Б.Дашзэвэг: Хүн болж төрсөн агуу их хувь тавилангаараа үргэлж бахархаж, түүгээрээ л амьд байна
2020/08/28
-ЦАХИМ МЭДЭЭЛЭЛ ИХ БОЛСОН Ч СОНИНЫ ГОЛЧ, ҮНЭН ЗӨВ БИЧЛЭГ ҮНЭ ЦЭНЭТЭЙ ХЭВЭЭР БАЙНА-
Олон улсын сэтгүүлч, Монгол Улсын соёлын гавьяат, зүтгэлтэн, философийн ухааны доктор, профессор гадаад хэлний мэргэжлийн багш-орчуулагч, яруу найрагч Б.Дашзэвэгтэй ярилцлаа.
АМЬДРАХ САЙХАН ГЭЖ АМАНДАА ШИВНЭЖ БАХАРХАЖ БАЙ
-“Амьдрах сайхан” гэсэн таны нэг брэнд үгийг сонсоход таатай. “Амьдрах сайхан”- аас ярилцлагаа эхлэх үү?
-Хүн болгон амьдрах сайхан гэж бодож сэтгэж, амандаа үглэж байх учиртай. Ингэж бодож байж л хүн сайн сайхан амьдарна,түүнд тэмүүлнэ, хийж бүтээнэ. Хорвоогийн гайхамшиг бол хүн. Хүний гайхамшиг оюун ухаан. Хүн болж төрнө гэдэг ямар том хувь тавилан бэ? Агуу их биш ч, алдар цуутан биш ч гэлээ хайрлах энэрэх сэтгэл зүрхэнд нь шингэсэн, халуун цус биеэр нь гүйсэн жинхэнэ, жирийн хүн байх сайхан. Бидний, миний үеийнхэн бүр их азтай. Хоёр зууныг дамжин амьдарч байна. 100 насалж байна гэж бодоорой. XX зууны ч, XXI зууны ч хүмүүс. Хүмүүн төрөлхтний түүхийн таван формацаас хамгийн хөгжилтэй, дэндүү бололцоотой нийгмийн хоёр тогтолцоо социализм, капитализмын хүмүүс. Социализмын улс төрийн тогтолцоо нь нэг намын систем, эдийн засгийн тогтолцоо нь төвлөрсөн, төлөвлөгөөт эдийн засаг, амьжиргааны байдал нь адил тэгш. Капитализмын улс төр- олон намын, эдийн засаг нь чөлөөт өрсөлдөөн, амьжиргаа нь хэн чадварлаг нь. Энэ хоёр хоёулаа чухал. Би судлаачийн хувьд юу гэж үздэг вэ гэвэл: “Социализмын дээр хэлсэн тогтолцоонд хүмүүн төрөлхтөн олон жилийн дараа дахин эргэх болов уу? Хүний тухай бичих, хүнийг магтан дуулах миний уран бүтээлийн нэгдүгээр сэдэв. Олон улсын харилцаа нь миний ажил. Хүний хамгийн том бүтээл, аз жаргал бол өөрийгөө амжилттай, ухаалаг авч явах. Төгөлдөр эр хүн өөртэйгөө, эхнэртэйгээ, гэр бүлтэйгээ ухаалаг зохицон амьдардаг. Одоогоос 30 гаруй жилийн өмнө зохиосон “Ай даа хүмүүс минь, амьдрах сайхан” дуу одоо ч хүмүүсийн аманд аялагдаж байна. Хүн болгонд би хүндэтгэлийн хайртай, хүүхэд бүрд өхөөрдлийн хайртай. Хаана ч, хэзээ ч, ямар ч нөхцөлд байсан би тодорхой зорилготой амьдардаг. Янз бүрийн нөхцөлийг чи асуух гээд л байгаа. Тэр үед нь тод хэлнэ.
АМЬД ЯВАХ АРГА ДАДАЛ ХЭРЭГТЭЙ
-“Амьдрах сайхан, амьд явах арга, дадал” ном бичсэн гэсэн. Энэ тухайгаа?
