гацаа тээг хийж, хойшлуулж ирсэн. 2002 онд тавдугаар цахилгаан станцыг ярьж хэдэн ч удаа нээлтийг нь хийсэн бэ. Бусад үйлдвэрүүд улстөржилтөө давж чадаагүй. Томоохон бүх төсөл хөдлөх ёстой. Ураны баяжмалын хог хаягдлын менежментэд ямар зорилго тавьсан юм бэ.

Ажлын хэсгийн шинжээч Н.Тэгшбаяр:

-Хог хаягдлыг олон улсын дүрэм журмаараа зохицуулна. Аюултай хог хаягдал гарахгүй шүү дээ. Байгалийн ураны зүйл гарна. Тэгэхээр аюултай гээд цөмийн зэвсэг шиг яриад байх асуудал биш.

УИХ-ын гишүүн Д.Ганмаа:

-Дэмжиж байгаа. Гэхдээ хэд хэдэн асуудал байна. Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм эдийн засгийн үр дагавар юу вэ. Тэр дотроо цацраг идэвхит ашигт малтмалтай холбоотой болзошгүй ослоос сэргийлэх, хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах нөхцөл бүрдэнэ гэж дурджээ. Өмнөх хуульдаа ч тэр шинэ хуульд ч байгаль орчны үнэлгээ хийж байгаа гэдэг өгүүлбэр байна. Гэтэл хүний эрүүл мэндийн үнэлгээний тухай огт дурдаагүй байна вэ. Татвар төлбөр тооцоо чухал ч хүний эрүүл мэнд чухал шүү дээ.

УУХҮ-ийн сайд Ц.Туваан:

-Эмч хүн учраас эрүүл мэнд талдаа асууж байна. Ажлын хэсэгт эрүүл мэндийн салбараас хүн оруулах байж. Энэ тал дээр бид анхааръя. Цөмийн энергийн комисс дээрээ эрүүл мэндтэй холбоотой асуудлыг авч явдаг. Эмнэлгийн мэргэжлийн хүмүүс байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-20 гаруй жил гацсан төслийг 20-хон хоногийн дотор батлах гэж байна. УИХ-д суудалтай улс төрийн намууд, гишүүд зарчмын хувьд дэмжиж байна. Өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд энэ төслийг гацааж ирсэн. Хүсвэл бие биенээ дэмжиж чаддаг юм байна. УИХ ногоон гэрлээр баталж өгч байна шүү дээ.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

-Ашигт малтмалын тухай хуулиар бус Цөмийн энергийн тухай хуулиар яагаад зохицуулах ёстой болов. Тодорхой үндэсний амбицтайгаар хийж буй ажил гэж харж байна. Улстөрчдийн амбицаас улс үндэстний амбицын хүрээнд цөмийн энергийн асуудлыг тавьж ирсэн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн баримт бичгүүдэд цөмийн энергийн асуудлууд туссан байгаа. Энэ хууль батлагдсанаараа уран олборлолоо гэхэд шар нунтаг гаргаж авна. Цаашдаа хөрвүүлэх, баяжуулах, түлш үйлдвэрлэх хэсэг рүү одоохондоо орох чадал тэнхээ байхгүй ч улс үндэстэн гэдгээрээ атомын станц гээд тусгаад байгаа биз дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин