Бүх Монголчуудын Оюу Толгой хөдөлгөөнөөс төрийн түшээдэд гурван асуулт бүхий асуулга хүргүүллээ
2 цагийн өмнө
Иргэний нийгмийн төлөөлөл Г. Баасан, Б. Отгон, Г. Уянга нар “Бүх Монголчуудын Оюу Толгой” хөдөлгөөнийг байгуулж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Тус хөдөлгөөнийг санаачлагчид Оюу Толгойн гэрээг нэн яаралтай цуцлах, өнгөрсөн 13 жилийн хугацаанд Монголын талд учирсан мөнгөн болон байгаль орчны бүхий л хохирлыг “Рио Тинто” компаниар нөхөн төлүүлэх хатуу шаардлагыг тавьж, нийт ард түмнийг тэмцэлд уриалж байгаа аж.

Энэ талаар Г. Баасан “Энэ хөдөлгөөнийг өрнүүлэх болсон гол шалтгаан нь Үндсэн хуульд заасан газар, хэвлий, баялаг, ус, ой, ан амьтан гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байдаг гэсэн заалт юм. Гагцхүү гэдэг нь хэнтэй ч хуваалцахгүй ганцхан өмчийн эзэн л байна гэсэн үг. Гэтэл Оюу Толгойн асуудал 17 жил явж байх хугацаанд ямар санхүүжилт орж ирээд байгаа юм, тэр нь хөрөнгө оруулга мөн үү, биш үү, аль дансаар хэдэн ам.доллар орж ирээд яаж хөрвөөд, яаж гарч байгааг монголчууд огт мэдэхгүй байна. Ямар баялаг гараад байгааг ч мэдэхгүй байгаа. Бид үе үеийн Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчид найдаж байсан ч энэ найдлага цөхрөлд хүрч зогсож байх шиг байна. Бид өнөөдөр 34 хувийн ногдол ашиг аваагүй, авах нь байтугай өдөрт 60 тэрбум төгрөгийн баялаг гаргахад Монголд тавхан тэрбум оногдож байна. Дээрээс нь бид өдөр болгон 15 тэрбум төгрөгийн өрөнд орж байгаа нь нэг иргэнд 45 сая төгрөг оногдоно гэсэн үг. Өчигдөр Оюу Толгойгоос уриалга гаргаж, төсвийн татварын орлогын ес орчим хувийг бүрдүүлдэг гэсэн байна лээ. Төр засаг зориг гаргаж чадахгүй болохоор өмчийн эзэн болсон иргэдийн төлөөлөл очиж баяжмалын замыг хааж зогсоосон. Тэдгээр хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэнэ гэнэ. 3.6 сая хүний өмчийг хамгаалсан нь буруутан болох уу эсвэл өрөнд оруулаад гадаадын компанийг хамгаалсан төр өөрөө хариуцлага хүлээх үү гэдэг цаг хугацааны асуудал боллоо” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Харин төслийн санхүүжилт, орлогын хуваарилалт болон луйврын схемийн талаар Б. Отгон тодорхой тоон баримтуудыг дурдав. Тэрээр “Өнгөрсөн 13 жил их хэмжээний баяжмал, алт, зэс, мөнгө, ховор металлыг экспортод гаргасан мөртөө баялгийн эзэн Монгол Улс яагаад нэг ч төгрөгийн ногдол ашиг аваагүйг 2023 оны тоон дээрээс харж болно. Борлуулалтын орлогын 40 хувийг хувь нийлүүлэгчдийн зээл, 13 хувийг төслийн зээл гээд нийт 53 хувийг нь зөвхөн энэ хоёрхон зээлд аваад явчхаж байна. Үлдсэн 25 хувийг үйл ажиллагааны зардал (менежментийн төлбөр орсон), 12 хувийг капитал зардал гээд суутгаад авчихдаг. Ингээд Монгол Улсад АМНАТ-ийн таван хувь, бүх татварын таван хувь нийлээд ердөө арван хувь нь л орж ирж байна. Рио Тинто бол хөрөнгө оруулагч нэртэй зүгээр л зээл зөөгч, баялгийн дээрэмчин, мөнгө хүүлэгч компани. Хамгийн аюултай нь 2026–2036 оны хооронд далд уурхайн хамгийн өндөр агуулгатай, цул хэсгийг олборлох гэж байна. 2030 онд хамгийн оргил үе нь байна.