-“Амьдрах сайхан, амьд явах арга, дадал” ном хүмүүсийн хүсэл сэтгэлийн олон төрлөөр “яаж...эрүүл саруул байх, яаж баян болох...” гэх зэрэгт хариулах оролдлого хийсэн англи, орос, солонгос, хятад зэрэг хэлнээс орчуулсан олон номыг “будаа болгосон” монгол бүтээл. Хамгийн гол нь монгол хүний амьдралын шууд тусгал. Уран нийтлэлийн энэ бүтээл монгол ахуй, зан үйлээр амьдрах сайхныг нотлон, өөрийн туршлагад тулгуурлан олон орны хүмүүсийг судалж хэрэг болох санаа авч бичсэн. Хүн байх гайхамшиг, эрүүл энх урт урт удаан наслах арга дадал, их юм сурч мэдэх арга, ажил мэргэжил бол сурсан мэдсэний дадал, хийж бүтээсэн бүхэн хэзээ ч үлдэнэ, гадаад хэл хэрхэн түргэн сурах, ариун хайрын гэр бүл амжилт бүтээлийн эх булаг, амжилт бүтээл цогцлоход алдар гавьяа өөрөө хүрээд ирэх тухай тус тусад нь бүлэг болгон өгүүлсэн. Миний ном амьдралыг төгөлдөржүүлэх, түүнд туслах, санаа төрүүлэх юм. Хүн бүрийн өврийн ном болгох зорилготой. Удахгүй хэвлэгдэн олны хүртээл болно байх гэж горьдож байна. Баян байсан бол ч аль эрт гарт чинь атгуулсан байх учиртай. Энэ номынхоо санаагаар би том юм хийх төлөвлөгөөтэй. Түүнийгээ анх удаа “ Өдрийн сонин”-оор дамжуулан олонд товч хэлж байна. Урлагийнхан, түүний дотор дуучид улс орноо тойрон тоглолт хийдэг. Тэгвэл би сонин аяллаар Монгол орныг бүтэн тойрох төлөвлөгөө, зохиомж хийчихсэн. 80 насныхаа ойд зориулж сургалт, лекц, тоглолт гэсэн гурван үндсэн хэсэг, бүтэцтэй.
Нэгдүгээрт нь, сургалтаар монгол хүний бие, сэтгэцийн онцлог, зан үйлийг гадаад орнуудын онол, туршлага дээр боловсруулсан зөв хооллолт, хөдөлгөөн, арга дадлыг өөрөө биечлэн үзүүлж сургана. Хоёрдугаар хэсэгт лекц, сурталчилгаагаар хүн байхын гайхамшиг, монголчууд ба дэлхийн хүн ард, дэлхийн хөгжил, чиг хандлага зэргээр яриа ярилцлага, үзүүлэх болно. Гуравдугаар хэсэгт, Тоглолт нь монгол ардын болон зохиолын дуу хөгжим, рок поп, электро дуу хөгжим, бүжиг. Энэ бүхэн тусгай хөтөлбөр сценаритай. Тойрон аялалд бэлтгэх ажил нэн чухал. Зохиол төлөвлөгөө гаргах, баг бүрдүүлэх. Менежер, найруулагч, дуучин хөгжимчин, техникийн ажилтан, жолооч, туслах ажилтан. Эдгээрийг олж шалгаруулна, дээд тал нь долоон хүнтэй баг. Аяллыг ирэх 2021 оны хоёрдугаар хагаст гэж төлөвлөж байгаа. Өглөө эртээс орой унтах хүртэл идэж уух, хөдлөх, ажиллах, бодож сэтгэхийг биечлэн харуулж заана.
-Өглөө гэж таны нэг гол сэдэв байдаг гэсэн. Монголчууддаа өглөөний цагийг дүүрэн ашиглаж сургах юмсан гэж олон удаа хэлж байсан?
