Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.05.17/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэлээ.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Өнөөдөр нэг оюутан эдгэрлээ. Мөн Туркийн хоёр иргэн ажиглалтын хугацаа нь дуусаж, гэртээ харилаа. Өчигдөр ХӨСҮТ-ын Дарханы лабораторид 156 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тавдугаар сарын 16-нд ХӨСҮТ-д 19 хүнээс давтан шинжилгээ авахад 18-аас нь халдвар илрээгүй. ОХУ-аас ирсэн нэг сонсогчийн шинжилгээний хариу сөрөг гарлаа” гэв.

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол 136 боллоо.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

 “Сүүлийн 24 цагийн дотор дэлхий нийтэд 95 мянган хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас баржээ.

Энэ нь өмнөх өдрөөсөө өвчилсөн хүний тоо 12 мянгаар, нас барсан хүний тоо 1,300-аар буурсан үзүүлэлт юм.

Өчигдөр ОХУ-д өвчлөл 9,200-аар нэмэгдсэн бөгөөд Буриадад 41, Эрхүүд 21, Тувад 31 тохиолдол бүртгэгджээ.

Манай улсын хувьд өчигдөр 108 хүн ажиглалтад нэмэгдсэн бол 26 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Ингээд өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд нийт 1,747 хүн байна.

Тусгаарлан ажиглах байранд чихрийн шижин өвчтэй 26, артерийн даралт ихсэх өвчтэй 86, халдвартай 21 хүн бий. Тэдгээр хүмүүст 22 их эмч, 49 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Түүнчлэн өчигдөр орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд Төмөр замын нэгдсэн эмнэлгийн ажилтнууд нийт 4,000 гаруй хүнд COVID-19 илрүүлэх тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй" гэв.

Мөн тэрбээр "Өчигдөр 119 утсанд өчигдөр нийт 192 дуудлага иржээ. Харин "Шуурхай 199" аппикэйшнээр дамжуулж АНУ, БНСУ, ОХУ-аас манай улсын таван иргэн холбогдож, урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө, зөвлөмж авсан.

Мөн иргэдээс хоолны газарт ажиллаж байгаа хүмүүс амны хаалт зүүхгүй байгаа тухай гомдол ирсэн.

Эрүүл мэндийн яамнаас хоолны газарт үйлчилж байгаа хүмүүс бүгд амны хаалт зүүсэн байх шаардлагатай бөгөөд иргэдийг гар ариутгагчийг бүх ширээн дээрээ байрлуулсан байх ёстой гэж зөвлөж байна" гэсэн мэдээлэл өглөө.