Монголын хуульчдын холбооны IV их хурал болно

Монгол Улсын нутаг дэвсгэрт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй бүх хуульчийг эгнээндээ нэгтгэсэн, өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Монголын Хуульчдын холбоо байгуулагдаад зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй юм.

Өнгөрсөн хугацаанд Монголын Хуульчдын холбоо нь ээлжит гурав, ээлжит бус нэг удаагийн Их хурал зохион байгуулсан бөгөөд Монголын Хуульчдын холбооны Зөвлөлөөс Хуульчдын холбооны ээлжит дөрөвдүгээр Их хурлыг 2019 оны аравдугаар сарын 26-ны өдөр хуралдуулахаар товложээ.

Тус Их хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх аж. Үүнд:

Хуульчдын холбооны Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан;

Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааны тайлан;

Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайлан;

Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан;

Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;

Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүнийг батламжлах, чөлөөлөх;

Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнийг батламжлах, чөлөөлөх;

Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх, түүний цалингийн хэмжээг тогтоох.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын Их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байх бөгөөд Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа 2019 оны аравдугаар сарын 04-07-ны өдрүүдэд, санал өгөх ажиллагаа аравдугаар сарын 08-10-ны өдрүүдэд www.mglbar.mn цахим хуудсаар явагдана.

Хуульчдын холбооны дөрөвдүгээр Их хурлын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг www.mglbar.mn цахим хуудсаас авах боломжтой юм.