Манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын гурван тохиолдол нэмж бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хурлаар гаргасан шийдвэрийн талаар УОК-ын дарга Ө.Энхтүвшин танилцууллаа.

Тэрбээр “Баян-Өлгий аймгийн Онцгой комиссынхонтой цахимаар хуралдлаа. Казахстан улсад сурдаг олон оюутан байдаг учраас ямар арга хэмжээ авах талаар чиглэл өглөө. Хоёрдугаарт, шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох салбарын сайд нарын мэдээллийг сонслоо. Манай улсад дөрвөн тохиолдол бүртгэгдлээ. Францын иргэний биеийн байдал тогтвортой байгаа. Янз бүрийн үл ойлголцох зүйл алга. Өчигдөр орой БНСУ болон Францаас ирсэн иргэдээс халдвар илэрсэн. Гадаад оронд байгаа монгол иргэдийг татаж авна гэдгээ эрт үеэс илэрхийлж байсан. Эхний ээлжид БНСУ, Япон, Европ, Туркээс иргэдээ авахаар шийдвэрлэсэн. Энэ улсууд халдварын голомттой байгаа учраас бэлтгэлийг маш сайн хангасан. Одоогоор 700 гаруй монгол иргэнээ авчирсан. Бидний гол ажил бол эдгээр иргэнийг тусгаарлаж, оношилж, халдвартай иргэдээ эмчлэх ажил байна. Ийм эрсдэлийг тооцож байсан. Тиймээс иргэд тайван байж, өөрсдийгөө халдвараас урьдчилан сэргийлээрэй. Халдвар авсан иргэд рүү дайрч, давшлахгүй байхыг хүсье. Энэ хэнд ч тохиолдож мэдэх зүйл. Улс төрийн ашиг хонжоо хайсан мэдээлэл түгээхгүй байхыг хүсье” гэлээ.

Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30 хүртэл түр зогсоосон. Үүнийг үргэлжлүүлэх эсэх асуудлаар БСШУСЯ саналын төсөл боловсруулна. УОК-ын хурлаар саналын төсөл боловсруулахыг БСШУС-ын сайдад  чиглэл өгсөн. Хөл хорионы тухайд Баян-Өлгий аймагт л хөл хорио тогтоосон хэвээр байгаа. Бусад зам нээлттэй байгаа гэдгийг онцолсон юм.