В.НЭРГҮЙ

Хүний эрхийн үндэсний комисс гэж хүүхдээ тоодоггүй аав шиг нэг байгууллага байна. Тоосон ч өмөөрч хамгаалах зүрх, сэтгэл зориг дутна. Үнэндээ удирдлагаасаа эхлээд хараат болчихсон өөрийн гэх бодлого шийдвэргүй газар гээд хэлчихвэл нэг их хилсдэхгүй байх. Уг нь энэ байгууллагад ажлын туршлагатай, чадвартай ажилтан олон.

Харамсалтай нь амаа үдүүлчихээд байдаг нь өрөвдөлтэй. Иргэд энэ байгууллагыг өөрсдийгөө хамгаалах үүрэгтэй гэж ойлгодог. Харин яаж хамгаалж байна вэ. Өнөөгийн нийгэм цар тахлын хорионоос гадна маш их дуулиан шуугиантай байна. Хотын төв талбайд хүний амь нас эрсдэж, эрх зөрчигдсөн үйл явдлууд шил шилээ даран гарсаар л байна. 2019 онд НҮБ-ын Тусгай илтгэгч Мишель Форст Монгол Улсад дахин айлчлах үедээ “Монгол Улсад хууль дээдлэх зарчимд ухралт гарч, иргэний нийгмийн орон зай хумигдах хандлагатай байна” гэж хэлж байсан. Энэ нь өнөөдрийг харсан өнцөг байж.

Мөн иргэд Хүний эрхийн комиссын ажлын чиг үүргийг ойлгодоггүй тал ч бас байна. Хүний эрхийн үндэсний комисс гэхээр л хэн нэгнийг өмгөөлж, хамгаалж байдаг байгууллага гэж олон нийт боддог. Гэтэл тухайн байгууллага өөрийн чиг үүрэгтэй. Түүндээ тааруулж үйл ажиллагаагаа явуулдаг. Саяхан цахим ертөнцөд “Хүний эрхийн үндэсний комисс ажлаа хийгээч ээ” гэх постууд, сэтгэгдэл их явсан. Үүний гол шалтгаан нь Төв талбай дээр өөрийгөө шатааж амь насаа алдсан залуу, мөн автобусанд байсан иргэдэд нүд үзүүрлэгдэж хоёр цаг шахам гадаа зогссон Ковидын шинжилгээ нь эерэг гарсан залуу. Хөндлөнгөөс харсан хэн ч дээрх залуусын эрх бүрэн зөрчигдөж байна гэж үзсэн. Үнэндээ өөр харах өнцөг ч байхгүй. Шадар сайд асан, Хүний эрх ёс зүйн төвийн захирал, Хүний эрхийн хуульч Х.Оюунбаатар хэлэхдээ “Би 2002 онд ХЭҮК-ын хуулийн ажлын хэсгийг ахалсан. Уг хуулийг УИХаар хэлэлцэх явцад маш их “мөлийлгөсөн”. Өөрөөр хэлбэл, хүнийг эрүүдэн шүүсэн, эрхийг нь зөрчсөн тохиолдолд таслан зогсоох эрх олгоогүй. Таван гишүүнтэй байхаар байсныг гурван гишүүнтэй болгосон гэх мэт.

Ер нь бол эрх баригчдаас хараат учраас ХЭҮК шийдвэртэй, зоримог ажиллаж чадаагүй. Тийм бололцоо ч байгаагүй. Хүний эрхийн төлөө сэтгэл зүрхээрээ ажилладаг хүнийг томилох ёстой болохоос биш ямар нэг хуульчид шагналаар өгдөг ажил биш. Саяхан ХЭҮК-ын гишүүд шинээр томилогдлоо. Тодорхой чиглэлээр ажиллах л байх. Гэхдээ тогтолцоо нь буруу учраас амжилтад хүрэхгүй. Хэрэв эрхзүйн орчин зөв болчихвол эрүүдэн шүүлт, улс төрийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоож болно” хэмээж байсан. Үүнээс харахад хүнийг хайрлах зориг Хүний эрхийн үндэсний комисст дутуу байна. Уг нь Хүний эрхийн үндэсний комиссыг хүний талд бат зогсдог байлгая гэвэл иргэд сонгодог байх ёстой. Нэг үгээр хэлбэл, ардын баатрууд энэ салбарт ажиллах үүрэгтэй. Монголд хүний эрхийг зөв бэхжүүлэх, иргэний төлөө амь амьдралаа зориулж чадах хүн л хэрэгтэй. Үнэндээ хүнлэг, энэрэнгүй нийгэм байгуулна гэж Үндсэн хуульдаа заачихаад хамгийн харгис нийгэм рүү явж байна. Ялангуяа, улс төрд элдэв алдаатай шийдвэр гаргуулах, өө олж түлхэж унагахыг санаархдаг болж. Энэ бүхнээс харахад хүний эрхийг хамгаална гэдэг цаасан дээрх үгээр л үлдэж байна. Үйлдлээр бол маш бага хамгаалагдаж байна гээд хэлчихвэл нэг их буруудчихгүй байх. Гэхдээ үүний нөгөө талд тус комисс ажлаа хийж чадахгүйдээ эрх нь зөрчигдсөн хүмүүс золионд гараад байна уу гэвэл бас үгүй.

