Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд олны анхаарал татсан хоёр ч хэргийг товлосноо 2020.07.03 хэлэлцэж эхлэв. Улмаар хоёр өдрийн турш үргэлжилсэн шүүх хурлууд дуусах дөхөж өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжлэх болно. 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсон ч тангаргаа өргөөгүй байгаа Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулах хэргийг хоёр өдөр хэлэлцэв. 2020.07.04-ны өдрийн буюу шүүх хурлын хоёр дахь  өдрийн эхлэхэд шинээр Д.Батсүхийг өмгөөлөгч авч, хавтаст хэрэгтэй танилцуулах боломжоор хангах, шүүгдэгч Б.Отгонбаатарын эрүүл мэндийн шалтгааныг харгалзан шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Харин улсын яллагч нар “Хэрэг тавдугаар сарын 15-нд шүүхэд шилжиж ирснээс хойш өмгөөлөгчөө солих, өөрсдөө хуралд ирэхгүй байх зэрэг янз бүрийн шалтгаар, удаа дараа хурал хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16-3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бий болгож байна. Тиймээс хурлыг үргэлжлүүлж, өмгөөлөгчгүйгээр хийх боломжтой” гэсэн саналаа илэрхийлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16-3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно” гэж заажээ. Хурал даргалж буй шүүгч Х.Идэр өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, үргэлжлүүлэхээр болсон юм. Энэ үед өмгөөлөгч Д.Батсүх Ж.Эрдэнэбатын эрх ашгийг хамгаалах боломжгүй нөхцөл байдал бий боллоо. Хавтаст хэрэгтэй танилцаагүй байж түүнд үйлчлэх боломжгүй хэмээн хурлын танхимыг орхисон юм. Энэ үед Ж.Эрдэнэбат өөр нэг өмгөөлөгчтэйгөө зөвлөн шүүгчээс татгалзсан ч Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч түүнийг нь хүлээн аваагүй. Тэгтэл дээрх шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхгүй хэмээн шүүхээс татгалзах санал гаргасныг тус нийт шүүгч нь хэлэлцээд бас хүлээн авалгүй хурлыг үргэлжлүүлэхээр боллоо. Үүний дараа шүүгдэгч Ж.Эрдэнэбат хэрэгт хяналт тавьж, шүүх хуралдаанд оролцож байгаа улсын яллагч нараас татгалзах хүсэлт гаргасныг хурал даргалагч шүүгч хянаад, улсын яллагч нарыг өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн хүлээн авахаас татгалзав. Энэ үед шүүгдэгч Б.Отгонбаатарын эрүүл мэнд муудсан гэх шалтгаанаар Түргэн тусламжийн эмч дуудсан бөгөөд биеийн байдлыг нь үзэж хурлыг үргэлжлүүлэх боломжтой гэсний дараа шүүхийн хэлэлцүүлэг эхэлсэн юм. Өнгөрсөн баасан гаригийн хуралдаан 22:00 цаг болтол хуралдсан. УЛмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 09:00 цагт товлолоо" хэмээн мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, шүүхээс Ж.Эрдэнэбатыг гэм буруутайд тооцож, ямар ял оногдуулснаа өнөөдөр танилцуулахаар болсон.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулсан, мөрдөн шалгах ажиллагаанд хуурамч мэдүүлэг өгсөн гэх хэрэгт холбогдсон Н.Номтойбаяр нарын 10 хүний гэм буруутай, эсэхийг 2020.07.02-ны өрийн 14.00 цагт хэлэлцэж эхэллээ. Тэдэнд холбогдох 21 хавтастай хэргийг 2020 оны тавдугаар сарын 8-нд хүлээн авсан бөгөөд шүүгдэгч Н.Номтойбаяр шинэ өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулж, хэргийн материалтай танилцахын тулд хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэрэгтэй яг адилхан үндэслэлээр шүүх хүлээн авахаас татгалзав. Н.Номтойбаярын гаргасан хүсэлтийн дагуу түүнийг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хурлыг өмнө нь гурван удаа хойшлуулсан боловч 2020.07.03-нд дахин шинээр өмгөөлөгч авч, шүүх хурлыг хойшлуулах гэсэн нь шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэх үндэслэлтэй гэж үзээд хурлыг үргэлжлүүлсэн. 2020.07.04-ны өдөр шүүх хуралдаан завсарлаж өнөөдөр 09:00 цагт үргэлжлүүлэхээр болсон. 

Өмгөөлөгчгүйгээр хурлыг үргэлжлүүлж байгаа нь Үндсэн хууль зөрчиж буй явдал гэж зарим хүн үзэж буй ч өмгөөлүүлэх эрхээр нь хангасаар байтал санаатай ийм үйлдэл гаргасан нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах болон хяналтын шатны шүүх үзсэн тохиолдол нэг бус. Тухайлбал, 2008 оны долдугаар сарын 1-ний гэх хэрэгт буруутгагдсан цагдаагийн нэг офицер өмгөөлөгчөө удаа дараа сольж, шинээр авч байсан ч гурван шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ процессын алдаа гэж үзээгүй билээ.

Гурав дах өдрөө үргэлжилж байгаа дээрх хоёр шүүх хурлын улмаас Х.Бат-Ялалтын гэм буруутай эсэхийг шүүх хурал хойшлогдсоор байгаа. Учир нь Н.Номтойбаярын хэргийг шүүж байгаа шүүгч Х.Бат-Ялалтын гэм буруутай эсэхийг дэнслэх бөгөөд өмнөх хурал дуусаагүй тул ийнхүү хойшилж байгаа юм. 

Шүүхээс олны анхаарал татсан хэргүүдийг хэрхэн шийдэх талаар бид эргэж мэдээлэх болно.