УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Бид эх орондоо ирмээр байна” суултыг Төрийн ордны хоёр давхарт эхлүүлж байгаа талаараа мэдээллээ.

Тэрбээр суулт эхэлсэн бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд гурван заалт бүхий шаардлагыг хүргүүлжээ. Шаардлагад

  • Эх орондоо буцах хүсэлтэй, шинжилгээний хариу сөрөг гарсан маш олон иргэд БНСУ, АНУ, Туркэд байгаа иргэдийг яаралтай татан авах.
  • Буцах өдрөө хүлээн хоолгүй, амьдрах байргүй байгаа хүмүүсийн нөхцөлийг анхаарах
  • Төлөвлөгөөт нислэгийн хуваарийг урьдчилан гаргаж, мэдээлэл өгөх ёстой гэжээ.

Суулт хийх болсон шалтгаанаа УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Маш олон Монголчууд эх орондоо ирэхийг хүсэж байгаа боловч ирж чадахгүй байна. Өнгөрсөн зун нэлээд олон нислэг хийсэн боловч, сүүлийн үед тусгай нислэг хийхгүй, товлосон нислэг цуцлагдаж байгаагаас маш олон иргэдийн амь нас, аюулгүй байдал эрсдэлд ороод байна. Ялангуяа БНСУ-д 4000 гаруй иргэд түүнээс 1000 гаруй иргэдийн нөхцөл туйлын хүнд байна. Жирэмсэн, өвчтэй, бага насны хүүхэдтэй гээд хүндэтгэх шалтгаантай маш олон хүн тэнд байгаагаас зарим нь онгоцондоо суухын өмнө нас барсан байна. Монгол Улсад хүний эрх зөрчигдөхийг зүгээр хараад сууж болохгүй” гэлээ.

Өмнө нь гадаадад байгаа, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг яаралтай татан авах асуудлаар төрийн хэд хэдэн байгууллагад санал, хүсэлт хүргүүлж байсан бөгөөд энэ удаад ҮАБЗ-д хандаад байгаа гэдгийг тэрбээр онцоллоо.