-Өглөөний ажил үйлсээ төлөвлөж, тооцоолж хийдэг хүн. Өдрийнхөө ажил үйлсийг төлөвлөж тооцоолж гүйцэтгэдэг хүн насан туршийнхаа аз жаргалыг төлөвлөн тооцоолж чаддаг. Өглөө гэдгийг би 05:00-08:00 цаг хүртэлх хугацааг хэлдэг. Монголчууд, Улаанбаатарчууд өглөө яасан их унтана вэ? Өглөө 06:00 цагт хажууханд байгаа Бээжин хот оволзож байхад Улаанбаатар дуг нойрондоо. Социализмын үед том даргыг даган сурвалжлах ажлаар Францын нийслэл Парист очлоо. Тэнд орчин үеийн техник технологи мэдэхгүй будилж байснаа хэлбэл одоо хүмүүс ойлгохгүй шоолон хөхрөлдөнө. Сурвалжлагчдыг буулгасан харьцангуй жижиг зочид буудалд шөнө унтаж байлаа. Гадаа юм дуугараад байхаар нь цагаа харсан 04:00 цаг өнгөрч байна. Цонхоор харахад өчигдөр орой цэлийсэн талбай байсан газар том зах болчихсон, алим пирамидлаад хураачихсан, хүнсний зүйлс бүгд ярайж, хүмүүс халуун кофе ууж буй бололтой уур савсаад, худалдаа наймаа ид дундаа бололтой. Өглөө 09:00 цагт гараад ирэхэд юу ч байхгүй, толийтол цэвэрлэж усаар угаасан талбай. Тэр зах, үйлчлүүлдэг айл өрх дадал болжээ. Ер нь том орнуудад ялангуяа үйлдвэрийн газар өглөө 04:00 цагаас ажил нь эхлэх, өдөр 16:00 цагт гэрийн зүг, амралт зугаалгын зүг хүмүүс тайван сайхан алхалдаг. Өглөөний цагийг үр дүнтэй ашиглацгаая гэж дахин уриалъя монголчууддаа. “ Эртэч монгол хүн” гэдэг сайхан аян зохион байгуулж байсан хүмүүст талархаж, би хамгийн идэвхтэй оролцогч нь байлаа. Түүнийг санаачлан хийсэн оюунлаг сайхан бүсгүй Цэндмаа одоо хаана байгаа бол. Англи, солонгос зэрэг гадаад хэлний мастер ихээхэн оюунлаг, санаачлагатай дайчин энэ хатагтай нийгмийн их идэвх санаачлагатай нэгэн. “Газарчин” дээд сургууль” бидний өглөө” гэсэн ажил зохиодог, би очиж ихэд таашааж байв.
“ӨДРИЙН СОНИН”-Г ӨГЛӨӨ ЭРТ АВЧ ЗАНШВАЛ САЙХАН ДАА
-Өглөө гэснээс санаа аваад нэг асуулт асууя. Олон улсын сэтгүүлч гадаадын олон улс орнуудад сурвалжлага бэлтгэсэн байх. Тэнд сэтгүүлч өглөө эрт яаж ажлаа эхэлдэг вэ?
-Энэ чинь сонин хэвлэлийн тухай асуудал байна даа, сэтгүүлч гэхээрээ. Би гадаадад хаана ч очсон өглөө эрт гараад өглөөний, өдрийн тогтмол сонин олж авдаг. Зочид буудлаас дөнгөж гараад л сонин хэвлэлтэй учрах. Тухайн орны өглөөний, өдрийн сонин бөөн мэдээлэл, будаа идэх аятай боломж. Дэлхийн бараг бүх хотод өглөө эрт сонин зарах цаг, худалдан авах дадалтай. Би аяга цайны мөнгөөрөө ч сонин авна. Зараад дууссан, бас мөнгөгүй бол нийтийн унаанд гүйгээд орно. Тэнд хүмүүс уншсан сониноо өөр хүн уншиг гээд эвтэйхэн орхидог. Монгол орон, Улаанбаатарын өглөө удахгүй сониноор эхэлдэг болох байх аа. “Өдрийн сонин”-г машин дотроосоо, явах замдаа авчихаж байвал сайхан даа. Би томилолтоор гадаадад явахдаа тогтмол сонин хэвлэл авч явдаг. Тэр бол миний том бэлэг. Гадаад оронд байгаа Монгол Улсын төлөөлөгчдийн газрынхан ч миний ирэхийг биш, сонинг хүлээнэ, авч унших гэж яарна. Зарим хүн намайг хараад сонин иржээ гэж бодно.