Тэд 2037 оноос ногдол ашиг хүртэнэ гэж байгаа ч 2037 онд энэ баялаг чинь дуусчихсан байх болно. Анх ард түмний тархийг угааж, хөрөнгө оруулалтаа нөхөөд 51 хувь хүртэл авна гэж байсан ч 13 жил нэг ч төгрөг аваагүй, цаашид ч авахгүй ийм луйврын гэрээг бид үргэлжлүүлж яавч болохгүй” гэлээ.
Үргэлжлүүлэн Г. Уянга төр засгийн үйл ажиллагааг шүүмжилж, хөдөлгөөнөөс гаргаж буй албан шаардлагыг танилцууллаа.
Тэрээр, “Дэлхий нийтэд Рио Тинтогийн энэ мөлжлөгийг ард түмэн нь нийлж таслан зогсоосон урьд өмнөх туршлага байдаг. Оюу Толгойн өнөөдрийн үнэлгээ JP Morgan-ы гаргаснаар 12 тэрбум ам.доллар буюу 45 орчим их наяд төгрөг болж байгаа. Ийм үнэлгээтэй ордоо бид ямар ч ашиггүй ашиглаад зогсохгүй, ухах тусам улам өрөнд орж байна. Монгол Улсын нийт гадаад өрийн 20 гаруй их наяд нь Оюу Толгойгоос үүссэн өр. Баяжмалын зам хаасан иргэдийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа төр засаг бол Монголчуудын төлөө биш, бидний эсрэг ажиллаж байна. 13 жилийн турш баяжмал гараад байхад ТЭЗҮ байхгүй, АМНАТ-ийг тогтворжуулаад хэд дахин бага авч байгаа нь дандаа алдагдал. Баялгийнхаа экспортыг хянах ямар ч боломж алга. Баяжмал шууд чигээрээ гардаг тул дотор нь хэдэн хувийн алт, зэс, мөнгө, молибден байгааг хянаж чадахгүй байна. Баяжмал зарсан орлого нь Монголын банк санхүүгийн байгууллагаар дамждаггүй учраас татвар үнэн зөв эсэх нь эргэлзээтэй. Авлигын хэргүүд нь ч шүүхээр бүрэн шийдэгдээгүй. Тийм учраас бид Бүх Монголчуудын Оюу Толгой хөдөлгөөнөөс УИХ-ын 126 гишүүн болон Ерөнхийлөгчид хандаж, ирэх Даваа гарагийн дотор хариу ирүүлэхийг шаардсан гурван асуулт бүхий асуулга хүргүүлж байна. Үүнд, Оюу Толгойн алдагдлыг хэрхэн дүгнэж буй байр суурь, энэ гэрээг засахын тулд өөрөөсөө юу хийх, мөн алдагдалтай гэрээг цуцалж, хохирлыг Рио Тинтогоос нөхөн төлүүлэх иргэдийн шаардлагыг дэмжиж буй эсэхийг тодруулсан. Хэрвээ төр засаг ард түмнээ төлөөлж ашигтай гэрээ хийж чадахгүй бол ийм төр засаг бидэнд шаардлагагүй, бид өөрсдийн эрх ашгийг хамгаалж чадах өөр төр засагтай болохын төлөө тэмцэнэ” хэмээн мэдэгдэв.
Тус хөдөлгөөний санаачлагчид уг асуулгын хариуг олон нийтэд нээлттэй танилцуулна гэдгээ илэрхийлээд, энэхүү алдагдал хүүхдээс эхлээд 80 настан хүртэлх хүн бүрийн халааснаас өдөр бүр гарч буй мөнгө учраас нийт монголчуудыг тус хөдөлгөөнд нэгдэхийг уриаллаа.
Эх сурвалж: zms.mn






