Нийтлэлийнхээ эхэнд хэдэн тоо баримт танилцуулья. Монгол Улсад жил бүр осол, гэмтлийн улмаас 3000 гаруй хүн амь насаа алдаж байна. 

Дэлхий дахиныг түгшээгээд буй коронавирусийн халдвараар нас барагсдын тоо хоёр мянгыг давсан бол Монголд жил бүр үүнээс олон хүн гэнэтийн ослоор хорвоог орхидог байх нь. 2018 онд зөвхөн зам тээврийн ослоор 562 хүн нас барсны 53 нь хүүхэд байв. 2017 онд гэнэтийн ослын улмаас 127 хүүхдийн амь нас хохирсон бол 2018 онд энэ тоо 180 болж өсжээ. Жирийн ханиадаа хүндрүүлж, хатгаа болгосны улмаас өнгөрсөн жил 431 хүн нас барсан бөгөөд үүний 146 нь хүүхэд. Мөн хорт хавдраар жил бүр 4000 гаруй хүн нас бардаг гээд тоочоод байвал монголчуудын гэнэтийн, санамсаргүй, харамсалтай үхлийн тоо барагдахгүй. Товчхондоо бид жилийн дөрвөн улирал, 365 хоногийн турш коронавирусээс аюултай нөхцөл байдалд амьдарч байна.

Гэтэл энэ зүгээр л статистикийн тоо болж харагддаг болсон нь харамсалтай. Хэрэв бид сонор сэрэмжээ багахан л дээшлүүлсэн бол, өөртөө болон гэр бүлийнхэндээ илүү анхаарал хандуулсан бол, үр хүүхдээ халамжилсан бол, үүрэгт ажилдаа хариуцлагатай хандсан бол, өвчнөө хүндрэхээс өмнө ядаж нэг удаа оношилгоонд орсон бол энэ бүх золгүй үхлээс сэргийлж болох байлаа. Ухань хотын иргэдийн 0.014 хувь нь коронавирусээр нас барахад онц байдал зарлаж, төрийн бүх байгууллага, иргэд нь хариуцлагаа өндөржүүллээ. Тэгвэл өнгөрсөн жил зөвхөн хатгаа өвчнөөр Монголын хүн амын 0.013 хувь нь нас барсан статистикийг цаасан дээр буусан тоо төдий авч үзэж байх юм. Өөрөөр хэлбэл, жил бүр тахлын дайтай хүн өнгөрч байхад бид анзаарч хардаггүй байж. Эмч нар нь ч ханиад томуу, хатгааг байх ёстой зүйл, угаасаа хүйтний улиралд гардаг юм гэх мэтээр тайлбарлана. Уг нь хүн бүр дархлаагаа дэмжиж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авбал ханиад томуунаас сэргийлж чадна. Ханиад хүрлээ ч халдварлуулахаас сэргийлж, хатгаа болтол нь хүндрүүлэлгүй, эмчлэх бүрэн боломжтой. Гэвч энгийн нэг ханиад хүртэл коронавирусийн дайтай хохирлыг бидэнд жил бүр амсуулдаг гэж бодохоор харамсаад барахгүй юм. Үүн дээр гэнэтийн осол, элдэв халдварт өвчин, хорт хавдрын тохиолдлуудаа нэмж тооцвол сэтгэл сэртхийлгэм тоо гарах нь тодорхой. 

Нэгэн дунд сургуульд шинээр томилогдож ирсэн залуухан захирал бүсгүй хамгийн түрүүнд сургууль орчмын аюулгүй байдлыг хангахад анхаарч ажилласан тухай мэдээ нэг хэсэг олны анхаарлыг татаж байв. Тэрбээр төсөв мөнгө байхгүй гээд гар хумхин суусангүй, эцэг эхчүүд, сургуулийн ажилчдынхаа хүчээр ил гарсан тогны утас, хүүхэд унаад гэмтчих эрсдэлтэй ёрдойсон төмрүүдийг цэгцлэхээс ажлаа эхэлжээ. Хэрэв сургуулийн захирал бүхэн түүн шиг сэтгэл гарган ажилладаг бол хөлбөмбөгийн хаалганд хүүхэд дарагдаж үхэх харамсалтай явдал тохиолдохгүй байв. Түүнчлэн хорт хавдраар өвчилсөн монголчуудын тоо дэлхийн дунджаас зургаа дахин, нас баралтын тоо 11 дахин их гэсэн судалгаа бий.

Хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 80 хувь нь эмчлэгдэх боломжгүй буюу эцсийн шатанд орсон үедээ эмчид хандаж байна. Тэдний 90 гаруй хувь нь 45-59 насныхан буюу ид хөдөлмөрлөх насныхан байгаа юм. Хорт хавдартай хэмээн оношлогдсон хүмүүсийн 60 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд амьдардаг гэх статистик ч байна. Гэнэтийн осол, харвалт, зүрхний шигдээс, уушгины өвчлөл, хорт хавдар зэргээр нас барах хүний тоо буурах нь байтугай улам нэмэгдээд байгаа нь хамгийн том эмгэнэл болжээ. Хэрэв үр хөндөлт хийдэггүй байсан бол Монголын хүн амын тоо найман сая болчих байсан гэх судалгааг 2015 онд уншиж байв. Нэлээд хийсвэр төсөөлөл хэдий ч хүнд нэгийг бодогдуулахаар баримт байгаа биз. Тэгвэл өвчнөө эрт оношлуулсан бол, аюулгүй орчин бүрдүүлж, анхаарал болгоомжтой байсан бол монголчууд өдийд хэдүүлээ болох байсан бол.

2030 онд дөрвөн сая иргэнтэй болно гэх тооцоо 2020 онд хэдийн биелчих ч байсан юм билүү. Жил бүр нас барж буй хүмүүсийн 15 орчим хувь нь зуурдын буюу осол, аваараас үүдэлтэй гэх статистикийг хараад ингэж бодоход хүрлээ. Цөөхөн монголчууд улам олуулаа болж байж улс орон хөгжинө гэж ярьдаг. Тэгвэл яст мэлхийн хурдаар урагшилж буй хүн амын өсөлтөд энэ мэт шалтгаан чөдөр тушаа болж байгааг анхаарах цаг хэдийн болжээ. Ядаж л үр хүүхдээ жилд хэдэн зуугаар нь хатгаагаар алдмааргүй байна. Энэ тийм хэцүү зүйл гэж үү.

Засгийн газрын мэдээ сонин