АНУ-ын нийслэл Вашингтонд монгол айл М.Саруул-Эрдэнийд саатсанаа санаж байна. Номтой, мэдлэгтэй, ёсорхуу монгол эр. Гэрт нь ороход эмх цэгц, эд агуурсын байрлал донжтой. “Эмх цэгц бол бурхан тэнгэрийн анхны зарлиг” гэсэн утгатай үг АНУ-ын Конгрессийн номын санд ороход харагддаг. Саруул-Эрдэнэ тэр номын санд ажилладаг гэдгийг дуулсан учир энэ үг санаанд оров. Бидний яриа Монголын тухай өргөн дэлгэр сэдэвтэй ч хэвлэлийн тухай голчлон ярилцав. Саруул-эрдэнэ “Өдрийн сонин”-ны Вашингтон дахь сурвалжлагч гэдгээрээ их бахархдаг юм байна. Би түүний илгээсэн нийтлэлтэй “ Өдрийн сонин”-г өргөн барилаа. Сонинг тэр тун ч намжирдан гардаж, адислаж, хавь ойрын монгол хүн бүр уншина гэв. Гадаад оронд хаана ч очсон эх орон нэгтнүүддээ барьдаг бэлэг бол “Өдрийн сонин”, Монголчууд “Өдрийн сонин”-г одоо улам их эрэлхийлэх болжээ. Цахим мэдээлэл их болсон ч тэр сонины голч, үнэн зөв, бичлэг үнэ цэнэтэй хэвээр байна. Би хэцүү газар байхдаа ч энэ сонинг тогтмол авч чадаж байсан. “Өдрийн сонин”-оор үнэд ордог байлаа. Энэ өдрүүдэд манай гэрийн хажууд сонин борлуулах ганцхан цэг байх. Түүний худалдагч намайг хараад л “Өдрийн сонин”- г гаргаад ирнэ. Сая тэрээр дараачийн хоёр долоо хоногт байхгүй шүү, амарна гэж надад хэлэв. Чи ажил хаяхна уу, би яанаа гэж тоглоом шоглоом болгоод сайхан амрахыг ерөөсөн.
АНУ-д буй монголчуудын “Хамаг Монгол” сонинд томилолтынхоо хэдээс илүүчилж хэдэн ногоон бариад М.Саруул-Эрдэнэд “Монголд хэрэгтэй зайран байна чи. Хэзээ нутагтаа очих вэ? гэж асуух шаардах хоёрыг холин байж хэлээд би явахыг завдсан. Би шүлэг найраг дуудан хайлж түүний сэтгэлийг улам хөдөлгөсөн. Эх орноо санасан Эрдэнэ-ван чамтайгаа Монголдоо уулзъя гээд би боссон.
ХҮН БОЛЖ ТӨРСӨН АГУУ ИХ ХУВЬ ТАВИЛАНГААРАА ҮРГЭЛЖ БАХАРХАЖ, ТҮҮГЭЭРЭЭ Л АМЬД БАЙНА
-Миний хэцүү цаг хугацаа гэж та яриандаа дурдаж байсан. Би ойлгож байна. Одоо хэцүү цагийнхаа тухай жаахан ярилцах уу. Тантай ярилцлага хийх хүсэлт тавьж байсан ч тухай бүрт нь татгалзаж байсан. Одоо ярих цаг нь болсон гэж үзэж байна уу?
-Тийм ээ. Утга төгөлдөр амьдралын минь улаан зам дээр “хавх” тавьсан үе, хавханд байсан нэг жил гаруйн хугацаа. Монголд хүүхдийн хүчирхийлэл гэж жинхэнэ шуугьж байсан өдөр. Мөнгө өгөхгүй бол сайхан нэр хүндийг чинь гутаана. Мөнгө олж иртлээ “завдсан, мөнгө өгье” гэж баталгаа бичиж өгөөд яв гэж тэр охины халамцуу аав нь хэлснээр болсон. Би шүүх цагдаа гэж огт бодсонгүй, согтуу хүнийг л хуураад, хэд хоноод хэдэн мөнгө авчирч өгөхөөс гэж бодов. Гэтэл шүүхэд өгчээ. Тэр аав өөрөө өгөөгүй нь ойлгомжтой. Тэгэх хүн биш. Шүүх миний гарын үсэгтэй “завдсан, мөнгө өгье” гэсэн бичгийг гол болгоод “завдсан байна” гээд нотолжээ. Тэгээд гүйцээ. Намайг олон жил хорих боллоо гэдгийг дуулаад нөгөө эцэг нь амиа хорлосон. “Дашка ах 70 хол гарсан, би 45 настай, тэр яаж амьд гарах вэ, би наана нь үхнэ” гэж гэрийнхэндээ ярьж байжээ. Тэр хайран залуу нас, их харамсалтай. Архи уудаг болохоос сэтгэл сайхантай эр хүн байлаа. Тэр охин нь хорвоо дээр хамгийн өрөвдөлтэй хүүхэд. Хоёр хөлгүй, ээж нь харваад дөнгөж амьд төдий, аав нь тэгээд байхгүй. Өөрөө суугаад шээж ч чаддаггүй. Хөлийг нь жаахан засаж эмчилсэн гэж сая би дуулаад их баярласан.
