Ардчилсан нам олонх болсон он жилүүдэд Самурай,  Чингис зэрэг бондуудыг гаргаж их бүтээн байгуулалт өрнөв. Гэхдээ энэ бүтээн байгуулалтын ажлыг зөвхөн бялуу хүртэгчид авч байсан нь хуулийн байгууллагад шалгагдсан юм. Гэтэл энэ хэрэг өнөөдөр хаагдсан. Шалтгаан нь өнөөх хөөн хэлэлцэх хугацаа...

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Ч.Отгонбаяр, Р.Онон нарыг Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэж, нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

АТГ-аас тэдэнд  Эрүүгийн хуулийн 150.3, 263.2, 264.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 буюу энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 буюу энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Тэднийг хэд хэдэн хэргээр шалгасан. Тухайлбал, 2014 оны төсвийн нийт 138.1 тэрбум төгрөгийн 30 төсөл, арга хэмжээний авто замын 16, гүүрний найман төслийг “Монроуд” компанидаа авсан гэдгээр мөн шалгасан юм.


Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ч.Отгонбаяр Б.Гарамгайбаатар Р.Онон Н.Батбаяр нарын гэм буруутай эсэхийг шийдэх шүүх хурал 2019.02.15-ны өдөр болж Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн ч удааширсаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон.Ингэснээр улс мөнгөөрөө хохирч, иргэд чанаргүй замаар зорчиж машнаа эвдэж, АТГ-ын мөрдөгч нарын хийсэн ажил ямар ч үр дүнгүй болж байгаа юм.

Эндээс үзэхэд гэмт этгээдүүд хуулийн цоорхойг ашиглан уснаас хуурай гарах боломжтой болж байгаа юм. Яг энэ үндэслэлээр олны анхааралд өртсөн олон хэрэг замхарч гэмт этгээдүүд ял завших боломжтой болж байгаа бөгөөд үүнд УИХ-ын хуульч гишүүд анхаарч хөөн хэлэлцэх хугацаан дээр анхаарах хэрэгтэй байгааг сануулж байна.