Улсын Их хурлын найм дахь удаагийн сонгуульд ялалт байгуулсан 75 гишүүн (Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат шоронд хоригдож байгаа учир тангараг өргөөгүй) Монгол төрийн индэр дээр нэг нэгээрээ гарч Монголын төр, ард түмний өмнө тангараг өргөсөн.

Уг тангарагт “Монгол Улсын Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чандлан биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж маш тодорхой заасан. Ингэж Их хурлын гишүүд ард түмний элчийн хувьд авлига, ашиг сонирхлоос ангид байна гэдгээ төрийн индэр дээрээс тангараглаж ам өчгөө өгсөн. Хэрвээ өргөсөн тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ бүгд амаараа хэлсэн. Тэгээд зогсохгүй гарын үсгээ зурж баталгаажуулсан. Тангаргийн үг бүр айхавтар, цаанаа хуулийн нэхэл дагалтай. Жаахан буруу үйлдэл гаргах аваас хуулийн өмнө хариуцлага хүлээх болно гэдгээ олон нийтэд зарлан тунхагласан.

Монголчуудын дунд тангараг нь тонгорог болох аюултай гэсэн хуучны хэлц үг байдаг. Тангараг нь тангаргаараа байх аваас ертөнцийн зүй найрал тогтож, тэндээс амар амгалан үүснэ. Сайн сайхны үүд хаалга нээгддэг гэдэг. Харин тангараг нь алдарч, тангарагласнаа мартах аваас өөрийгөө хөнөөж сүйдлэх төдийгүй нэг нэгнээ эсгэх хүйтэн мэс тонгорог болж гай дагуулдаг. Үндсэндээ тангараг нь тонгорог болох гэдэг ийм аюул гачлантай, аминд халтай. Их хурлын зарим гишүүд төрийн эрх мэдэл атганд минь ирлээ гэсэн байдалтай баяр бахдалтайгаар тангаргаа өргөж харагдсан. Өөрийнх нь хар толгойтой эргээд яригдах зүйл гэдгийг эрхбиш мэддэг л байгаа даа гэж санагдахаар. Тангаргийн үгийг уншаад үзэхээр юмны наад цаад учрыг гадарлах хүнд өөрийн эрхгүй агдасхиймээр. Түүнээс “Ингээд гишүүн болчихдог юм байна” гэж хөөрч догдолж баярлаж бахдахаар зүйл огтоос биш шиг. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэдэг Их хурлын гишүүнд халтай заалт яах аргагүй мөн.

Тухайлбал, уул уурхайн асуудал Их хурлаар хэлэлцэхэд уул уурхайтай холбоотой, энэ чиглэлийн компани, аж ахуйн нэгжээс хувьцаа эзэмшдэг бүх гишүүдэд хаалттай болж эхэлнэ. Их хурлын гишүүний тангарагт тодорхой заасан ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх гэдэгтээ зөрчилдөх учир хаалттай, хориотой болж байгаа юм. Зөвхөн уул уурхай гэлтгүй алт, нүүрс, ашигт малтмал, аялал жуулчлал, барилга, худалдаа үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, боловсрол, нефть гээд бүхий л салбарын асуудал хэлэлцэгдэх үед тэр чиглэлийн бизнестэй, тухайн чиглэлийн компанийн хувьцаатай гишүүдийн асуудал хөндөгдөж тэд хууль батлахад оролцох эрх хязгаарлагдана. Энэ талаар улс төр судлаач, хуульчдын байр суурийг хүргэе. Улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од “Гишүүд нэг нэгээрээ тангараг өргөж ард олонд хөдөлшгүй баримт болж үлдэж байгаа нь маш том дэвшил боллоо. Төрийн түшээд буруу зүйл хийвэл ард түмэн тангаргийнх нь үгийг бариад амыг нь асуух боломжтой. Их хурлаар юм уу, байнгын хороогоор тухайн гишүүний бизнестэй холбоотой, нэг үгээр хэлбэл тухайн гишүүнтэй ашиг сонирхлын зөрчилтэй хууль хэлэлцэх үед тухайн гишүүн хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлж олон улсын жишгийн дагуу маягт бөглөх ёстой юм. Дэлхий нийтийн туршлагад ашиг сонирхлын зөрчлийн маягт гэж байдаг. Түүнийг бөглөөд шийдвэр гаргахад оролцохгүй гэдгээ илэрхийлэх ёстой” гэв. Олон улсын жишгээр бол барилгын юм уу, уул уурхайн хууль чуулганаар орох үед Б.Чойжилсүрэн гишүүн “Миний бизнесийн сонирхол энэ хуультай зөрчилдөх учраас би сайн дураараа ашиг сонирхлын анкет бөглөөд оролцохгүй” гээд чуулганыг орхих юм байна л даа. Дэлхийн улс орнууд уг хуулийг ягштал мөрддөг, ард иргэд нь гишүүдээсээ шаарддаг байна. Харин манайд бол ийм туршлага ч байхгүй, ашиг сонирхлын зөрчлийн хуулинд ч энэ талаар нарийн зүйл заалт байхгүй гэдгийг судлаачид, хуульчид хэлж байна.

