СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нийгмийн даатгалын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Хууль шинэчлэгдсэний давуу талыг та хэрхэн харж байна вэ?

-Нийгмийн даатгалын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан байсан. Нөгөө талаас тэтгэвэр хүрэлцээгүй, хүртээмжгүй байна гэх зэргээр байнга л шүүмжлэл дагуулдаг. Тэгэхээр тэтгэврийн шинэчлэлийг хийх ёстой. Гэхдээ энэ асуудал зөвхөн манай улсад тулгамдсан зүйл биш. Бусад орнууд ч анхаарал хандуулж байгаа. Одоогоор нийгмийн даатгалаас илүү шударга, дэвшилттэй, сонгодог арга олсон улс орон алга.

Тэгэхээр өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүсийг хэрхэн ахиу орлоготой байлгах вэ гэдэг манай улсын хувьд анхаарал хандуулах асуудал мөн. Үүний тулд тэтгэврийн олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэх шаардлага бий. Тиймээс энэ удаагийн хуулийн шинэчлэл энэ тогтолцооны суурийг тавьснаараа давуу талтай.

-Өмнө Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан боловч эргүүлэн татаж шинэчлэл хийсэн тухай судлаачид хэлдэг. Энэ талаар таны байр суурь?

-Тухайн үед хуулийг ямар шалтгаанаар буцааж татсаныг мэдэхгүй байна. Учир нь тэр хуультай харьцуулахад одоогийн батлагдсан хууль зарим талаараа учир дутагдалтай болсон гэж хардаг. Яагаад гэвэл, өмнөх хуульд гурван талт тэтгэврийн тогтолцооны талаар оруулахдаа эхний давхаргад хүмүүсийн нийгмийн байдлаас үл хамаарч уурхайн баялгийн сангаас суурь тэтгэвэр олгох санаа байсан. Гэтэл үүнийг шинээр батлагдсан хуулиас хассан. Үүний оронд нийгмийн даатгалын сангаас өгч чадахгүй байгаа хэсэгт олгодог халамжийн тэтгэврийн суурь тэтгэвэр гэж нэрлэнэ гэж заасан. Хоёрдугаар давхарга нь одоогийн нийгмийн даатгалын тэтгэвэр. Гурав дахь нь сайн дурын даатгалаар хамрагдаж болно гэж заасан байна. Тэгэхээр олон давхаргат тогтолцооны шаардлага хангагдаж байгаа гэсэн үг.

-Тэгвэл хүссэн хүн бүхэн олон давхаргат тэтгэвэр тогтоолгож болно гэсэн үг үү?

-Жишээлбэл, нийгмийн даатгал төлж ажилласан жил нь 20 гарч байвал нэгдүгээр давхаргад хамаарахгүй. Харин сайн дурын нэмэлт даатгалд хамрагдах боломж бий. Гэхдээ нэг зүйлийг сайтар олгох хэрэгтэй. Нийгмийн даатгалын нэрийн дансанд хуримтлуулсан мөнгөө тэтгэвэрт гарахдаа бөөнд нь эсвэл дуртай үедээ хүссэнээрээ авч хэрэглэх мэт ойлголт нийгэмд бий болжээ. Бодит амьдралд энэ боломжгүй. Харин сайн дурын даатгалд хамрагдаж хуримтлуулсан мөнгийг захиран зарцуулах асуудал нээлттэй. Тиймээс бид боломжит хувилбаруудыг туршиж үзэх нь зүйтэй.

Нөгөөтээгүүр, шинэчилсэн хуульд томьёо оруулсан байгаа юм. Энэ хэт өрөөсгөл. Учир нь ямар нэг маргааныг томьёолж биш тухайн зүйлийн агуулгыг гаргасан хуульд байгаа үг, өгүүлбэрээр тайлбарладаг.

-Хуульд оруулсан томьёонд сайн тал бий юу?

-30 жил шимтгэл төлсөн хүний тэтгэврийг тэр томьёонд оруулахад одоогийн аргачлалтай тэнцүү болно. Харин төлсөн шимтгэл нь 30 жил хүрэхгүй бол одоогийнхоос бага тэтгэвэр авна гэсэн үг. Мэдээж 30-аас дээш жил нийгмийн даатгалын шимтгэл төлж байж одоогийнхоос арай ахиугаар тогтоолгоно. Тэгэхээр тэтгэвэр тогтоолгох нөхцөл чангарсан юм шүү дээ.

Ирээдүйд тэтгэвэрт гарах одоогийн залууст хөдөлгөөний дутагдал, хоол тэжээлийн асуудал, нийгмийн болон ажлын байрны стресс, орчны бохирдол гээд тулгамдаж байгаа олон асуудал бий. Энэ нөхцөлд 30-аас дээш жил нийгмийн даатгал төлж ажиллана гэдэг анхаарал хандуулах шаардлагатай сэдэв болж байгаа хэрэг. Түүний дараа олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхгүйгээр тэтгэврийн даатгалын нэрийн дансны мэдээллийг нийтэд зарлах нь оновчтой биш. Учир нь өөрийнхөө нэрийн дансанд байгаа мөнгийг авна гэх мэт асуудал хөвөрч эхэлдэг. Тэгэхээр нэрийн дансан дахь хуримтлал гэдэг нь тухайн хүний амьжиргааны эх үүсвэр болох ёстой гэдгийг ойлгох учиртай. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын тэтгэвэр гэдэг тухайн өндөр настныг сар бүр тогтмол орлоготой байлгахад зарцуулагдах ёстой юм. Бүр тодруулбал, нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт гэдгийг эхний ээлжинд сайтар ойлгох хэрэгтэй. Үүний тулд нийгмийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх шаардлагатай.

