Нэмэлт, өөрчлөлт орсон шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхлэхэд гурав хоног үлдлээ. Эцэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг гардсан УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаад эрх зүйн хувьсгал гарна.

Авлига хээл, хахуультай хийх тэмцэл шинэ шатанд гарна. Төр цэвэр тунгалаг, парламент хариуцлагатай, Засгийн газар тогтвортой болно. Монгол хүн баялагтаа эзэн болно. Монгол Улс “баялгийн хараал”-аас гэтэлж, Норвегийн жишгээр хөгжинө. Хөгжлийн цоо шинэ шатанд гарна” хэмээсэн. Түүний хэлсэн өөрчлөлтүүд үнэхээр гарах, эсэхийг одоогоор таамаглах аргагүй. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд зохицуулан эрх зүйн шинэтгэл хийх үүргийг байгуулагдахаасаа ч өмнө хүлээчихсэн шинээр бүрдэх парламент хэрхэн ажиллах, ямар хууль батлахаас их зүйл хамаарах нь  тодорхой байна.

2016-2020 онд ажилласан УИХ-ын хийсэн хамгийн том ажил Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан явдал. Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах талаар сүүлийн дөрвөн парламент ямар нэг байдлаар ярьж, зарим нь төсөл боловсруулан, бэлэн болгосон. Бүр тодорхой хэлбэл, 2000, 2011, 2012, 2015 онд гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж байв. Эдгээрээс цорын ганц нь буюу 2000 оны оролдлого амжилт олж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт болон туссан. Түүнээс бусад нь амжилтгүй болсон билээ.

Харин энэ удаа үнэмлэхүй олонх болсон эрх баригч хүчин 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө “Эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төр бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ” хэмээн заасан. Шилжилтийн үеийн Үндсэн хуулиа сайжруулах, өнгөрсөн хугацаанд холилдож, бантагнасан төрийн тогтолцоог засах зайлшгүй шаардлага байна гэж улстөрчид, эрдэмтэн, судлаачид бүх түвшиндээ санал нэгдсэн, нэгнийхээ эхлүүлсэн ажлыг зөвхөн улс төрийн өнцгөөс гацааж, зогсоох хүчтэй сөрөг хүчингүй парламент бүрдсэн гээд өнгөрсөн дөрвөн жилд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах “хувьсгалын тохироо” бүрдээд байсан. Үүнийг ч ашиглаж чадлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар юу өөрчлөгдөх вэ, улс орон, түмэн олны амьдрал өөрчлөгдөх үү гэдэг нь зүй ёсны асуулт юм.

Үүнд хариулт өгөх, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хувь заяаг шийдэх хариуцлагатай үүрэг шинээр бүрдэх парламентын гарт байгааг дээр дурдсан. Өөрөөр хэлбэл, шинэ Үндсэн хуульд нийцүүлж хууль эрх зүйн орчныг өөрчлөх, оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрхэн дагаж мөрдөх, ирэх жилүүдэд Монгол Улс ямар замаар явахыг 2020-2024 онд ажиллах парламент, Засгийн газар тодорхойлно. Өнгөрсөн жилүүдэд амьдралаараа туулж мэдэрсэн алдаа завхрал, гажуудлыг засахыг оролдсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ололтыг батжуулж, улам хүчжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх үү, гажиг, завхралаа үргэлжлүүлсээр байх уу гэдгийг энэ парламент шийднэ. Тэгэхээр тун том хариуцлага төдийгүй улс орны ирээдүйг бодох сэтгэл, ёс зүй шаардсан дөрвөн жил ирж байгаа юм. 


УИХ энэ оны нэгдүгээр сард Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг  нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоол баталсан. Уг тогтоолд байгалийн баялгийн зохицуулалтын талаарх нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг шинээр баталж, Ашигт малтмалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Байгаль орчны тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль болон холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар заасан. Үнэн хэрэгтээ Засгийн газар тогтвортой, парламент хариуцлагатай байх, эсэхийг “Долоон буудлын Должин эмээ” төдийлөн сонирхохгүй.

Харин “Монгол хүн баялагтаа эзэн болно, тэгш хувь хүртэнэ” гэдэгт илүү анхаарал хандуулж, Үндэсний баялгийн сан байгуулагдаж, түүнээс хувь хүртэх өдрөө хүлээгээд эхэлчихсэн гэхэд хилсдэхгүй. Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалт оруулсан нь, ямар хууль баталж, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь олон нийтийн сонирхлыг татаж байна. Харин үүнийг амьдрал дээр хэрхэн буулгахыг ирэх парламент шийднэ. 

Түүнчлэн улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төсөв, санхүүтэй холбоотой нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль болон холбогдох бусад хуулийг, УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгож, хариуцлагыг сайжруулах нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан УИХ-ын тухай, Ард нийтийн санал асуулгын тухай болон холбогдох бусад хуулийг өөрчилнө. Улс төрийн намтай холбоотой нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Улс төрийн намын тухай болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг шинэчлэн, Засгийн газрыг эмхлэн байгуулах нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Засгийн газрын тухай, Ерөнхийлөгчийн тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиудыг шинэчлэх шаардлагатай.

Мөн шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах талаарх нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Шүүхийн захиргааны тухай хуулийг шинэчлэн, Шүүхийн сахилгын хорооны тухай хуулийг шинээр баталж, холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Хот, тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгох нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг шинэчлэн, холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Энэ өөрчлөлтөөр Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүд хот болох боломж бүрдэж байна. Сумд ч гэсэн тосгон суурин болж хөгжих үүд хаалга нээгдэнэ.

Эдгээр эрх зүйн шинэтгэлийг хийснээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл баримтлал хэрэгжинэ гэж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн хүмүүс үзэж буй. Харин уг ажлыг хийх, шинэ Үндсэн хуулийг “нохойн зам”-аар оруулчихгүй байх нь 2020-2024 онд ажиллах парламентын хүлээх үүрэг, үүрэх ачаа юм. Үндсэн хуульдаа томоохон шинэчлэл, нэмэлт өөрчлөлтийг нэгэнт хийсэн учраас үүнийхээ хүчин чадлыг ашиглах, үзэл баримтлалыг нь гажуудуулахгүйгээр хэрэгжүүлэхэд л анхаарахаас өөр гарц байхгүй. Тиймээс ирэх парламентаас онцгой үүрэг, хариуцлага, ёс зүй шаардах нь сонгогчдын ч, хэвлэл мэдээллийн ч үүрэг байхыг өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшин горилж буй хүмүүст ч сануулъя.