Манай төрийн жишгийг харахад ашиг сонирхлын зөрчилтэй гэж өөрийгөө чөлөөлөх биш, харин эсрэгээрээ “Энэ салбарын бодлогыг би илүү сайн мэднэ. Энэ чиглэлээр олон жил ажилласан, бизнес эрхэлсэн. Тиймээс би сайд болж салбарынхаа ажлыг өөд нь татмаар байна” гээд сайд болцгоодог хамгийн буруу жишиг тогтжээ. Хуучин барилгын бизнес эрхэлж байсан хүнийг Барилга хот байгуулалтын, махны юм уу, гурилын үйлдвэрийн эзнийг Хөдөө аж ахуйн, боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж байсан нөхрийг Боловсролын, эмийн үйлдвэрийн боссыг Эрүүл мэндийн сайдаар томилж байсан жишээ захаасаа аваад бий. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Эрчим хүчний сайдаар нэр дэвшсэн Ц.Цэнгэл ашиг сонирхлын зөрчилтэй гэх шалтгаанаар унаж байсан. Эхнэр нь Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээний захирал ч билүү, ямар чиг байсан сайд болоогүй юмдаг. Ганц нэгхэн тийм тохиолдол сайд дээр яригддагаас ихэнх нь чимээгүйхэн, нууцгайхан сайд болцгоодог. Уул нь “Ашиг сонирхлын зөрчлийн” гэх тодотголтой хуулийн 8.1-д “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийн хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана”, мөн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэжээ.

Ашиг сонирхлын зөрчлийн хууль Их хурлын гишүүдийн хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ давхар уялдаж, нарийн нягт зохицолдох ёстойг улс төр судлаачид хэлдэг. Тухайн гишүүн ямар ямар компанийн хувьцаатай, хаанаас хөрөнгө оруулалттай, хамаарал бүхий иргэд нь ямар ямар бизнестэй гээд маш тодорхой байхыг сануулдаг. “Гишүүд ирээдүйн хулгайгаа далдлах зорилготойгоор ХОМ-ээ нэмэгдүүлээд биччихдэг, үүнийг зохицуулсан хуулийн процедур манайд алга” гэдгийг олон хүн хэлдэг. “Гишүүдийн тангараг өргөх нь бэлгэ тэмдгийн шинжтэй мэт харагддаг. Үнэн хэрэгтээ бол ард түмний өмнө Үндсэн хуулийг дээдэлж шударга ёсыг сахиж ажиллахаа тангараглаад, тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ хэлсэн айхавтар зүйл. Үүнийг нь бид зүгээр нэг бэлгэ тэмдгийн юм уу, ёслолын чанартай гэж хүлээж авч болохгүй. Их хурлын гишүүн ямар эрх үүргийн дагуу ажиллах ёстойг нь бид шахан шаардах хэрэгтэй. Намын мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийг нь тулган шаардах ёстой. Тэгээд мэдээж хуулийн дагуу ёс зүйтэй ажиллахыг нь харна. Өргөсөн тангарагтаа үнэнч байж чадвал жишиг болж тогтоно, чадахгүй бол жүжиг болоод төгсөнө” гэж Д.Бумдарь судлаач хэлж байна.

Ямар чиг байсан шинээр сонгогдсон гишүүд Монгол төрийн индэр дээрээс авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэдгээ тангараглалаа. Олон улсын жишигт ашиг сонирхлын анкет бөглөөд өөрийнх нь бизнестэй холбоотой хуулийн асуудалд оролцдоггүй байх нь. Монгол Улсын Их хурлын гишүүд олон улсын энэ зарчмыг баримталж ажиллах цаг нь болжээ. Энэ талаарх хууль зүйн зохицуулалтыг нэн даруй хийж, улмаар ард нийт шахан шаардах ёстой. Хэрвээ тангаргаа зөрчиж ашиг сонирхлын зөрчилтэй хууль батлах, ямар нэгэн үйл ажиллагаа явуулбал “хуулийн хариуцлага хүлээнэ” гэж хэлснийг нь Монголын төр ёсоор болгох нь дамжиггүй. Эрхэм гишүүд минь төрийн жолоог ухаалаг барьж, аливаад ул суурьтай хандаж ёс зүй, хууль ёсыг чандлан сахиж өргөсөн тангарагтаа үнэнч явахгүй бол тангараг чинь тонгорог болж гишүүнээсээ татагдааад зогсохгүй хуулийн хариуцлага хүлээх аюул ойрхон байна.