-Нийгмийн даатгалын салбарын талаарх мэдээлэл, сурталчилгаа олон нийтийг хамарч чадахгүй байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Нийгмийн даатгалын байгууллага сургалт, сурталчилгаагаар дамжуулан олон нийтийг мэдээллээр хангах ёстой. Мэдээж олон нийт нийгмийн даатгалд хамрагдах хүсэл сонирхлыг нь төрүүлэх хэрэгтэй л дээ. Үүний тулд тухайн салбарт ажиллаж байгаа ажилтнуудын ур чадвар болоод харилцаа, хандлагаас ихээхэн шалтгаална. Нийгмийн даатгалын байгууллага тодорхой хэмжээнд танин мэдүүлэх, мэдээ мэдээлэл өгөх, олон нийтийн нийгмийн даатгалын талаарх боловсролыг дээшлүүлэх ажлыг хийх ёстой. Мэдээж тэд мэдээ, мэдээлэл гаргах зэргээр тодорхой хүрээнд ажиллаж байгаа боловч тэр нь өргөн хүрээг хамарч чадахгүй байна уу гэж анзаарагддаг. Нийгмийн даатгалын талаарх хүмүүсийн ойлголт нэмэгдэх нь тэтгэврийн даатгалын олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай.

-Нийгмийн даатгалын шимтгэл ажил олгогчид дарамт учруулж байна гэх юм. Ялангуяа шинэчилсэн хуульд энэ талаар дорвитой өөрчлөлт оруулсангүй гэдэг шүүмжлэл байна?

-Нийгмийн даатгалын шимтгэл бизнес эрхлэгчдэд дарамт учруулж байгаа гэдэг үнэн. Тухайлбал, Иргэний тухай хуульд заасны дагуу хөлсөөр болон ажил гүйцэтгэх гэрээгээр ажилласан хүний нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлнө гэж заасан байгаа юм. Гэтэл үүнийг нийгмийн даатгалын ажилтнууд, салбарын яамны мэргэжилтнүүд өөр, өөрийнхөөрөө ялгаатай мэт тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, хууль санаачлагчид тайлбарлахдаа 100 сая төгрөгийн хөлсөөр ажил гүйцэтгэсэн хүн 10 сая төгрөгийг нь цалинд зарцуулсан гэвэл энэ дүнгээсээ нийгмийн даатгалын шимтгэл төлж, тайлагнах ёстой гэх. Харин нийгмийн даатгалын байцаагч гэрээнд заасан 100 сая төгрөгөөс шимтгэл тооцно хэмээн тайлбарлах. Тиймээс ажил олгогчид хүндрэл учруулах бадал үүсч байгаа хэрэг. Учир нь ажил олгогч тухайн ажлын хөлснийхөө тодорхой хувийг цалин хөлс, тодорхой хувийг бараа материал болоод бусад зардалдаа зарцуулсан гэдэг. Гэтэл үүнийг талууд өөр, өөр байдлаар тайларлах нь ажил олгогчид хүндрэл учруулж байгаа хэрэг.

Нөгөөтээгүүр бодит байдал дээр хөлсөөр эсвэл ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллагсад нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байгаа нь тухайн цаг үедээ боломж мэт боловч урт хугацаандаа буюу тэтгэвэрт гарах үед хор уршгийг нь мэдэрдэг. Тодруулбал, залуудаа даатгал төлөхгүй ажиллаж байсан хүмүүсийн нийгмийн асуудлыг орхигдуулж болохгүй учраас халамжийн тэтгэвэр тогтоолгохоос аргагүй байдал хүрч байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын гадна үлдэх хэсэг олшрох нь асар хортой. Үүнийг олон улсын хөдөлмөрийн байгууллагаас анхаарах асуудлын нэг гэдэг зөвлөмж өгдөг.

-Ажилтан давхар ажил гүйцэтгэх боломжтой. Гэсэн атлаа давхар даатгал, шимтгэл төлж байгаа нь зөв үү?

-Хүмүүсийг давхар ажил эрхлэхийг дэмжих ёстой. Гэтэл нийгмийн даатгалын мэргэжилтнүүд энэ талаарх ойлголт бага байна. Учир нь хүний гар дээр авч байгаа мөнгө бүрт шимтгэл тооцдог. Хуульд зааснаар давхар ажил эрхэлж байгаа хүн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн үндсэн ажлаасаа бусдад нь төлөх шаардлагагүй. Гэвч нийгмийн даатгалын байгууллага төлнө гээд нэхдэг. Энэ нь ажил олгогч, ажилтан хоёрт дарамт учруулж байгаа нэг хэлбэр мөн.

Хэрэв хоёр дахь ажлын газраас тэтгэврийн даатгал төлж байгаа учраас тэтгэвэр тогтоолгохдоо нийлүүлсэн дүнгээр тооцуулна. Харин хоёр ажлын газраас эрүүл мэндийн даатгал төлсөн тохиолдолд түүнтэй дүйцэхүйц хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, би албан журмаар эрүүл мэндийн даатгал төлөх үүргээ үндсэн ажлынхаа цалин хөлснөөс төлчихсөн. Тиймээс давхар ажил эрхэлсэн цалингаас эрүүл мэндийн даатгал төлөх хэрэггүй юм л даа.

Зардал гэдэг төлж байгаа мөнгөөр хэмжигдэхгүй. Тайлан гаргаж байгаа санхүүгийн ажилтан, даатгалын мөнгө төлж байгаа ажил олгогчид сэтгэл санааны дарамт үүсгэж байгаа гэдэг ч зардал болж байгаа. Тэгэхээр ийм тодорхойгүй байдал нийгмийг бухимдуулж байна шүү дээ.

 

 

Д.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 82 (7326)