УИХ-ын гишүүн Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Парламент удахгүй 2025 оны Төсвийн хуулийг батална. Гол хэлэлцүүлгүүд өрнөж байна. Ер нь ирэх оны төслийн төсөл дээр та ямар байр суурьтай байна вэ. Энэ тухай яриагаа эхэлье?

 

-Энэ удаагийн төсөв 35 их наядын зарлагатай орж ирсэн. Зарлага өндөр байна гэсэн шүүмжлэлийг зарим хүн хэлж байх шиг байна. Шүүмжлэх гэхээсээ илүү эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор зарлага нэмэгдэж орж ирж байгааг ойлгох хэрэгтэй. Манай дотоодын бүтээгдэхүүнүүд нэмэгдэж байна. Түүнийг дагасан афсалют өсөлтүүд нэмэгдэх нь ойлгомжтой. Мөн энэ удаагийн төсөв дээр нэг онцлог зүйл бий. Тэр нь төсвийн суурь тэнцэл, тогтворжуулсан орлогын асуудал юм. Үүнийг би зөв гэж харж байна.

 

Манай эдийн засгийн рейтингийг олон улсын үнэлгээ тогтоогч нар болох “S&P” болон “Fitch”-ийн зүгээс В нэмэх болгосон. Энэ рейтинг нь ирэх оны төсөвтэй уялдаж, орж ирж байгаа нь их зөв концепц болжээ гэж харж байна. 

 

Түүнчлэн энэ удаагийн төсөв жижиг асуудлууд гэхээсээ илүү бүсчилсэн хөгжил, мега төслүүдийг дэмжсэн байдлаар батлагдах гэж байна. Энэ бол маш зөв.  Ирэх жилүүдэд манай улсад 2000 км шинэ зам баригдана. Нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гээд томоохон төслүүд маань урагшлах нь. Мянганы сорилтын сантай хийж байгаа Улаанбаатар хотын ус цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орох нь. Ингэж томоохон төслүүдээ урагшлуулж, хөрөнгө оруулалт хийж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн дархлааг сайжруулна. Дунд хугацаандаа эдийн засгийн өсөлт авчрах ийм төсвийн төслийг батлах нь гэж харж байна. Түүнчлэн Үндэсний баялгийн сан болон Төсвийн тогтворжуулалтын сандаа багагүй хэмжээний хуримтлал үүсгэхээр байна. Найман сарын байдлаар Төсвийн тогтворжуулалтын санд 1.6 их наяд төгрөг хуримтлуулсан байна. Ирээдүйн өв санд 3.6 их наяд төгрөг хуримтлагдсан байна. Цаашид энэхүү хуримтлал нэмэгдэнэ. Улмаар 2025 онд сангуудын хуримтлал буюу Баялгийн санд 2.4 их наяд, Төсвийн тогтворжуулсан санд 609 тэрбум төгрөг хуримтлуулна гэсэн байна. Энэ нь өсөн нэмэгдэж байгаа ч уул уурхайн орлогоос хамааралтай манай эдийн засгийг аливаа эрсдэлд орохоос хамгаалж өгнө. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох давуу талтай.

 

-Зарлага бол нэлээд нэмэгдэж орж ирсэн юм байна. Орлого бүрдүүлэлтийг хэр оновчтой харж, төсөөлсөн төсөв болсон бэ?

 

-Манайх дийлэнх орлогоо уул уурхайн бүтээгдэхүүн болон тэр дундаа нүүрс, зэсийн экспортоос бүрдүүлнэ. Ер нь манай гадаад валютын нөөц болон төсвийн бүрдүүлэлт энэ хоёр бүтээгдэхүүнээс шууд хамааралтай. Нүүрсний олон улсын зах зээл эерэг төсөөлөлтэй харагдаж байна. Манай гол нийлүүлэгч болох урд хөршийн Засгийн газар эдийн засгаа өсөлтөд хүргэхийн тулд томоохон бодлогуудыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, ипотекийн зээлийнхээ урьдчилгаа төлбөрийг буулгалаа. Мужууддаа бонд гаргах зөвшөөрлийг нь өгчихлөө. Тэр дундаа маш урт хугацаанд буюу 50 жилийн хугацаатай бонд босгох боломжийг нь нээж өгсөн байна. Үүгээрээ дамжуулан дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг хийж байна. Үл хөдлөхийн компаниуддаа их хэмжээний зээл олгож байна. Зарим хэрэгжиж амжаагүй төслүүдийг улс нь буцаан худалдан авч компаниудаа мөнгөжүүлж байна. Зарагдаагүй орон сууцуудыг мөн төр нь худалдан авч байна. Энэ мэтчилэн БНХАУ эдийн засагтаа томоохон өөрчлөлтүүдийг хийж байна. Энэ эдийн засгийн бодлого нь том агуулгаараа нүүрсний хэрэгцээгээ нэмэгдүүлэх нь ойлгомжтой. Дэд бүтцийн томоохон төслүүдийн дийлэнхэд нь төмөр ордог. Нэг тонн ган хайлуулахад дунджаар 770 кг коксжсон нүүрс ашигладаг. Тэгэхээр нүүрсний экспорт ирэх жилүүдэд харьцангуй тогтвортой байх болов уу.

