Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч хэд хэдэн бүрэн эрхийг эдэлж, хэрэгжүүлдэг. Тэдгээрт, УИХ-аас баталсан хуульд, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт хориг тавих, гадаад тавцанд улсаа төлөөлөх, Элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах, улсын болон цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, уучлал үзүүлэх, иргэншилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зэрэг хамаарна.

Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас гадна бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бүрддэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх нь Ерөнхийлөгчид хуулиар олгосон бүрэн эрх.

Түүнд заасан хэм хэмжээнийхээ хүрээнд Төрийн тэргүүний гүйцэтгэх учиртай ажил нь ердөө л энэ. Энгийнээр хэлбэл, хууль тогтоох үндсэн эрхийг парламент эдэлж, хэрэгжүүлэх үүргийг Засгийн газар хүлээдэг. Бусдаар УИХ, Засгийн газар ажлаа хийхэд Ерөнхийлөгчийн оролцоо хэрэггүй.

Байх ч шаардлагагүй. Гэвч Монгол Улс байсхийгээд говь нутгийн зүг хөлгийн жолоо залж, цэргүүдээ эргэдэг Ерөнхийлөгчтэй болоод удав. Улсын тэргүүн, Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар очих нь зүйн хэрэг байх.

Гэхдээ Төрийн тэргүүнийг тийш хөтөлдөг ганцхан шалтгаан байдаг нь төмөр зам, түүнийг тойрсон бүтээн байгуулалт. Өөрийнх нь дар галдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Засгийн газраас Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замыг Монгол Улс дотоодын нөөц бололцоог ашиглан барихаар болсон нь жилийн өмнөх үйл явдал. Санхүүжүүлэгч нь “Эрдэнэс Таван толгой”, хөрөнгө оруулалтын хэмжээ нь тэрбум орчим ам.доллар.

Өнгөрсөн оноос бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлсэн уг төмөр замын доод бүтцийн буюу далангийн ажлыг ЗХЖШ, дотоодын аж ахуйн нэгжүүд хамтран гүйцэтгэж байгаа юм. Уул шугамандаа, төмөр зам барих, түүнийг тойрсон бүтээн байгуулалт өрнүүлэх, түүнд хяналт тавих нь Ерөнхийлөгчид хамаарахгүй. Хуулиар олгосон үүрэг нь ч биш. Засгийн газар, салбар хариуцсан яам, агентлагийн үүрэг. Гэвч говь нутгийг зорьж төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгадаг Ерөнхийлөгч уламжлал маршрутаа өөрчилж, баруун аймагт үргэлжлэх болов. Албан томилолт хийхийн зэрэгцээ “Алдарт эх”-ийн одон гардуулдаг жишиг тэрбээр ттогтоов. Хажуугаар нь төмөр замын бүтээн байгуулалтын тухай танилцуулахаа ч мартсангүй.

Коронавирусийн цар тахлаас үүдсэн Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу нэг дор олон хүн бөөгнөрүүлэхгүй байх үүргийг шат шатандаа, албан байгууллага болгон, хүн бүр хүлээж байгаа. Тийм байхад бусдадаа үлгэрлэх учиртай Ерөнхийлөгч “Алдарт эх”-ийн одон гардуулах нэрийдлээр Төрийн ордноос буурь сэлгэн аймгаас аймаг дамжин, одон тарааж яваа нь зүйд хэр нийцэх бол. Адаглаад тэрхүү арга хэмжээ бүрд амны хаалт зүүсэн хүн байхгүй нь Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамныхаа шийдвэр, зөвлөмжийг Төрийн тэргүүн нь өөрөө үгүйсгэж, зөрчиж байгаа тухай ойлголтыг нийгэмд хэдийн төрүүлэх болсон. Хууль, дүрэм, журамтай улсын хувьд хэн ч байсан түүнийгээ дагаж мөрдөх учиртай.

