Сүүлийн хэдэн өдөр иргэдийн бухимдал, дургүйцлийг хүргэсэн нэгэн хачирхалтай мэдээлэл цацагдаж эхэлсэн. Эхэндээ энэхүү мэдээг бүгд "ташаа" мэдээлэл гэж андуурсан. Гэвч хотын мээр Э.Бат-Үүл дарга НИТХ-ын тэргүүлэгчдэд аль хэдийнээ танилцуулаад амжжээ. Одоо батлах л үлдээд байгаа аж.

Тэрбээр хотын төвөөр автомшинтай зорчих бол төлбөр төлөх журам гээчийг санаачлан бусаддаа танилцуулжээ.

Хэрвээ энэхүү журам нь батлагдвал автомашинтай иргэд хотын төвөөр зорчих юм бол 40 мянган төгрөг төлнө. Харин ачааны автомашинтангууд 50 мянган төгрөгийг төлж байж эл замаар чөлөөтэй зорчих гэнэ.

"Хотын төв" хэмээсэн замд нь,  Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, Гэсэр сүмээс Сансарын тунелийн уулзвар, Ж.Самбуугийн гудамжнаас Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас урагш Энхтайван өргөн чөлөө орчимд хамаарах зам уулзварууд орох юм.

Э.Бат-Үүл энэ журмынхаа талаар хэлэхдээ "агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулах зорилготой" гэв.

Энэхүү журмыг сонссон иргэд бүгд бухимдалтай байгаагаа дуулгасан. Аргагүй биз дээ, Ардчилсан улс гэсэн уриа, лоозонтой байж ард иргэдийнхээ эрх ашиг, амгалан тайван, чөлөөтэй амьдрах эрхийг боомилж байхад хэн ч монгол улсынхаа газар нутаг дэвсгэр дээр явахдаа "мөнгө" төлөхийг хүсэхгүй. Энэ улсын эзэн нь болж төрсөн байж, эх орныхоо замаар ч алхах эрхгүй болж байгаа нь дэндүү гэмээр өрөвдөлтэй.

Улаанбаатар хотын түгжрэлийг багасгах зүйн хэрэг ч ийн хүний эрхийг боох нь арай л биш шийдвэр. Мөн хотын төвд сургууль, цэцэрлэгтээ явдаг иргэд үр хүүхдээ өөрсдийнхөө унаагаар хүргэж өгөх, авах шаардлага гарч ирнэ энэ хүмүүс яах уу? Хотын дарга аа! Та мэдээж хотын төвөөр зорчих мөнгөө төлөөд яв гэх байх. Даанч манай улсын жирийн амьдралтай иргэд сарын 40 мянгыг төлнө гэдэг чанга даваа.

Хэдүүлээ тоо бодож үзье, суудлын автомашинтай нэг иргэн 1 сарын 40 мянган төгрөгийг төв замаар зорчсныхоо төлөө төлнө ингээд 12 сар энэ замаар зорчих бол 480,000 мянган төгрөгийг төлөх юм. Нэг ёсондоо нэг иргэн нэг сарынхаа цалинг машинаа унаад төв замаар явсныхаа төлөө улсад тушаана гэсэн үг.

Монголчуудын дундаж цалин нэг сарын 400-500 мянган төгрөг. Автомашинтай иргэд хангалттай хэмжээний татвар төлдөг байхад ингэж нуруун дээр нь ачаа нэмэх нь хэр зохистой алхам бол. Жолоочийн хариуцлагын татвар, Авто тээврийн албан татвар, Зам ашигласны татвар, Агаарын бохирдолын татвар зэргийг авдаг нь багадаагүй л байлтай.

Энэхүү төлбөрийн төлөөгүй жолоочийг 07.00-22.00  цагийн хооронд дээрх замуудаар явахыг хориглох аж. Түүнчлэн энэ журам аймаг орон нутгийн  болон хилийн цэргийн, хилийн цэргийн тээврийн хэрэгслийн дугаар бүхий тээврийн хэрэгсэлд ч мөн адил хамаарах юм байна.

Хэрвээ энэ журмыг хэрэгжүүлээд эхэлбэл дугаарын хязгаарлалтыг ч зогсоох боломжтой гэдгээ Э.Бат-Үүл дарга дуулгасан. Журмыг энэ сарын 13-ны өдөр хуралдах НИТХ-аар хэлэлцэнэ. Иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь зөрчихгүй байх гэдэгт найдаж суухаас.

Батлагдчихвал, мөнгөтэй хүмүүс хотын төвөөр давхилдаж, мөнгөгүй нэг нь хотын захад түгжрэх журам болно гэдгийг санах хэрэгтэй. Үүнээс үүдэн түгжрэлийг буруулах биш нэмчихэж мэднэ гэдгийг НИТХ-ын гишүүд бодолцох нь чухал. Эдийн засаг хямарсан энэ үед иргэдийг нийтээр нь бухимдуулж, гадуурхсан журам битгий батлаарай даа, та минь.

Олон улсад эл журам байдаг. Гэхдээ манай улсын хэмжээнд хэр нийцэх вэ? Манай хөрсөнд буухад арай л биш.

Х.Даваа