 

-Зэсийн экспортод ямар төсөөлөлтэй байна вэ?

 

-Зэсийн хэрэглээ өндөр байна. Үүнийгээ дагаад үнэ нь тогтвортой байх болов уу. Зэсийн гол хэрэглээ нь цахилгаан машин.  Одоогоор олон улсад зарагдаж байгаа нийт шинэ автомашины 12 хувь нь цахилгаан машин байна. Ирэх 2-3 жилийн хугацаанд цахилгаан автомашины нийлүүлэлт 26 хувьд хүрнэ гэсэн судалгаа байна. Нэг цахилгаан машин үйлдвэрлэхэд энгийн хөдөлгүүртэй машинаас 2-3 дахин их зэс хэрэглэдэг. Мөн сүүлийн үед сэргээгдэх эрчим хүч шинэ тутамд хөгжиж байна. Дэлхийн даяар том том төслүүд хэрэгжиж байна. Сэргээгдэх эрчим хүчээр нэг мегаватт эрчим хүч үйлдвэрлэхэд мөн л нүүрстэй харьцуулахад 2-3 дахин их зэс ашиглана. Тэгэхээр ирээдүйд зэсийн эрэлт нэмэгдэнэ гэж харж байна. Нийлүүлэлт талдаа Оюутолгойгоос өөр зэсийн үйлдвэрлэл явуулах орд дэлхийд ховор байна. Тэгэхээр эрэлт нийлүүлэлтийн харьцаа тухайн бүтээгдэхүүний үнийг зах зээлийн зарчмаар нь тодорхойлдог учраас зэсийн экспорт дээр ч эерэг төсөөлөлтэй байна.

 

-Сонирхоод асуухад, түүхий нүүрсний цонх үе дуусаж байгаа гэж яригддаг. Саяхан Дэлхийн банк мөн энэ асуудлаар судалгаа танилцуулсан байсан. Та ямар байр суурьтай байна вэ?

 

-Ган хайлуулахад коксжсон нүүрс хэрэгтэй. Газ болон цахилгаанаар хайлуулах технологиудыг Шведын “Volvo” компаниас эхлээд туршиж байна. Гэхдээ энэ нь хэтэрхий өндөр өртөгтэй гэдэг нь батлагдсан. Тэгэхээр яг одоогийн байдлаар коксжсон нүүрсээр ган хайлуулах шиг шалгарсан технологи байхгүй л байна. БНХАУ-ын хувьд гангийн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг улс орон шүү дээ. Гэхдээ Цаашид манай улс мэдээж эдийн засгаа солонгоруулах ёстой. Манай экспортын бүтээгдэхүүний 92 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн.  

 

Тухайн бүтээгдэхүүнүүдээ ядаж боловсруулж гаргах нь чухал. “Эрдэнэс Таван толгой” ордыг түшиглэсэн боловсруулах үйлдвэр удахгүй ашиглалтад орно. Мөн ирэх оны төсөвт уул уурхайн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн импортын татварыг тэглэх зохицуулалтыг оруулж ирсэн. Үүнийг би их зөв бодлого гэж харж байна. 

 

Яагаад гэхээр манай үйлдвэрлэх бүтээгдэхүүний 70-80 хувь нь импортын бүтээгдэхүүнээс хамааралтай.  Боловсруулах үйлдвэр дотооддоо хөгжүүлснээр дунд хугацаандаа экспортоо нэмэгдүүлэх боломжтой болно. Мөн улсын төсвийг тэлэх боломж гэж харж байна. Түүнчлэн уул уурхайгаас гадна бид аялал жуулчлалын салбараа маш сайн хөгжүүлэх шаардлагатай. Одоогийн байдлаар Монгол Улсад 700 мянган жуулчин ирсэн байна. Тэднээр дамжуулан манай эдийн засагт 1.5 тэрбум ам.доллар орсон байна. Нэг жуулчин дунджаар 2200 ам.доллар Монгол Улсад үлдээдэг гэсэн судалгаа гарсан байна лээ. Тэгэхээр байгаль экологийн салбартаа ээлтэй жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь чухал.  Энэ нь эдийн засгийг солонгоруулахад дэм болно.