-Хаана ч, хэзээ ч ямар ч нөхцөлд тодорхой зорилготой амьдрах сайхан гэж та дээр хэлсэн. Хорих ангид та мөн тийм л байв уу?
-Нэгэнт л тийм юм болсон. Тэр хэрэг гэгчид би ганцаараа л үлдсэн. Хэн нэгэнд гомдол тавьж гонгиноод яахав гэж бодсон. Гурван зорилго өмнөө тавилаа. Эндхийн дүрэм журмыг яг таг биелүүлье. Цаг ашиглаж уран бүтээл хийе. Амьд, эрүүл байя. Хүүхэд залууст хэлэхэд юм юм их сурч мэдээрэй, хаана ч хэрэг болно. 461 дүгээр ангид нэгэн оюунлаг офицерийн шүлэг зохиолыг орчуулалцаад өдөрт аяга халуун кофе, чацарганы халуун шүүс уучих жишээтэй. Орой үдэш зайг нь хараад гурван өрөөнд дуулдахаар шүлэг зохиол унших, юм ярих. Тэгээд манай өрөөний үүд рүү ууттай боов, дүрдэг цай тэргүүтэн гулсан ирж, хүүхдүүд яаж авах аргатай. 47 хүнд хувийн шүлэг бичиж өгсөн учир талархал, хүндэтгэл их. Миний “Хоригдлын гэргий” шүлэг хоногийн эргэлтээр ирсэн гэргий нарын нулимсыг олон удаа асгаруулсан гэсэн. Тэнд нэг өрөөнд байсан би зөвшөөрөл өөрөөс нь авсан тул нэрийг нь хэлье, Батбаяр гэдэг сайхан залуу надад бүх талаар үйлчилнэ, идэх юм бараг аманд хийж өгнө.
421 дүгээр нээлттэй хорих ангид НҮБ-ын эрүүгийн гэмт хэргийн тухай нэгэн чуулганы бүх материалыг англи хэлнээс орчуулж өгөөд шагналын сар хоног авч, хэрдээ тусгай хангамжид байв. Албаны болон хувийн өөр текст орос, англи, герман хэлнээс орчуулсан, мэдлэгт хүндэтгэл хүлээсэн. Тэнд залуучууд дийлэнх. Тэднээс гараад юу хийх, юу сурах бэ гэж асуухад бараг бүгд л мөнгөтэй болох, мөнгө олох гэх. Монголын залуус мөнгөнд бөхийсөн үе байна. Миний Монголын ирээдүй ийм байх гэж би санаа зовно. Оюунлаг, мэдлэг чадварт бөхийдөг цаг дэлхий дахинаа ирж байна шүү.
ХҮНД НЭГ ГАЙХАМШИГТ ДАРХЛААТАЙ ЭРХ ЧӨЛӨӨ БАЙДАГ. ТЭР БОЛ СЭТГЭН БОДОХ ЭРХ ЧӨЛӨӨ. ТҮҮНИЙГ ҮХЛЭЭС ӨӨР ХЭН Ч, ЮУ Ч ХОРЬЖ ЧАДАХГҮЙ
Амгалан дахь 421 дүгээр нээлттэй хорих ангийнхан, хоригдлууд надад хүндэтгэлтэй хандаж байсан. Ангийн дарга хурандаа Г.Тамир, дэд дарга Наранбаатар, Сайханбилэг...гаран гартал анхаарал тавьж байсан, би ч үлгэр дуурайлтай байв. “Амгаланд амгалан байна аа” гэж би шүлэг бичсэн. Ангийн хашаанд таримал цэцэг алаглаж, зоогийн танхимууд цэвэр цэмцийж байсан. Гадаад орноос орчин цагийн гал тогооны аппаратур захиалан авчээ. Түүний заавар сэлтийг би орчуулж өгөв. Энд хэн ч талархмаар үйл явдал нь намайг байхад хоёр ч удаа “нээлттэй хаалганы өдөрлөг” болов. Ар гэрийнхэн ирж, яриа хөөрөө, хоол унд боллоо.хамгаалалт, дэглэм ч журмаараа. Дуу хуур, шүлэг найраг ч боллоо. Нэртэй уран бүтээлчдийг урьжээ. Энэ өдөр бяцхан хүүгээ чээж, хацартаа нааж, баясан суугаа аавыг хараад уярмаар. Өвөө өөдөө цоройж үсгүй гялгар толгойг нь илж байгаа жаахан охиныг үзээд өрөвч сэтгэл өмөлзмөөр, “аав аа хэзээ гэртээ очих вэ? гэж асуух тушаах хослуулан хашгирч буй банди атаман. Залуу гэр бүл эр, эм хоёр хүмүүсээр ичингүйрэн бие биеэ энхрийлсэн горьдлого, гуниглал хоёрыг нь алсханаас мэдэрч тэр торон төмөр хаалгыг зад татаад тэр хоёр луу зааж аз жаргал гэж инээмсэглэмээр. Гэрийнхээ хоол цайг идэж уусан өвөө, нөхөр, хүү, ач нар ч байгаа бололтой гэдсээ илж, хөлсөө арчин маадайж байгааг харахад сайхан байлаа. Хүнд итгэхэд дэглэм журам, үүрэг хариуцлага өөрөө цогцолдог юм байна. Өдөрлөг сайхан боллоо гэж ангийн удирдлагад хоригдлуудын сэтгэлийг шүлгээр илэрхийлсэн.
