Сүүлийн үед “Samsung Electronics” компанийн ухаалаг зурагтын зарим үйлдэл ажиллахгүй байгаа талаар Орос болон Монголын хэрэглэгчид гомдол гаргаад байгаа.

Үүнтэй холбоотойгоор “Самсунг Электроникс Цэнтрал Евразиа” буюу тус компанийн Евразийн бүсийн салбараас албан ёсны мэдэгдлээ Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан хэрэглэгчдэдээ хүргэж байгаа. “Самсунг” зурагтын зарим үйлдэл гарахгүй байгаа гэх мэт ашиглалтын хүндрэлүүд нь уг зурагтыг Монголоос бусад улс, бүс нутагт зориулан үйлдвэрлэсэнтэй холбоотой гэнэ. Гадны орнуудад худалдаж байгаа зурагтууд лицензийн хязгаарлалтай бол авчирсан тохиолдолд ажиллахгүй байх магадлалтай ажээ. Харин Монголын хэрэглэгчдийн хувьд албан ёсны борлуулагчдаас нь Монголд, Монгол Улсын харьяалагддаг бүсэд зориулан үйлдвэрлэсэн зурагтыг худалдан авах ёстой юм байна. Тийм учраас “Зарим үйлдэл нь гарахгүй байна” гэх зурагтыг Монгол Улсад ашиглахаар үйлдвэрлэгдээгүй учраас үйлдвэрлэгчийн зүгээс зурагтын хэвийн ажиллагаанд баталгаа олгох, борлуулалтын дараахь үйлчилгээгээр хангах боломжгүй гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Мөн Монгол Улсад худалдагдах зөвшөөрөлтэй “Samsung”-ийн зурагтын загварын бүтэн нэр нь CE/KZ/UZ/RU гэсэн латин үсгээр төгссөн байдаг аж. Одоогоор тус компанийн албан ёсны зурагт борлуулагч нь “Нэкст Электроникс”, “Номин Трэйдинг”, “БСБ Сервис”, “Саммит Компьютер Технологи”, “Техно Зон” компани бөгөөд “Самсунг”-ийн техникийн тусламжийн 1800-2555 дугаарын утсанд холбогдохыг зөвлөсөн байна.

Зурагт засварын үйлчилгээг хувиараа эрхэлдэг хүмүүсээс “Samsung” зурагтын засварын талаар тодруулахад “Энэ брэндийн зурагт тийм ч амархан эвдэрдэггүй. Тогны хүчдэлээс үүдэлтэй гэмтлийн үед сэлбэг олдохдоо бэрх. Сэлбэг нь байдаг бол юухан байхав. Айлуудын хувьд дуудлага өгөхдөө “Зурагт гэнэт унтарчихлаа. Асахгүй байна” гэдэг. Тог тохируулга, тог баригч нь шатчихдаг. Ер нь аливаа цахилгаан хэрэгслийг шөнө унтахдаа, өглөө ажилд явахдаа унтрааж байх хэрэгтэй. Энэ нь тухайн хэрэгслийн эдэлгээг уртасгадаг. Байнга тогонд залгаад байвал эвдрэх нь тодорхой. Машинаа огт унтраахгүй байвал бензин тос нь дуусч, мотор нь шатна биз дээ. Түүнтэй адил. Гэхдээ дээр үед тогны хүчдэл тогтворгүй, унадаг, өсдөг асуудал их байсан. Одоо бол цахилгаан хэрэгслүүдэд тог тогтворжуулагчийг үйлдвэрээс нь суурилуулсан байдаг учир тогноос болоод эвдэрчихлээ гэж шууд хэлэх боломжгүй. Мөн зурагт эвдэлдэг нэг зүйл бол тоостой орчин, бас чийглэг газар. Харин зарим үйлдэл нь алга, ажиллахгүй байна гэдэг программын талын гэмтлийг бид засч чадахгүй” гэлээ.

Оросын хэрэглэгчид “Самсунг”-ийн зурагттай холбоотой гомдол мэдүүлсэн бөгөөд үүний хариуд тус компанийн зүгээс “Samsung брэндийн ухаалаг зурагтны зарим функцийг ОХУ-д ашиглах эрх аваагүй учраас үйлдлийг дэмжихгүй байгаа” гэж тайлбарлажээ. “Samsung” компани гадаад улсын зах зээлд зориулан, мөн тухайн нэг улсад зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлогтой. Тиймээс ОХУ-ын зах зээлд зориулсан барааны тэмдэглэгээ нь латинаар RU гэсэн бичигтэй байдаг аж.

Ер нь зурагт худалдан авахдаа нэгдүгээрт, инч буюу хэмжээ. Хоёрдугаарт, аль улсынх, аль үйлдвэрийнх вэ гэдэг нь чухал. Гуравдугаарт, ухаалаг уу, энгийнх үү гэдгээ сонгох ёстой юм байна. Ингээд төгсгөлд нь борлуулалтын дараахь үйлчилгээ буюу баталгаат засварын хугацаатай эсэх нь чухал. Харин сүүлийн үед зурагт авахдаа хэдэн вольтоор ажилладаг вэ гэдгийг нь анхаарах шаардлагатай болжээ. Албан ёсны борлуулагчдын хувьд Монгол орны хүчдэлд тохирсон буюу 220V-оор ажилладаг “Sam­sung” зурагтыг оруулж ирдэг бол хувиараа зурагт оруулж ирж зардаг иргэдийн хувьд хүчдэлд тохирохгүй зурагт сонгодгоос “Телевизор гэнэт унтарчихлаа” гэдэг асуудал гардаг юм байна.

Та аль бүсээс “Samsung”-ийн зурагтаа авсан бэ, тэр газраасаа дараа нь сэлбэгээ авна гэсэн үг юм байна. Учир нь тухайн бүсэд борлуулсан зурагтын засвар үйлчилгээг зөвхөн тэр бүс нь хариуцаж хийдэг гэнэ. Ингэхээр сэлбэг нь олдохгүй байгаа “Самсунг”-ийн зурагтыг өөр бүсээс оруулж ирсэн болж таарч байгаа юм. Харин манайд “Самсунг”-ийн зурагтыг засдаг баталгаат засварын албан ёсны хоёрхон газар байна. “Maxmall” худалдааны төвийн дөрөвдүгээр давхарт, нөгөөх нь “Нэкст Электроникс”.

Хэрвээ 200V, 110V-ийн хүчдэлтэй орнуудаас “Samsung”-ийн зурагтыг хувиараа оруулж ирсэн тохиолдолд хүчдэл баригч, хүчдэл тогтворжуулагч гэх бичил төхөөрөмж нэмж суурилуулдаг юм байна. Хуучнаар Оросын зурагтыг асаахын өмнө стабилизатор гэдэг дөрвөлжин төхөөрөмжийг асаадаг байсан. Тэрэн шиг хүчдэлийг нь тогтворжуулдаг гэсэн үг. Гэхдээ ингэж задаргаа хийж, хүчдэлийг нь тохируулсан тохиолдолд эдэлгээ нь тийм ч урт байдаггүй аж.

Хэрэглэгчдийн хувьд энэ брэндийн зурагт худалдан авахдаа хайрцаг, шошго дээр нь CE/KZ/UZ/RU гэсэн тэмдэглэгээ байгаа эсэхийг нь шалгах ёстой юм байна.