 

-Уул уурхайн бүтээгдэхүүнээс бид валютын нөөцөө бүрдүүлж байна. Тэгэхээр дараагийн нөөц бүрдүүлэх боломжтой салбарыг та аялал жуулчлал гэж харж байна уу?

 

-Тийм ээ. Экспортын бүтээгдэхүүний 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Нэг ёсондоо гадаад валют бүрдүүлдэг номер нэг салбар нь уул уурхай гэсэн үг.  Үүний дараа аялал жуулчлалын салбар орж байна. Өнгөрсөн хугацаанд гэхэд аялал жуулчлалаас Монгол Улсад 1.5 тэрбум ам.доллар орж иржээ. Тэгэхээр бидний дараагийн хөгжүүлэх боломжтой салбар бол аялал жуулчлал гэж харж байна. Эдийн засгийн хувьд уул уурхайн салбар манай улсын нийт эдийн засгийн 28-30 хувь нь байна. Бусад нь жижиг дунд бизнес эрхлэгч нар болон банк санхүүгийн салбарынхан, тээвэр логистикийнхон бүрдүүлж байна.

 

- Засгийн газраас ирэх жилүүдэд 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарласан. Гэхдээ мега төслүүдийг зээлээр хэрэгжүүлж, Монгол Улсын гадаад өрийг нэмэгдүүлэх гэж байна гэсэн шүүмжлэл гараад байгаа. Энэ асуудалд та байр сууриа илэрхийлэхгүй юу?

 

-Ямар ч улс орон улсынхаа нэгдсэн төсвөөр том том бүтээн байгуулалтыг цаг алдалгүй хийж чаддаггүй. Ер нь эдийн засгийнхаа онолоор ч ингэж хийх нь амаргүй зүйл. Төсөв дээр гэхэд эдийн засгийн хязгаарлагдмал нөөцөө яаж хамгийн үр ашигтайгаар зарцуулах вэ гэдгийг л нэгдүгээрт анхаарна. Тэгэхээр мега төслүүдийг хэрэгжүүлэхэд яалт ч үгүй гадаадын хөрөнгө оруулалт яригддаг. Ингэхдээ төр хувийн хэвшил түншилж болно. Прожект файненс хэлбэрээр явж болно. Дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулдаг томоохон сангуудаар дамжуулан хөрөнгө оруулалт татаж болдог. Тухайлбал, Австралийн Мacquarie infrastructure сан гэж бий. Энэ нь хурдны зам, гүүрэн байгууламжийн төслүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Ванкувер хот ч гэхэд саяхан гүүр барихдаа бонд босгож тэр хөрөнгөөрөө л барьж байна. Лондон хот метроны өргөтгөлөө барихдаа ч олон улсад нээлттэй тендер зарлаж бонд босгоод төр хувийн хэвшлийн түншлэлээр хийсэн. Монгол Улс ч гэсэн энэ л зарчмаар явж хөгжих ёстой. Үгүй бол Улсын төсвийн 35 их наяд төгрөгийн 80 хувь нь бараг урсгал зардалд явчхаж байна. Үлдсэн 10 их наядаараа л хөрөнгө оруулалт хийх эдийн засгийн потенциалтай. Энэ хөрөнгөөр томоохон мега төслүүдийг хэрэгжүүлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бид мега төслүүдийг гадаадын хөрөнгө оруулалтаар л хөдөлгөнө:. 

 

-Ямартай ч том төслүүдээ хөдөлгөсөн төсөв батлагдах нь. Гэхдээ энэ төсөв энгийн иргэдийн амьдралд богино хугацаандаа ямар нөлөө авчирна гэж та харж байна вэ?

