Төв аймгийн Аргалант сум, Эмээлт орчимд зам тээврийн ослоор нэг гэр бүлийн долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр гарсан.

Уг ослын улмаас “Приус-20” маркийн автомашинд зорчиж явсан гурван хүүхэд, дөрвөн том хүн амиа алдсан. Гэр бүлийн долоон хүний амь насыг нэг дор авч одон сэтгэл сэрдхийлгэсэн онц ноцтой осол юунаас болж гарсан нь тодорхой байдаг. Ослын талаарх гэрчтэй, гэм буруутан нь тодорхой дээрх хэргийг тухайн үед хууль хяналтынхан хэрэгсэхгүй болгож, хаасан. Харин хохирогчдын ар гэрийнхэн өдийг хүртэл хэргийн үнэн зөвийг тогтоолгохын тулд хууль хяналт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандснаар хэрэг дахин сөхөгдөж өнөөдөр тус хэргийн гэм буруутай этгээдийг тогтоох анхан шатны шүүхийн хурал болж байна.

Тодруулбал, Тээврийн прокурорын газраас Ө.Цэцэгшагдарт холбогдуулан 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх өнгөрөгч сарын 09-ний өдөр хүлээн авч энэ сарын 08-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. Ийнхүү өнөөдөр анхан шатны шүүх хуралдаан өнөөдөр өглөө 09:00 цагт эхэлсэн бөгөөд шүүх хуралдаанаар эл хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах шийдвэрийг гаргалаа.