Улсын онцгой комиссын хурал өнөөдөр /2020.3.8/ 12.00 цагт эхэллээ. Хурлаар түр зогсоосон олон улсын нислэгүүдийн хугацааг үргэлжлүүлэн сунгах эсэх, Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын талаар ярилцсан юм.  Тухайлбал,

  • Монгол Улс- БНСУ, Монгол Улс-Япон Улс, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг сунгах эсэх
  • Европоос ирэх зорчигчдын тоог хязгаарлах
  • Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зогсоох эсэх
  • Covid-19-ийн  халдвараас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ
  • Нүүрс тээвэр, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-аас эхлүүлэх эсэх
  • Covid-19-ийн халдвартай холбоотойгоор иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас ирүүлж буй хандив зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Улсын онцгой комиссын ес дэх хурал боллоо. Шадар сайд мэдээллийн эхэнд хэлсэнчлэн 99 оронд халдвар тархаж, 106 мянга 139 хүн халдвар авч, 3600 хүн нас бараад байна. ДЭМБ улс орнуудад зөвлөгөө өгсөөр байгаа. Дэлхийн бөмбөрцгийн нэг ч орон манайд халдвар гарахгүй гэж бодож болохгүй гэж зөвлөж байгаа. ДЭМБ-ын зөвлөмжийн хүрээнд УОК салбар бүрт үүрэг өгч, ажиллаж байна. Оношилгоо эмчилгээний чиглэлээр туршлага судалж байна. ДЭМБ-ын зургаан хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг манай улсад ажиллаж байгаа. Өнөөдрийн хурлаар иргэдийг тусгаарлах журам батлах үүргийг Эрүүл мэндийн яаманд өгсөн. Оношлууртай холбоотой асуудлаар БНСУ, Япон улстай ажиллаж байна. Мөн энэ чиглэлээр ЭМЯ-наас ОХУ-д ажиллаж байгаа баг давхар судалгаа хийж байгаа” гэлээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Монгол Улсаас гадагш явдаг нислэгийг гуравдугаар сарын 11-ныг хүртэл зогсоосон байсан. БНСУ-Монгол-БНСУ, Япон-Улаанбаатар-Япон, Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн олон улсын нислэгийг гуравдугаар сарын 28-ныг хүртэл буюу өвлийн нислэгийн цагийн хуваарь дуустал нисгэхгүй байх шийдвэр гаргалаа.  Нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэх эсэх асуудалтай холбоотойгоор дахин мэдээлэл хийнэ.

Европын нислэгийн асуудлын хувьд Туркиш эйрлайнс болон Москвагаар дамжин Герман руу гарч буй нислэгт онцгой анхаарч байна. Энэ чиглэлээс гуравдагч орны иргэнийг оруулахгүй байх, Гадаад яам энэ чиглэлд виз олгохгүй байх чиглэл өгсөн. Хэрвээ энэ чиглэлд нөхцөл байдал хүндэрвэл энэ чиглэлийн нислэгийг зогсоох эсэхийг Улсын онцгой комиссын хурлаар шийднэ.