-Та ер нь шүүх хүчний байгууллагын талаар та ямар бодолтой байна?
-Мэдлэг оюуны салбаруудаас миний хамгийн хол нь хууль зүй. Тэр надад хэрэггүй. Хуулиар ороолгож хоригдсон ч тэр бодолтойгоо. Би нийгэмтэйгээ зохицож, хүмүүстэй хүнлэг харьцаж, ёс зүйтэй амьдардаг. Хойшид ч тэгнэ. Хууль хяналтынханд юу дутагдаж байна вэ гэвэл ердөө л мэдлэг чадвар. Монгол Улсын эрүүгийн хууль бол зөвхөн “шоронгийн хууль” байна. Тийм хэрэг хийсэн хүнийг хэдэн жил хорино гэсэн. Хуульчид нь зөвхөн тэр ном, цаасаа л барьдаг. Хэрэгтэн чухам ямар хүн бэ, хэргийн тэр цаг үе, байр байдал ямар байв зэрэг хүнлэг, сэтгэл зүйн асуудлыг авч үзэхгүй. Шийтгэл гэдэг зөвхөн хорих гэж үздэг. Монголчуудын “тамын тогооны үлгэр” байна л даа. Түүний ирмэг дээр төрийн нэрээр “сэрээ” барьсан хүн суувал бүр аюултай. Би шорон гэдэг үгийг их цэрвэн цээрлэдэг. Миний хүүхдүүд ч гэсэн маш их цээрлэж, хэлэхээс дургүйцэх юм. Арга ч үгүй. Одоо тэр хэрэг гэгч цагаадаж байна. Миний хамгийн их хүсэж байгаа юм нэрээ цэвэрлэх, ард түмэнд үнэнийг ойлгуулах. Ойлгож сэтгэл санаагаа илэрхийлж буй хүмүүст их баярлаж байна. Яг тэр үед, намайг хорионд байхад хэвлэл мэдээлэл, цахим хуудсаар их гутаан доромжилж байсныг одоо зах цухаас нь яриулж сэтгэл гонсойх. Би тэр үед нь мэдэх бололцоо байсан бол ёстой нөгөө галзуурах, эсвэл амиа хорлох байсан байх аа. Миний ард түмэн бүгдээрээ намайг үзэн ядаагүй юм билээ. “...урлагийн том цэнгүүнд дуучин М.Бямбажав тайзнаа Б.Дашзэвэгийн шүлгээр зохиосон “Хүмүүс минь, амьдрах сайхан” дууг улам ч уянгалаг дуулахад тэнд хуран цугларсан 3000 гаруй үзэгчдийн 6000 гаруй нүд үнэндээ харууслын нулимстай байсныг би харсан. Монголын ард түмэн Дашзэвэг гэдэг хүнийг үзэн ядаагүй, харин ч хайрласаар байгааг эндээс харахад л хангалттай байлаа” гэж “ OPEN DOOR” сонинд сэтгүүлч, зохиолч бичсэн байсан.