 

-Иргэдийн амьдралд шууд утгаар нөлөөлөх хоёр зүйл бий. Нэгдүгээрт, инфляцтай уялдуулж тэтгэвэр нэмэгдэнэ. Төрийн албан хаагчдын цалинг мөн инфляцтай уялдуулан шат дараатайгаар нэмэхээр тусгасан байна. Шууд бусаар нөлөөлөх олон зүйл бий.  Боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн импортын татварыг тэглэлээ. Энэ нь ажлын байр бий болох ирээдүйд эдийн засгийг тэлэх суурь нөхцөл суурь болж байна. Нийслэлийн Зүүн болон баруун бүсийг холбосон хурдны зам баригдах гэж байна. Энэ нь түгжрэлийг бууруулна. Тойргийн замууд баригдана. Бидний мэддэг Бээжин хот гэхэд зургаан тойргийн замтай. Улаанбаатар маань ядаж нэг тойргийн замтай болчиход нийгмийн олон асуудал шийдэгдэнэ. Мөн метроны төсөл байна. Энэ мэтчилэн иргэдийн амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлөх олон зүйл байна. Томоохон мега төслүүд ч эдийн засагт эерэг үзүүлэлт авчирна. Ингэснээр иргэдийн орлого нэмэгдэж, амьдралын чанар сайжирна. Нэг хүнд ногдох дотоодын бүтээгдэхүүнийг 10 мянган ам.доллар давуулахаар зорьж байна. Хэрэв ингэж чадвал манай улс маш хурдацтай хөгжинө.

 

-Та иргэд, аж ахуй нэгжийн нуруун дээр хамгийн их дарамт болж байгаа зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзэж байгаа. Ямар гарц гаргалгаа байна вэ?

 

-Зээлийн хүүг бууруулах талаар холбогдох газруудтай уулзалт хийж, судалгаа хийсэн. Өнөөдөр Монгол Улсад зээлийн жигнэсэн дундаж хүү 18 хувьтай байна. Хэрэглээний зээл болон хөрөнгө оруулалтын зээл 20-24 хувийн хүүтэй байна. Энэ хүү буурах боломжтой. Монгол Улсын үнийн өсөлт болон инфляц 6.7 хувьтай байна. Бодлогын хүү 10 хувь болж буурсан байна. Гэтэл яагаад зээлийн хүү буурахгүй байна гэсэн асуудал яригдаж байна. Зээлийн хүүг эдийн засгийн аргаар бууруулах хоёр боломж бий.  Хамгийн хурдан нь буюу богино хугацаандаа эрсдлийн онооны системийг нэвтрүүлэх шаардлагатай. Өнөөдөр банкны салбарынхан бүх харилцагчаа нэг цонхоор хардаг. Зээлээ сахилга баттай төлдөг иргэдээ ч адилхан, зээлээ төлдөггүй хүмүүстэй ч адилхан хандаж зээлээ төлдөггүй хүмүүсийнхээ эрсдлийг сайн зээл төлдөг хүмүүстээ үүрүүлээд байдаг. Энэ бол шударга зарчим биш л дээ. Тэгэхээр зээлжих оноо тогтоодог байх хэрэгтэй. Зээлээ сайн төлдөг иргэд оноогоо өндөр авч, дараагийн зээл авахдаа бага хүүтэй урт хугацаатай зээл авах ч юм уу давуу эрхтэй байна гэсэн үг. Харин сахилга бат муутай төлөгч маань бага оноогоор эрэмбэлэгдэж арай өндөр хүүтэй зээл олгох байдлаар системийг шинэчлэх шаардлагатай гэж харж байна. Энэ нь дунд болон урт хугацаандаа илүү санхүүгийн сахилга баттай иргэдийг бол болгоно. Эдийн засаг банкны систем талдаа ч илүү эрүүл системийг бий болгох хуулийн төслийг тун удахгүй өргөн барих гэж байна.

 

-Зээлийн хүүг бууруулах хоёр дахь боломжийн талаар та тодруулахгүй юу?

-Актив удирдлагын компани Монголд зайлшгүй шаардлагатай байна. Өнөөдөр банк барьцаа хөрөнгө авдаг. Иргэд болон аж ахуй нэгжийн зээлд асуудал үүсэж барьцаа хөрөнгийг борлуулахад 5-8 жилийн хугацаа шаардлагатай болж байна. Нөгөө хөрөнгө нь элэгдэлд орж үнэгүйддэг. Гэтэл одоо банк ямар бодлого барьж байна гэхээр тэр эрсдэлээ тооцоод хүү дээрээ шингээчихдэг. Энэ нь бас хүү буурахгүй байгаагийн нэг шалтгаан болж байна. Тэгэхээр нэгдүгээрт, зээлийн мэдээллийн хуульд өөрчлөлт оруулаад иргэд аж ахуй нэгжээ зээлжих зэрэглэлтэй болгоё. Хоёрдугаарт, хуулийн төслийг нь өргөн бариад актив удирдлагын компанитай болчихъё. Тэгвэл зээлийн жигнэсэн дундаж хүү 18 хувиас 30 хувь буурч 12 хувьд хүрэх боломжтой гэж харж байна.

 

 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин