Өнгөрөгч оны 04-р сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн орон сууцны 13 давхрын цонхноос 1997 онд төрсөн 22 настай Ц гэх эмэгтэй унаж амиа алдсан. Талийгаачийг амиа хорлосон уу, цонхоор шидсэн үү гэдэг нь эргэлзээтэй байдаг бөгөөд энэ хэрэгт талийгаачийн найз залуу О.Боргилыг буруутган шалгасан.

Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч,  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2020.03.11-ны өдөр хэлэлцлээ. Тодруулбал,  Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт О.Боргилыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч О.Боргилд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн юм.  

Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Боргилын өмгөөлөгч Ц.Дэлгэрням хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал нөхөн төлөх талаар санал гаргаж, шүүх хуралдааныг 5 хоногоор завсарлуулах хүсэлт гаргасан. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно.” гэснийг баримтлан шүүгдэгч О.Боргилын өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл хугацаагаар завсарлуулаад байсан. 

Шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхэлж, дөнгөж сая шийдвэр гаргалаа. Прокуророос шүүгдэгч О.Боргилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар О.Боргилд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар О.Боргилд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлыг 1 хоногоор тооцож, 3 сарын хугацаагаар хорих ял болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.