Хүн болгонд сайныг санаж яваа зан үйл минь аливаа муу муухайгаас зайлуулах л ёстой. Тэгж ч байна. Би амьдрал үйлстээ дандаа азтай, хийморьтой явсан. Сурсан, мэдсэн,хийсэн бүтээсэн, тэгээд би мөнх амьдарна аа гэж шүлэг найраг бичиж байлаа. Оюун санаа минь одоохондоо өтлөөгүй байна. Хүний бие эрхтнээс хамгийн их ажилласан нь, хөгжүүлсэн нь хүчирхэг байдаг. Миний оюун санаа бөхийх өдий байна. Их найрагч, миний эрхэм найз Б.Лхавгасүрэн аягатай цайгаа бүү хэл агуу нөхөр үзгээ ч даахгүй сульдан доройтсон мөртлөө ухаалаг үг амнаас нь дуулдсаар талийсан гэж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Өдрийн сонин
Зочин · 2020/08/30
Зочин · 2020/08/30
Ардчиллаар хэлмэгдсэн хүн. Ийм хүн ч олон бий дээ. Муу нохой ард олноо хуурч орох оронгүй болгосон хулгайч Бат-Үүл Монгол улсыг нурааж хаячаад ардчилал Зөвлөлтийн колоничлолоос салгасан ардчиллыг хараасан хүмүүсийг тагнуулыхнаар шалгуул гээд ФС гэгчдээ бахардан чаралсан байна лээ. Энэ муу хулгайчууад эрх мэдэл өгөхийн бол олон ч хүн алах нь дээ? Одоо хулгай луйварын хэргээ цайруулахын тулд алахаар шуударсан болтой шүү? ШОДОРГОСЫГ БИЙ БОЛГОСНЫ ҮР ДҮН дээ Салга саарал илжиг Бат-Үүлээ
Зочин · 2020/08/30
Ардчилал гэх хүн хүнээ барьж иддэг зөвхөн мөнгөний төлөө бузар ёс суртахуун ч айхтар хэлмэгдүүлсэн дээ
Зочин · 2020/08/30
Ха хах ха ааааа ха ха ха одоо эрлийз М.Энхсайхан даяа Ганболд С.Баярцогт нар тэгээд баялаг бүтээгчид юм уу? Май байлгүй тэд нар чинь юу ч хийгээгүй хүний юмыг өөрөөр хэлбэл ард түмний улсын хөрөнгийг хулгайлж луйвардсан хулгайч нар. Баялаг бүтээгчид тэгээд хулгайч луйварчид байдаг хэрэг үү?Ер нь тэд юу бүтээсийн? Май май чи яадаг муу СОХОР НОХОЙ ВЭ?
Зочин · 2020/08/29
хэлмэгдсэн шүү урт насоаарай
Daszebeg bol chagtaa Daszebeg l baisan daa!!olon hyn medne! · 2020/08/28
Daszebeg bol Mongoliin bolobsroltoi negen ard syy!zaluus ta nar hyniig zeb tanij hyndetgej yabbal ireedyi chini gerelteh baih!hyniig muugaar eldeblebel horon sanaa chini eeriig chini ygtadgiig byy mart;Agyy orosiin zohiolch Dostoebskii helsen yum,hyniig aldaa onootoi ni hairla?gej helsen yag tyyn sig zaluus mini aldaa gargasan ch baisan niigemsij hyn amidardag chag ye baidag yum syy!!!!
Зочин · 2020/08/28
Hahaha mongold shudraga yos togtoj baina byalag buteesen humuus ni shorond harin gaj dontoi kommunist obgon baatar . Haraal idsen kommunisduud hurdan uhej duusaasai sogtuu orsiin arhind tulegdsen tednees sain yum hezee ch garahgui.
Зочин · 2020/08/28
Urt naslaarai .
zochin · 2020/08/28
gaj uvgun teneg uvgun
Зочин · 2020/08/28
ЕРӨӨЛӨӨР БОЛОГ ЭЭ? ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ХОГ СҮГИЙН АРДЧИДЧИЛАГЧ НАР АЛГА БОЛООД СОЦИАЛИСТ ТОГТОЛЦОО ХУРДХАН БИЙ БОЛООСОЙ
За боль доо · 2020/08/28
Энэ өвгөн шар сэмжилчихээд, одоо чимээгүй байсан нь дээр гэдгийг ойлгохгүй юм даа. Угийн тиймэрхүү байсан хэвээр шив дээ.
zochin · 2020/08/28
Ухаантай хүн сайхан юм.Хүнд байдалд орсон ч ухаанаа залуучуудад хайрлаж байдаг.Урт удаан наслаж үр хүүхдүүдээрээ тойруулан аз жаргалтай явахыг ерөөе.