Гэвч улсаас то г тоосон дүрэм, журмыг “зөрчин” зүүнээс баруун аймгууд руу хөлгийн жолоо залсан Ерөнхийлөгчид одон гардуулах, хамгийн гол нь, түүгээр дамжуулж төмөр замын бүтээн байгуулалтын тухай танилцуулах нь нэгдүгээр асуудал болжээ.Эхлээд тэр Зүүнбаян- Тавантолгой, Тавантолгой- Гашуунсухайт чиглэлд барьж буй 700 орчим км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар “Одоогийн байдлаар ийм хэмжээний төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дотоодын нөөц бололцоонд тулгуурлан хийж буй улс орон дэлхийд байхгүй” гэдгийг Сүхбаатариаймгийн иргэдэд учирлажээ. Дараа нь “Би 2010 онд Зам, тээврийн сайд байхдаа Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг батлуулсан. Төмөр замын асуудлыг баруун аймгийнхан, ялангуяа “Шинэ эдийн засаг-Увс” форумд оролцож байгаа бизнес эрхлэгчид маш нухацтай анхаараад аваарай.

Яагаад гэвэл, энэ төмөр замаар дамжин Кызыл- Абакан-Красноярск чиглэлтэй холбогдоно. Баруун бүсийг төмөр замаар холбох төрийн бодлого одоогоос арван жилийн өмнө гарсан. Та бүхэн хэвлэл, мэдээллээс харж байгаа байх. Зүүнбаянгаас Цогтцэций, Цогтцэцийгээс Гашуунсухайт хүртэлх 700 орчим км төмөр замын дэд бүтцийн ажил үндсэндээ дуусаж, энэ оны арванхоёрдугаар сард анхны тээвэр хийнэ. Түүхэндээ анх удаа 700 км төмөр замыг монгол залуус, инженерүүдийн хүчээр бүтээн босгоод эхэлсэн. Ийм бүтээн байгуулалтыг 21 аймагт, тэр дундаа алслагдсан, баруун, зүүн бүсийн аймгуудад эхлүүлэх ёстой” хэмээн “Шинэ эдийн засаг- Увс”чуулга уулзалтад оролцох үеэрээ онцолсон байна. За яах вэ, энэ нь дүүрч гэж бодъё.

Гэхдээ өөрийг нь салбарын сайд байх үеэс УИХ, Засгийн газрын төвшинд ярьж эхэлсэн “Шинэ төмөр зам” төслийн хэрэгжилтийн явц өнгөрсөн 10 жилийн хугацаанд ямар урагштай явсан бэ? гэсэн асуулт гарч ирнэ.Цаашлаад Увс аймгийнханд хэлсэнчлэн баруун бүсийг төмөр замаар холбох төрийн бодлого хэрэгжсэн үү? гэдгийг эрхэм Ерөнхийлөгчөөс асуух нь зүйн хэрэг. Улс төр, бизнесийн бүлэглэл хоорондын зодооноос үүдсэн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам гацаанд орохгүйгээр, түүнийг сайдаар ажиллаж байхад ашиглалтад орчихсон, оруулчихсан бол өнөөдрийн цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралыг харьцангуй хямрал багатайгаар даван туулах байсныг эдийн засагчид хэлдэг, онцолдог. Үнэнийг хэлэхэд, зүүнээс баруун аймгийг чиглэсэн Ерөнхийлөгчийн хэлж, ярьж байгаа байр суурь болгон төмөр замтай холбогдох болсон нь гурван жилийн өмнөх нөгөө л “цоохор дээл”-тэй нэрдэвшигчийг санагдуулах боллоо.

Дээлийнхээ өнгийг сольж, Үндсэн хуулиар хамгаалагдсан Төрийн хүн болсныг эс тооцвол хуучны өнөөх “төмөр замчин”. Одон тараах нь түүнд хуулиар олгосон бүрэн эрх ч Засгийн газрынхаа хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтыг танилцуулж, тайлагнаж, тайлбарлаж, өөртөө наах нь Ерөнхийлөгч тэр дундаа Төрийн Нэгдүгээр хүний хийх ажил лав биш ээ!!! Ерөнхийлөгчийн сонгууль ч хараахан эхлээгүй байлтай.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН