Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын улмаас улс орнууд хоригдлуудаа суллах болсон. Тэгвэл манай улс эл шийдвэрт нэгдэхээр болсон бололтой.  Шоронд хоригдож байгаа зарим ялтны ялыг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг авч үзэх шаардлагатай хэмээж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн. Тэрбээр “Эрсдлээс сэргийлэх зорилгоор дэлхийн олон оронд өршөөл үзүүлэх асуудал яригдаж байна. Манайд ч мөн хөнгөн ялтай хоригдлуудад өршөөл үзүүлэх асуудлыг судалж байгаа. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн түвшинд судалж үзэхийг чиглэл болгосон. Энэ хүрээнд цар тахлын үед хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өршөөл уучлал үзүүлэх нэг удаагийн хуулийн боломжийг судалж байна. Шоронд ч гэсэн монгол хүн ял эдэлж байгаа. Цар тахлын хуульд эрсдэлийг бууруулж, хүмүүсийн бөөгнөрлийг багасгах асуудлыг тусгана" гэж байр сууриа илэрхийлсэн.

Өөрөөр хэлбэл, хөнгөн ялтай болон 60-аас дээш настай хоригдлуудад өршөөл үзүүлж, шоронгоос суллахаар болж байгаа гэсэн үг юм. Тэднийг ямартай ч сонгуулийн өмнө суллах нь тодорхой боллоо.

Шинэ коронавирусийн халдвараас хоригдлуудаа хамгаалахаар суллаж байгаа нь сайшаалтай. Гэвч манай улс сонгууль болгоны өмнө өршөөлөөр хоригдол сулладаг жишиг тогтоод байна гэхэд хилсдэхгүй нь ээ. 

  • 1991 оны зургадугаар сарын 21. Ардын хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан БНМАУ- ын Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдав.
  • 1996 оны наймдугаар сарын 22. Монголын тулгар төрийг үүсгэн байгуулагдсаны 790 жилийн ойг тохиолдуулан насанд хүрээгүй иргэд, эмэгтэйчүүд, 60 түүнээс дээш насны эрэгтэйчүүдэд Өршөөл үзүүлэх хуулийг баталсан.
  • 2000 оны долдугаар сарын 7. Өршөөлийн тухай хууль батлав.
  • 2006 оны зургадугаар сарын 23. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн тухай хууль батлав.
  • 2009 оны долдугаар сарын 9.  Өршөөлийн тухай хууль батлав.
  • 2015 оны наймдугаар сарын 11. Засгийн газрын санаачилсан Өршөөлийн тухай хуулийг батлаж байв.  Ингээд сонгуулийн өмнө хоригдлуудыг суллаж байсан.

Энэ хугацаанд Өршөөлийн хуулиар нийт 4340 хоригдол суллагдаж эрх чөлөөтэй болж байжээ. 1990 оноос хойш 30 жилийн хугацаанд УИХ зургаан удаа Өршөөлийн хууль баталж байсан аж.