Тус комисс малчин эмэгтэйчүүдийн эрх, тэсрэх дэлбэрэх бодисын хадгалалт, хамгаалалтын асуудлаар чанга дуугарч, далайцтай ажиллаж чадсан. Энэ мэтээр олон иргэний эрхийг хамгаалж чадсан. Уг нь хүний эрхийн асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой. Үүний цаана улс төрийн зөвшилцлийн асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага байна. Түүнээс комиссоо шинэчилж, хэдэн хүн солиод асуудал шийдэгдэхгүй нь гэдэг нь амьдралаас урган гарч ирж байна. Хүний эрхийн үндэсний комиссын референт З.Бадмаараг “Хүний эрхийн үндэсний комиссын таван гишүүнийг шалгаруулахдаа ямар нэгэн нам улс төрөөс хамааралгүй нээлттэй сонгосон. Манай байгууллага хэн нэгэнд харъяалагддаг, ажлаа тайлагнадаг байгууллага биш. Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэсэн байгаа. Мөн бие даасан статустай. Хүний эрхийн үндэсний тогтолцоо гэж байдаг. Энэ тогтолцоонд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газар, Орон нутгийн удирдах байгууллага, Прокурор багтдаг. Тиймээс хүний эрхийн талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар дээрх байгууллагуудаас хариу нэхэх эрхтэй байгууллага бол манайх. Үүнээс гадна Монгол Улсын нэгдэж орсон олон улсын хүний эрхийн гэрээнүүд, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжинд баталгаажуулсан эрх, эрх чөлөөг зөрчсөн байна уу, үгүй юу гэдэг асуудлыг л Хүний эрхийн комисс ярьдаг.

Хүний эрхийн зөрчил, харилцаа хандлагаас үүдэлтэй, цахим орчинд үүссэн хүний эрхийн зөрчил үйлдэгдэж байна уу гэдэг дээр анхаарал хандуулж ажилладаг. Энэ бүхэнд Хүний эрхийн комисс өөрөө хүний зөрчигдсөн эрхийг нь сэргээгээд шүүхийн талаас нөхөн олговор олгуулдаг атлаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл түгээдэггүй. Яагаад гэвэл комиссын гишүүд хүний нууцыг хадгалах үүрэгтэй. Эрх зөрчигдсөн хүн сэтгэл зүйн хувьд ямар байх вэ. Тэр хүний зөрчигдсөн эрхийг хамгаалж байгаа болохоос биш дахин эрхийг нь хөндөж мэдээлэл түгээх ёсгүй. Ерөнхийдөө жилд 600-700 гомдол шийдвэрлэж байна. Энэ бүхнийг нийтэд түгээж болохгүй. Ганц хоёр жишээ аваад мэдээлж болно. Монгол Улсын Хүний эрхийн комисс 11 чиг үүрэгтэй. Үүнд “хуулиараа гомдол мэдээлэл хүлээж авч шийдвэрлэнэ гэсэн байдаг”. Түүнээс биш туслалцаа үзүүлдэг чиг үүрэг байдаггүй. Иргэд ойлгохдоо шууд туслалцаа үзүүлнэ гэж ойлгодог. Гэхдээ бид бодлогын түвшиндээ аль болох зөв талаас нь үүрэг гүйцэтгэдэг” гэж ярьлаа. Үүнээс үзэхэд Төв талбай дээр шатсан хүний асуудал гэмт хэргийн зүйлчлэл дээр эрүү үүсгээд шалгагдаж байгаа болохоор Хүний эрхийн комисст хамааралгүй аж.

Уг нь хүний эрх гэдэг бол ямар нэг асуудалд орохоор л хөндөгддөг зүйл биш. Үнэндээ жаргалтай байгаа хүний эрх зөрчигддөггүй гэж үг бий. Яагаад амиа хорлолт нэмэгдээд байна. Яагаад хүүхдүүд гэр орноосоо дайжаад байна. Энэ бүхний цаана эрх яригдаж байгаа. Хүний эрхийн комисс зарим асуудлыг шийдэж байгаа л биз. Гэхдээ эрх нь зөрчигдсөн иргэний анхны мэдээлэл Хүний эрхийн үндэсний комисст хэрхэн хүрдэг вэ. Ямар шугамаар дамжигдаж очиж байна вэ. Энэ комисст хүрэх иргэний зам хэр дардан бэ гэдгийг бас бодох л хэрэгтэй санагдана. Ардчиллын алтан хараацай, төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг олны анхаарлын төвд байсан учраас ХЭҮК энэ асуудлыг хөндөж ярьж байв. Харин бусад эрх нь зөрчигдсөн хэргүүд ямар замаар хэрхэн өмгөөлүүлж, эрхээ хамгаалуулж байна вэ гэдэг нь анхаарал татаж буй юм.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН