Нийслэлд өчигдөр орой хүнд даацын машин 12 машиныг мөргөсөн зам тээврийн осол гарчээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодруулахад "2020 оны 7 дугаар сарын 8-н буюу өчигдөр орой 23:20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастын зам, Сургуулийн 14 дүгээр гудамжны урд замд HOVO маркийн миксер Мицубиши пажеро, 7 ширхэг Тоёота приус, Ниссан дацун, Хонда инсайт, Старекс, Ланд круйзер 80 машинуудтай мөргөлдсөн ноцтой осол гарлаа. HOVO маркийн миксер нь 10 тоннын зуурмаг ачих даацтай. Осол гарах үед 8 тоннын зуурмагтай явж байсан нь тогтоогдсон.

Одоогийн байдлаар ослын улмаас таван хүн гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн.

Мөн ослын үеэр гурван айлын хашаа дайрсан байна. Ослын шалтгааныг тодруулахаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэсэн мэдээллийг өглөө.